П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Соёл Урлагийн Их Сургуулийн Эрдэм шинжилгээ, ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга, доктор М.Энхбаатарыг урьж ярилцлаа. Тэрээр энэ оны зургаан сард Унгар улсын Өвтөш Лорандын нэрэмжит ELTE их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимд профессор Бирталан Агнэшийн удирдлагаар “Монгол мал аж ахуйн соёлын уламжлал ба шинэчлэл дэх харилцаа болон хуваарилалтын нэр томьёо” сэдвээр Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан юм.

 

Блиц:

Боловсрол:

-1997-2007 онд Шинэ-Идэр сумын 10 жилийн дунд сургууль;

-2007-2011 онд МУИС-ийн Монгол Хэл Соёлын Сургууль /BA/;

-2011-2013 онд МУИС-ийн Монгол Хэл Соёлын Сургууль /MA/;

-2023 онд СУИС-д Соёл судлалын ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан;

-2025 онд Унгар улсын ELTE их сургуульд Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан;

Ажлын туршлага:

-2011-2012  Богд Хааны Ордон Музейд тайлбарлагч

-2012-2013 онд Богд Хааны Ордон Музейд эрдэм шинжилгээний ажилтан;

-2013-2022 онд ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн Угсаатан судлал, биет бус соёлын өвийн төвд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч;

-2022 оны 10 сар - 2024 оны 5 сар- СУИС-ийн  Соёл урлаг судлалын хүрээлэнгийн ЭНБД;

-2024 оны 5 сар- 2025 оны 3 сар- СУИС-ийн Эрдэм шинжилгээ, ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга;

-2025 оны 4 сар- СУИС-ийн С.Лувсанванданы нэрэмжит Соёл урлаг судлалын хүрээлэнгийн Захирал

-2025 оны 6 сар- СУИС-ийн Эрдэм шинжилгээ, ахисан түвшний хөтөлбөрийн албаны даргаар ажиллаж байна

 

Нүүдэлчид өөрийн гэсэн соёл иргэншил,  харилцаа, хуваарилалтын нарийн дэг, зарчимтай гэдгийг энэхүү судалгаагаар илэрхийлэхийг зорьсон

 

-Монголчууд бүгд малчин удамтай ард түмэн. Ийм атал мал аж ахуйн соёлын ач холбогдол, үнэ цэнийг умартаж, төрийн бодлого, судалгаа шинжилгээний салбарт тусгах нь дутмаг байна. Түүнчлэн бид ихэнх тохиолдолд ардын язгуур урлаг, түүний тайзны хэлбэрийг гол соёл гэж үзэж байсан нь учир дутагдалтай юм.

Би бакалаврын оюутан болоод сур, дээс хийх монгол арга ухааны соёлын талаар судалж эрдэм шинжилгээний хуралд оролцож байлаа. Түүнийгээ гүнзгийрүүлэн монголчуудын уяа зангилаа гэгч зүйл хэрхэн монгол утга соёлын тэмдэг, бэлгэдэл болж байдгийг судалж магистрын зэрэг хамгаалсан. Энэ сэдвээ цааш яргуулаад угсаатны зүйн талаас өргөн хүрээнд судлах болсон л доо. Ийнхүү Баян-Өлгий, Ховд, Сэлэнгээс бусад аймгаар 2013 оноос хойш явуулын болон суурин байдалтай явж, мал аж ахуйн соёлын элемент, түүнийг тойрсон үг хэллэгийг цуглуулсаар ирсэн юм. Наад зах нь, агтавчаас янгиа хүртэл 450 гаруй толгой үг гарч байгаа юм. Агтавчийг яаж хийдэг юм, ямар малд яаж, хэзээ хэрэглэдэг вэ, энд соёлын ямар утга байгаа юм гэхчлэн угсаа хэл шинжлэл болон утга соёлын олон тал, түүний харилцан хамаарал уулзвар дээрээс материалаа цуглуулж судалсаар, 2023 онд монголын бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт соёлын сэдвээр Соёл судлалын докторын зэрэг хамгаалсан юм. Харин ELTE их сургуульд нэр томьёоны талаас нь судалж, Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгааллаа.

