“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, Урлаг судлалын ухааны доктор Н.Магсаржавыг урьж, ярилцлаа.

 

Ихэлийн татлага нь Ойрадуудын соёл, сэтгэлгээний илэрхийлэл бөгөөд түүнээс бийг салгах боломжгүй

 


Блиц

Боловсрол:
 
-2024 онд СУИС-д Ихэл, ихэлийн татлагын судалгаа (Ойрадын зарим угсаатны бүлгийн хүрээнд) сэдвээр Урлаг судлалын ухааны доктор;

-2017 онд СУИС-д Урлагийн ухааны магистр;

-2015 онд СУИС-д Хөгжмийн багш, хөгжимчин мэргэжлээр төгссөн. 

Ажлын туршлага:

-2020 оноос International School of Ulaanbaatar (ISU) олон улсын дунд сургуульд Морин хуурын багшаар ажиллаж байна. 

-2018 оноос Соёл урлагийн их сургуулийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. 

-2015-2023 онд Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуульд Морин хуурч концертмейстер багш;

-2012-2015 онд “Шинэ үе” ЕБС-д Морин хуурын багш;


 

- Монгол хэлний журамласан тольд “Ихэл”-ийг хэлбэр дүр морин хуур адил, Баруун Монголчуудын хуур хөгжим хэмээн тэмдэглэсэн байдаг. Ихэлийг морин хуурын өвөг гэж зарим судлаачид үздэг боловч энэ хөгжим хэдий үед үүссэн нь тодорхойгүй байна.

Энэхүү судалгаагаар ихэл, ихэлийн татлагын домог, гарал үүсэл, хийц бүтээц, хөг, ихэл татах арга, татлагын төрөл зүйлийн онцлогийг Ойрадын Баяд, Дөрвөд, Захчин, Урианхай, Хотон угсаатны бүлгийн хүрээнд судалсан.

Ихэлийн гарал үүсэл, төрөл зүйл, хийц бүтээц, уламжлалыг Ойрадын зарим угсаатны бүлгийн домгийн сэтгэлгээний үүднээс авч үзвэл, домгоор дамжин монголчуудын ахуй, аж төрөх ёсны уламжлалд ихэл нь амьдралын салшгүй нэгэн хэсэг болж, уран сайхны соёлд зохих байр суурийг эзэлж ирсэн нь харагддаг. Ихэлийг урласан субъектүүд нь бурхан багш, шуламс төдийгүй эгэл жирийн өнчин хүүхэд, баян айлд зарагддаг ядуу залуугийн дүрүүд олонтоо тохиолдож байна. Мөн ихэлийг Ойрадууд урлаж, өдөр тутмын ахуй амьдралын дунд бий болгон, эртнээс нааш өвлүүлж ирсэн бөгөөд энэ нь Ойрадуудын хэл соёл, зан заншил, эгшиг сэтгэлгээний салшгүй нэг хэсэг болж, хүн–мал–байгалийн харилцан хамаарлын үр дүн хэмээн илэрхийлэгдэх домгийн сэтгэлгээний тусгал болж байна.

Монголчууд морин хуур, уртын дуу гэдэг шиг ихэл, бий хоёр салшгүй холбоотой бөгөөд нэг нь нөгөөгөө нөхөж байдаг. Морин хуур хөгжим XXI зуунд дэлхийн жаврыг үргээж байгаа ч ихэлээр морин хуураар татдаг том хэлбэрийн бүтээлийг тоглох боломжгүй юм. Учир нь ихэлийн татлага нь бийгийн давтамжит хэмнэлд тохирсон аялгуу бол морин хуурын татлага нь илүү өргөн хүрээг хамарсан, баяжуулсан хэлбэр гэж ойлгож болно. Судлаачид, хуурчид хөгийн талаар цахар, ноотны, задгай, солгой, арга, билиг, зөв, урвуу, давхац, хүнд, ихэлийн, ойрад, найрын, монгол, хуур, жонон гэх мэт нэрлэсээр ирсэн ч үндсэндээ морин хуур ч бай, ихэл ч бай дөрөвц, тавц гэсэн хоёр хөгтэй.

 

Орчин цагт бийгийн хувьд хөдөлгөөн, татлагын хувьд аялгуу нь хоорондоо холилдсон байна

 

 -Хүн бүр адилгүй гэдэгтэй адил морин хуурч бүр өөр өөрийн гэсэн хуурдах арга барилтай байдаг. Иймээс хэн гэдэг өвлөн уламжлагчаас татлага заалгасан нь чухал ач холбогдолтой. Тухайлбал, Увс аймгийн Хяргас, Тэс, Малчин, Зүүнговь зэрэг Баядын дөрвөн сум дотроо татлагаа өөр өөрөөр татдаг байх жишээтэй. Миний хувьд тавдугаар ангиасаа Увс аймгийн Хяргас суманд Баярмагнай багшаас Баядын татлагуудыг заалган сурсан. Энэ явцдаа багшаасаа ерөнхий гол аялгуу, уламжлалыг нь алдагдуулахгүйгээр өвлөн авч, өөрийн хэв маягаар баяжуулж сурсан. Гэвч орчин үеийн даяаршил, шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор олон жил хөрш зэргэлдээ амьдарсан өөр өөр угсаатны бүлгүүдийн соёл зарим талаар ижилсэж, нэг нэгнийхээ соёлд уусах, улмаар тухайн угсаатны бүлгийн өөрийн гэсэн өвөрмөц шинж алдагдах эрсдэл үүсэж, бийгийн хөдөлгөөн, татлагын аялгуу хоорондоо холилдох хандлага ажиглагдаж байна.

Баяд бий нь толгой гараа дагаж, хаан суудлаар суун хөлөө хөдөлгөдөггүй бол Дөрвөд бий нь толгой, гарын хөдөлгөөн зөрдөг онцлогтой. Үүний адил Баядын татлага намуухан, тайван хэмнэлтэй байдаг бол Дөрвөдийн татлага эсрэг шинжтэй байна. Үүнээс үзэхэд ихэлийн татлага нь бийгийн хөдөлгөөнтэй нарийн уялдаа холбоотой байхаас гадна угсаатны бүлгийн онцлогийг уламжлуулж байдаг өв юм.

Өвлөн уламжлагчидтай уулзаж ихэл татах арга барилыг нь судлах явцад ихэлийн татлагыг хэв шинжээр нь гурван төрөл, 13 зүйлээр, ихэл татах арга барилыг дөрвөн төрөл 23 зүйлээр ангилан үзэж, эдгээр таван угсаатны бүлэгт байгаа ижил нэртэй гурван татлагыг сонгон авч анализ хийн тухайн угсаатны бүлгийн онцлог, ялгааг тодруулсан юм. Тодруулбал, нумын урыг шулуун, огцом, сугсраа, үсэргээ, холбоо, дарлагыг битүү, гулсаа, чичиргээ, шувтраа, цохилгыг том, жижиг, жиргүүлэх, дан, давхар, далд, угтаа, солбио, залгаа гэх мэтээр төрөлжүүлэн ангилсан болно.

Түүнчлэн ихэлийн хялгас нь морин хуурынхаас эсрэг байрлалтай байдаг тул ихэлдэх, хуурдах арга барилын хувьд хялгасан дээрээс дарж татдагаараа онцлог бөгөөд хурууны дугаар, дарлага, цохилго, нумын ур зэрэг нь бүгд өөр байдаг. Уртын дууг морин хуурч араас нь дагаж татдаг бол сайн ихэлч зарим тохиолдолд бийчнээ хөтөлж явах нь ч бий.

 

Ахуйн онцлогоос хамаарч хотон хүүхдүүд ихэлийн татлага, бий сурах нь хурдан байдаг

Гэрэл зургийг Р.Оюун

-Айлд орсон хүн эхлээд цай амсдагтай адил баядууд “Элхэндэг” бийгээр эхэлж, “Жороо морь” бийгээр дуусгадаг. Энэ мэт эдгээр таван угсаатны бүлэг тус бүр өөр өөрийн гэсэн онцлог, ёс, уламжлал, дэгтэй. Иймээс докторын судалгааны ажлын хүрээнд Увс, Ховд аймгийн 14 сумын 78 өвлөн уламжлагчийг хамруулан хээрийн судалгаа хийсэн. Өмнө нь ихэлийн татлага, бийгийн татлага гэсэн хоёр төрөл байсан бол судалгааны явцад дуут бийгийн аялгуут татлага хэмээх гурав дахь ангиллыг бий болгосон. Ихэлийн татлага нь дан ихэлээр татдаг татлагыг хэлдэг бол бийгийн татлага нь бийгийн хөдөлгөөнд зориулагдсан давтамжит хэмнэлийг илэрхийлнэ. Харин дуут бийгийн аялгуут татлага нь ихэлч, бийч хоёр ихэлээ татаж, дуугаа дуулж, бийгээ бийлэх зэрэг зарчимд тулгуурладаг. Энэхүү судалгаагаар Баяд, Дөрвөд, Захчин, Урианхай, Хотон угсаатны бүлгийн 37 татлагыг ноотолж, судалгааны эргэлтэд оруулсан.