Өрнөдийнхөн голчилсон эрдэмтэд, ер нь биднийг сайн мэдэхгүй хүмүүс 1990-ээд оныг хүртэл нүүдлийн соёл иргэншлийг соёл биш, монгол малчид бол хаа хамаагүй тэнэж явдаг зэрлэг бүдүүлгүүд мэтээр бичиж тэмдэглэж ирсэн нь дийлэнх. Харин бидэнд өөрийн гэсэн бие даасан соёлын тогтолцоо, харилцаа, хуваарилалт байна гэдгийг өөрийн судалгаагаар, өөр нэг талаас нь илэрхийлэхийг зорьсон юм. Тухайлбал, бог, бод малын бэлчээр, морины аргамжааны газар зэрэг бэлчээрийн хуваарилалт, малчин хүн байгальтай болоод малтайгаа яаж харилцдаг харилцаа гэх мэт нарийн ширийн зүйлс их бий. Нэр томьёоны тухайд жишээ татвал, малын таргыг бид өнөөдөр махан болон өөхөн тарга гэсэн ерөнхий хоёрхон нэршил дотор л ойлгож байна. Гэтэл чацархайлах, чамархайлах, элэг цайх гэхчлэн тус тусдаа маш олон нэршилтэй байгаа юм. Энэ нэршлүүдийн цаана тус тусын арга ажиллагаа бий. Арга ажиллагааны цаана түүнээс үүдэлтэй соёлын илэрхийлэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэлээр соёл илэрч, тогтож, хязгаарлагдаж байдаг. Нөгөөх хэл бол хүний сэтгэхүйн хязгаар гэсэн ойлголт харагдаж байдаг. 

 

Нийгэм, соёлын хүчин зүйлийн нөлөөгөөр малд хандах хандлага, үзэл ойлголт, уламжлал өөрчлөгдөж байна

-Монгол мал аж ахуйн талаар монгол судлаачид салбар бүрдээ тодорхой хэмжээнд судалсаар ирсэн. Тухайлбал, нэгдэлч малчдын мал маллах арга ажиллагааны тухай судалсан Г.Батнасан тэргүүтэй С.Бадамхатан, Д.Тангад, Ц.Аюуш, Г.Цэрэнханд гэхчлэн судлаачид ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд байсан. Мөн академич М.Төмөржав бэлчээрийн монгол мал, Н.Эрдэнэцогт мал, малчин, бэлчээр гурвын хоорондын харилцаа, О.Шагдарсүрэн монгол малын биологийн давуу чанар, тэсвэр талаас гэхчлэн хөдөө аж ахуй, биологийн талаас судалж байлаа. Малын тоног хэрэгслийн талаар В.Бүнчин, Ч.Сонгино, зан араншин судлал буюу этологийн талаар И.Сүлдсүрэн гуай гэхчлэн судалсан байдаг юм.

Угсаатны зүйн судалгаанд тухайн судлаач өөрийн биеэр оролцсон зүйлээ л ярих хэрэгтэй, тийм л эрхтэй. Жишээлбэл, социалист нийгэм байгуулагдахаас өмнө буюу 1950-аад оноос өмнө ухаан орсон хүн монголчуудын язгуур мал маллах арга ажиллагааны талаар ярих боломжтой. Гэтэл бид энэ төрлийн судалгаа хийх боломжгүй болоод байна. Учир нь хүний нас гэдэг хязгаартай. Хөдөөгүүр явахад энэ бүхнийг ярьж өгөх 80, 90-ээс дээш настай хүн сум бүрд ганц нэгхэн байдаг. Энэхүү язгуур арга ажиллагааны тухай өвөө эмээ, аав ээжээсээ сонссон дам аман мэдээлэл нь эх сурвалж болж болох ч судалгааны итгэл үнэмшил талаасаа эргэлзээтэй юм. Хэдий сайн сонссон байлаа ч тухайн хүн шиг нь 80, 90 хувийн мэдээлэл өгөх боломжгүй.

1950-аад оноос бэлчээрийн төвд байсан өвөлжөөнүүдийг улс мэдэж, айл саахалтыг нэгтгэж, нэгдэл суурь байгуулаад, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нийгэм рүү шахагдсан. Ингэхээр уламжлалт байдал зарим талаар алдагдаж, нөгөөтээгүүр нөлөөнд автсан. Тиймээс магадгүй таван жилийн дараа угсаатны зүйн сонгодог этнографын судалгаа хийнэ гэвэл боломжгүй болно. Харин нийгэм соёлын өөрчлөлт, нөлөөллийн тухайд бол судлах хэзээд боломжтой. Өөрөөр хэлбэл, угсаатан зүйн судалгаа нь цаг хугацаатай уралдаж хийгддэгээрээ чухал ач холбогдолтой юм.

Социализм байгуулаад, нийгэм солигдож техникжихэд хүн, мал хоёрын хоорондын харилцаа, малаа гэсэн хүний хүний энэрэхүйн сэтгэл зарим талд гээгдсэн гэж болно. Түүнчлэн 1990 оноос энэ байдал эрчимтэй өөрчлөгдсөн байна. Тухайлбал, өмнөх үед малчид малын аяыг харж, тарга авхуулж, хадгалж, түүнийгээ “малын буян хишиг” гэж харж байсан бол сүүлийн үед нийгмийн олон хүчин зүйлээс шалтгаалж малаа зөвхөн “мөнгө” гэж харах болсон харагдаж байна. Нөгөө талаар, хүүхэд залуус хот суурин бараадаж, боловсрол эзэмшиж буйн хэрээр мал аж ахуйн хөдөлмөрийн нөөц багасаж байгаа тул “Чи үхэр тэргээрээ нүүсэнгүй” гэхчлэн шүүмжлэх ямар ч боломжгүй. Байгаль цаг уурын өөрчлөлтийг дагаж, цаг хугацаагаа хэмнэх үүднээс бидний ахуй амьдрал өөрчлөгддөг. Ингэхээр нийгэм, соёлын хүчин зүйлээр малд хандах хандлага, үзэл ойлголт, уламжлал өөрчлөгдөж байна. 

Орчин үед ганц салбарын баримтаар нийгэм, хүмүүнлэгийн судалгаа хийж, илтгэл хэлэлцүүлэх нь учир дутагдалтай болж, салбар дундын судалгаа хийх боллоо. Цаашлаад болж өгвөл байгалийн шинжлэх ухааны ололт амжилтыг хослуулах нь илүү давуу талтай гэж болно. Өнөөдөр дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын тухай идэвхтэй ярьж байгаа дунд яалт ч үгүй мал аж ахуйн тухай яриа орж байна. Гэвч, миний бодлоор хамгийн нарийн учир начрыг дарга нар, судлаачид гэхээсээ малчид л хэлдэг гэдгийг ойлгомоор байгаа юм.

 

Эдийн засгийн үр өгөөж бага гээд аливаа зүйлийг хасах, хаях нь монгол хүнийг илэрхийлэх уламжлалт ахуй соёл, түүхийн ойлголтоо гээхэд хүргэдэг

 

-“Мал ингэж боддог, мөрөөддөг юм гэнэ лээ” гэсэн ойлголт монголчуудын дунд бий. Ингэхдээ мал болж үзсэн хүн байхгүй. Харин малын өмнөөс бодож санаж байгаа нь монгол хүний сэтгэлгээний үндсэн суурь гэж би боддог. Монгол хүн амьтай юмыг хүншүүлж, амьгүй юмыг амьдчилж боддог. Энэ сэтгэлгээний үүднээс “малын үг” гэж хэлж болмоор үүр үгс үүссэн байгаа юм. Тодруулбал, “Унах нь унаасай, уруу газар хөтлөөсэй” гэж адуу боддог юм гэнэ лээ. “Долоон даваа давж байхаар далан гүвээ тойроосой” гэж тэмээ боддог юм гэнэ лээ. Энэ хэллэгүүдийн цаана ердийн уналга эдэлгээний малаа зөв зүйтэй ашиглаарай гэсэн санаа байгаа юм. Адуу уруу газар нуруугаа авчих гээд байдаг бол, тэмээ огцом цавчим газар явахад хэцүү байдаг. Тиймээс мал амьтан бол хүнтэй л адилхан гэх бодлын үүднээс энэ хэллэгүүд үүссэн байна. Мөн амьгүй зүйлд ч мөн өөрийн гэсэн оршихуй байгаа гэдэг үүднээс амьдчилан бодож, амьдралын аж төрөх ёсны аман хууль болж журамлагдаад ирсэн байгаа юм.

Судлаачийн хувьд өөрийн мэдсэний хүрээнд харахад, мал аж ахуйн холбогдолтой төрийн бодлого учир дутагдалтай байна. Аливаа журам, хууль тогтоомжид малчдын тухай тусгахдаа тэдгээрийн дуу хоолойг бүрэн илэрхийлдэггүй санагддаг. Малчин гэдэг статусын олон хэлбэр бий болсон, аль нь өв тээж байгаа жинхэнэ малчин юм, аль нь хүнээр маллуулаад төвд суудаг “босс” юм гэдгийг ялгаж, аливаа дүрэм, журмаар зохицуулж харах хэрэгтэй.

Одоогийнх шиг цаг агаарын эрс тэс уур амьсгалтай газар малын ашиг шимээр амь зуулгаа авч явна гэдэг хэцүү болж байна. Гэхдээ үүний онцлог, ач холбогдол, үнэ цэнийг бид ойлгох хэрэгтэй. Төв Азийн тэгш өндөрлөгт орших манай хөрс эмзэг, тариа будаа тарихад үржил шим муу. Тиймээс таван хошуу мал маллаж, ашиг шимийг нь хүртэж өргөн уудам газар нутгаа эзэмшихээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, малчин хүний үндсэн нэг ач холбогдол нь Монгол Улсыг эзэнтэй, тусгаар тогтнолыг бүрэн бүтэн байлгаж байгаад оршино. Тиймээс энэ агуулгыг хүндэлж, ойлгож байх хэрэгтэй. Эдийн засгийн үр өгөөж бага гээд аливаа зүйлийг хасаад, хаяад байх юм бол монгол хүнийг илэрхийлэх уламжлалт ахуй соёл, түүхийн ойлголтоо гээхэд хүргэж байгаа юм. Түүний нэг нь бэлчээрийн мал аж ахуйн соёл юм.

Өмнөд хил болох Говь-Алтай аймгийн Богд сумын Тахийн шар нуруунд нутаглаж байсан Доржийн Ишбат, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Могой бригадад өвөлжиж байгаа Лоолойн Сүхээ гэх мэт малчид Монгол Улсын дархан байдлыг хадгалж байгаа юм. Тэр малчин тэнд байхгүй бол тэр хавь бараг л эзэнгүй болно. Мөн монгол хүнийг монголоор нь байлгадаг сэтгэлгээний асуудал бий.

Орчин үед “Хүүхэд хүмүүжүүлэхэд амьтан их нөлөөтэй юм. Гэртээ нохой, муур тэжээж, хүүхдээ ойр ойрхон амьтны хүрээлэн явуулъя” гэж ярих болсон. Гэтэл бэлчээрийн мал ахуй чинь яг энэ яриад байгаа зүйл юм. Бидний өмнө төлөө голоод, аваад цаашлаад төл нь эндээд, нутаг гүйгээд, бие биеэ хажиглаад, мөргөөд, хайрлаад гэхчлэн малын араншнаас сэтгэл зүйн хүмүүжлийг харж, ойлгож болдог. Тиймээс монгол хүний нинжин сэтгэлгээний суурь нь байгаль дэлхий, мал аж ахуйгаасаа авч буй ойлголтоос эхтэй гэж хардаг. Үүний илэрхийлэл нь дээр дурдсанчлан амьдчилсан үг хэллэг, малаа хайрласан тоног хэрэгслээр илэрч байдаг. Нэг жишээ дурдахад, эмээл их төлөв гурван тохомтой байсан. Адууны хамгийн эмзэг зүйл нь харцага нуруу. Тиймээс харцага нурууг нь холгохгүй, дарахгүй байх үүднээс тийнхүү олон давхар тохомтой байсан бол одоо цаг голчлон ганц тохомтой байх болжээ. Ийнхүү нэгэн зүйлийн өөрчлөлт энэ мэт зүйл дээр гарч байна.

 

Судалгаа хоцорч байна

 

-Монгол хүний заяа өөдөө гэдэг. Удам угсаа цаашид үргэлжилнэ гэдэг. Гэхдээ өнөөгийн бодит байдлыг дүгнэж, цэгнэх хэрэгтэй. Хөдөө нутаг залуусыг торгоож байгаа зүйл дэгсдэж магадгүй ч адуу л байна. Адуугаа тойрч, сэтгэлийн бах таваа хангаж яваа хэсэг залуус бий ч энэ үзэгдэл хэр удаан үргэлжлэх вэ.

Тэд адуугаа уяж, уралдуулахыг зорих ч монгол адуугаар уралдаад айраг түрүү хүртэж байгаа наадам цөөрч, дан цагаан өвсөн уяа хэдийнээ хоцрогдсон. Би энэ тухайд статистикийн судалгаа хийгээгүй. Харин угсаатны зүйн ажиглалтаа ярьж байна. Ингээд ажиглаж байхад хүн гэдэг нийгмийн амьтан. Тэр адуучин залуус өрх гэр тусгаарлаж, хань ижилтэй болно. Боловсрол эзэмшиж ирсэн үеийн бүсгүйчүүд нутаг орондоо буцаж ирэхдээ сумын төвд багшлах, эсвэл засаг захиргаанд ажиллах жишээтэй. Тэдэнтэй гэрлэсэн залуусын мал нь багасаад сумын төв рүү хашаа, байшин болж сүндэрлэсээр хамгийн сүүлд адуу нь цөөрсөөр морин дэл дээр салхи татуулж байсан залуу дээлээ тайлж куртик өмсөөд уурын зуух, эсвэл захиргаанд жижүүр хийх жишээтэй. Хэдэн жилийн дараа харахад сумын наадамд чимэгтэй гурав давчихдаг, унаган адуугаа хүнээс гуйхгүй сургачихдаг байсан эрэмгий залуучууд цөөрч байна. Хэдийгээр өнөөгийн бодит байдал ийм байгаа ч яах ёстой вэ гэдэг нь миний судалгааны хүрээнээс ангид юм.

Бид өөрсдийн үндсэн соёлын ойлголтыг мэдье гэвэл мал аж ахуй, ан ав, түүх, хэл хэллэгийн тухай судлах шаардлагатай билээ. Гэвч энэ нь нөгөөтээгүүр хоцорч байна. Учир нь бидний яриа авах хүн цөөрсөөр байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд 2025 оны наймдугаар сарын сүүлээр Архангай аймгийн Мөрөн сумын Дондогийн тохой хэмээх газраар нутагтай С.Лхагвадондов гуайнд гурав хонож, арав гаруй цагийн яриа авсан юм. Гэтэл намайг явснаас хойш 20 гаруй хоногийн дараахан С.Лхагвадондов гуай бурхан болсон. Энэ тэргүүтэй нэг настай хүн бурхан болоход нүдэнд харагдаж байгаа нэг номын сангаас илүү өв үгүй болж байдаг. Угсаатны зүйн судалгааны сайхан, муухай нь зэрэг оршиж байдаг зөрчил энэ юм. Тиймээс заавал сум орон нутаг гэлтгүй хот сууринд байгаа настай хүмүүсээс өөрийнхөө боломж бололцоогоор угсаатан зүйн судалгаа хийх боломж байна. Заавал тийм, ийм сэдвийн хүрээнд гэхгүй. Тун сайн худлаа ярьдаг хүн байж болно. Энэ нь аман зохиолын уран яруу дүрслэлийн хэлбэр болж байгаа юм. Тухайлбал, чоно гэдэг амьтан цагаан өвс зуугаад, шинийн нэгний өглөө хоорондоо “мину мину” гээд золгож байдаг гэж ярих жишээтэй хүн таарна. Загнаач, хараал хэлдэг хүн байж болно. Энэ бүхнийг тэмдэглээд авсан байхад дэлхий нийт Монгол Улс ингэж өөрчлөгдөж байгаа тохиолдолд дахин давтагдашгүй үнэ цэнтэй зүйл болоод үлдэж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 202 (7699)