Дэлхий дахинд соёлын даяаршил эрчимтэй явагдаж буй энэ үед тухайн угсаатны соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг олж илрүүлэн, уламжлалт татлага, бийг баримтжуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Судалгаа хийхдээ нэг хүнээс нэг удаа ярилцлага аваад зогсохгүй, боломжтой бол тухайн өвлөн уламжлагчаас дараа жил нь дахин судалгаа авч, давтан баримтжуулах нь чухал юм. Тухайлбал, 2019 онд яригдаагүй зүйл 2020 онд яригдах боломжтой байдаг. Өндөр настай өвлөн уламжлагч таалал төгслөө гэхэд тэдний өвлөн авсан тэр соёлыг баримтжуулж авч үлдээгүй бол тухайн өв эзнээ дагаад устах эрсдэлтэй. Иймээс залуу, настай гэлтгүй өвлөн уламжлагчдыг бүртгэн баримтжуулах шаардлагатай. Мөн залуу үеийг бэлтгэх төсөл, хөтөлбөрийг бодлогоор хэрэгжүүлж, монголчуудын язгуур өв соёлыг хадгалан үлдээх нь чухал байна.

Улаанбаатар хотоос нэгэн чуулгын мэргэжлийн морин хуурчийг Баруун аймаг руу явуулан ихэлийн татлагыг сураад ир гэвэл чадахгүй. Хөдөө орон нутгаас сайн ихэлчийг мөн адил морин хуур сураад ир гэвэл юу л бол. Увс аймгийн хэмжээнд ихэлийн сургалт явуулахад хамгийн хурдан суралцдаг нь хотон хүүхдүүд гэж сонссон. Учир нь хотон хүмүүсийн үг хэл хурц, өндөр уулархаг газар амьдарч, газар тариалан эрхэлж хөдөлмөрлөдөг тул бийгийн хөдөлгөөн, татлагын аялгуу нь ахуй амьдралтайгаа ойр байдагтай холбоотой гэж бодож байна.

Мэргэжлийн сургалтаар ноот болон хөдөлгөөнд баригдаад хайрцаглагдаад ирэхээр өвлөн уламжлагчдад хэцүү байдаг. Тэд гэртээ ихэлээ ихэлээ татах болон тайзан дээр татах хоёр асар зөрүүтэй. Ихэлчдээс судалгаа, ярилцлага авах явцад тухайн үеийн сэтгэл зүйгээс болж нэг татлагыг янз бүрээр татах нь элбэг. Тиймээс аялгууг яг зөв гэж бүрэн ноотлох боломжгүй тул эх сурвалжуудыг харьцуулан үзэж, ерөнхий үндсэн аялгууг нь барьж явах нь зүйтэй.

 

Монголчуудын хуур төрөлт хөгжмүүдийн цогц судалгаа хийж, соёлын дархлаа болсон өв соёлынхоо ондоошлыг хадгалах нь чухал байна

 

-Ихэл нь чавхдаст нумт хөгжмийн төрөлд хамаарах бөгөөд түүнтэй нэг төрөлд хамаарах чавхдаст нумт хөгжмүүд олон бий. Эдгээр хөгжмийн зэмсгүүдийг нэгтгэн судалж, бүртгэн баримтжуулж, онцлог ялгааг гаргасан цогц бүтээл алга байна. Тиймээс “Монголчуудын хуур төрөлт хөгжмийн судалгаа” хийхээр төлөвлөж байна. Аливаа зүйл нэгээс эхэлдэг шиг энэ удаад нэг утаст Буриадын “Суухан хуур”-аас судалгаагаа эхэлнэ гэж бодож байна. Цаашид цэцэрлэгийн насны хүүхдүүдэд уламжлалт хөгжмүүдээ таниулах, нэрлэж сургах, 1-5 ангид үүсэл гарлын тухай мэдүүлж, 6-12 ангид заан сургах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 6 (7748)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn