“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн төслийн мэргэжилтэн Ц.Сувданцэцэгийг урьж ярилцлаа.
-Иргэний нийгмийн байгууллагууд нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, иргэний оролцоог идэвхжүүлж, олон нийтийн дуу хоолойг хүргэдэг хүний эрхийг хангах механизмын нэн чухал хэсэг. Тиймээс Европын холбооны дэмжлэгтэйгээр “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийг Хэвлэл мэдээллийн зөвлөл, Дойче Велле академи хамтран хэрэгжүүлж байна.
Тус төслийн зорилго нь иргэний нийгмийн байгууллагуудын хариуцлагатай, ил тод, бие даасан байдлыг дэмжиж, иргэний нийгмийн үйл ажиллагааны таларх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх замаар сайн засаглал, нийгмийн эв нэгдэлд хувь нэмрээ оруулахад чиглэж байгаа.
“ИНБ-уудын мэдээлэл түгээх харилцааны сувгуудыг бүрэн ашиглахгүй байна”
-Үндсэн гурван зорилтын дагуу 2023-2026 оны аравдугаар сар хүртэл төсөл хэрэгжиж дуусна. Төсөл нийт 15 иргэний нийгмийн болон ТББ хамагдаж байна. Одоогоор бид төслийн хүрээнд олон сургалт, үйл ажиллагаануудыг хийгээд явж байна.
Эдгээрээс дурдвал, МУИС, СУИС, МУБИС, Отгонтэнгэр их сургуулийн сэтгүүлзүйн тэнхимд тодорхой хэмжээний санхүүжилт олгож тус сургуулиуд дээр “Баримт нягтлан шалгах” оюутны клуб нээсэн байгаа. Ингэснээр оюутнууд мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, мэдээллийн суурь боловсролыг олж авах гэх мэт олон давуу тал бий болно.
Мөн залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хакатон” зохион байгуулсан. Хакатонд маань нийт 100 гаруй залуус материалаа ирүүлж, 11 багт хуваагдан өрсөлдсөн байгаа. Хакатонд оролцсон залуучуудаас маш олон шинэлэг, сайн санаанууд гарч байсан. Тухайлбал, төсвийг хэрхэн захиран зарцуулах, залуучуудад энэ талаар яаж ойлгуулбал илүү үр дүнтэй гэх мэт. Мөн төрийн албаны баримт бичгүүдийг хэрхэн залуусд ойлгомжтой байдлаар хүргэх гээд олон санал санаачилгуудыг дэвшүүлснээс гурван баг шалгарч, дэвшүүлсэн санаануудаа ажил хэрэг болгохоор ажиллаж байна.
Түүнчлэн “Хөгжлийн төлөөх хариуцлага: Иргэний нийгмийн санаачилга- ACS” ТББ-уудын хариуцлагатай байдлын зарчимд нийт 18 иргэний нийгмийн байгууллага нэгдэж, нэгдсэн зарчим баталсан нь энэ төслийн чухал үр дүнгүүдийн нэг байлаа.
Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн “ИНБ-уудын эгэх хариуцлага, ил тод байдал, мэдээлэл харилцааны нөхцөл байдлын талаар судалгаа хийсэн. ҮСХ-ны өнгөрөгч онуудын тоон статистик мэдээллээр Монгол Улсад нийт 8000 орчим ИНБ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Бүртгэлтэй ИНБ-уудын тоо хэдий олон ч, тогтмол системтэй үйл ажиллагаа явуулдаг ИНБ нь харьцангуй цөөн. ИНБ-уудын 70 гаруй хувь нь нийслэл хотод, үлдсэн хувь нь орон нутагт бүртгэлтэй байдаг.
Иймд тус судалгаанд байгуулагдсан цагаас хойш тогтвортой үйл ажиллагаа явуулсан огноо нь төрөл бүр байх ИНБ-уудыг оролцуулахыг зорьсон төдийгүй Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй болон орон нутгийн ИНБ-уудыг тэгш тоогоор хамруулсан байгаа.
Судалгааны дүнгээс харахад ИНБ-уудын дийлэнх нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ үйл ажиллагааныхаа ач холбогдлыг олон нийтэд түгээн таниулах, иргэд олон нийтэд ил тод мэдээлэл түгээх нь дутмаг байна. Түүнчлэн, зорилтот бүлэгт байгууллагын үйл ажиллагааны тухай сүүлийн үеийн мэдээллийг хүргэх зорилтот бүлгийг мэдлэгжүүлэх, чадавхжуулах мэдээллийг түгээх төдийхнөөр мэдээлэл харилцааг хэрэглэж байгаа нь чамламаар дүнг харуулж байсан.
Ингэхдээ ихэнх нь буюу судалгаанд оролцсон ИНБ-уудын 95 хувь нь мэдээлэл түгээх сувгуудаас “Фэйсбүүк”-ийг түлхүү ашигладаг гэж хариулсан нь мэдээлэл харилцааны сувгуудыг бүрэн дүүрэн ашиглахгүй байгаа нь харагдана. Харин орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд “Ихэвчлэн утсаар болон биечлэн уулздаг”, “Өөрөө биечлэн болон утсаар мэдээлэл өгдөг” мөн “Орон нутгийн телевизэд ханддаг” зэргээр уламжлалт сувгуудыг түлхүү ашиглаж байна.
Өмнөх судалгааны дүнгүүдтэй харьцуулахад өмнө тулгарч байсан бэрхшээлүүд өнөөдөр ч зарим талаар шийдвэрлэгдээгүй хэвээрээ байгаа нь тус судалгаанаас харагдсан.
Мөн бид өнгөрсөн жил Иргэний нийгмийн өдрийг тохиолдуулан “Өөрчлөлтийн дуу хоолой” иргэний нийгмийн форумыг зохион байгуулсан.
Оролцогчид Монгол Улсын иргэний нийгмийн өнөөгийн байдлыг хэлэлцэж, “Хөгжлийн төлөөх хариуцлага: Иргэний нийгмийн санаачилга” төрийн бус байгууллагуудын хариуцлагатай байдлын зарчмыг хэлэлцэж, санал бодлоо солилцсон.
Мөн энэ жил Иргэний нийгмийн өдрийг тохиолдуулан тус форумыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Дээрх байгууллагуудаас “Хөгжлийн туслалцаа төв” ТББ “Хүртээмжтэй веб сайт” төслийг хэрэгжүүлж, веб сайтуудыг хүртээмжтэй байлгах тал дээр бодлогын түвшинд хүргэх, илүү сайжруулахад чиглэн ажиллаж байгаа.
“Веб сайтын хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал асуудлын нэг болж байна”

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байдлыг бий болгож байгаа гээд л үүд хаалга засварлах зэрэг биет зүйлсийг хийхээс гадна дижитал хүртээмжтэй байдлыг ч бий болгох хэрэгтэй. Бүх зүйл цахимжаад байгаа энэ үед чинь цахим хүртээмжтэй байдал, веб сайтын хүртээмж маш чухал.
Ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагуудын веб сайт хүртээмжтэй байх нь маш чухал. Мөн төрийн байгууллагууд веб сайтын хүртээмжийн асуудалд анхаарах хэрэгтэй.
Мэдээлэл технологийн парк дээр БНСУ-ын санхүүжилтээр 16 орчим компьютертой өөрөө тохижуулсан байсан. Тэр компьютерууд бол хүртээмжийг тэгш хангачихсан гэсэн үг. Тэр өрөөнд бид сургалтаа мөн зохион байгуулсан. Эндээс би хувийн туршлагаасаа харахад хүртээмжтэй байдал гээд том зүйлсийг өөрчлөхөөр хаарх бус жижиг зүйлсийг л өөрчлөхөд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарна гэдгийг олж харсан. Жишээлбэл, хараагүй хүмүүст зориулаад компьютерт нь дэлгэц уншигчтай программ суулгахад л хангалттай. Веб сайтаа хөгжүүлэх явцдаа л хэрэгцээтэй бүх тохиргоо, хэрэгслүүдийг алдалгүй хийчих юм бол хүртээмжтэй байдлыг хангачихна.
Веб сайтын хүртээмжтэй байгаа эсэхийг шалгадаг үнэтэй, үнэгүй хэрэгслүүд байдаг. Тэдгээр хэрэгслүүдээр өөрсдийн веб сайтынхаа хүртээжийг харах, сайжруулах боломжтой.
Мөн Монголын байгаль хамгаалагчдын холбооноос төслийн хүрээнд Байгаль хамгаалагчдын холбооны нэгдсэн мэдээллийн сан гэх аппликейшнийг бүтээж байна. Энэ аппликейшн бий болсноор орон зайнаас үл хамааран хүмүүс хоорондоо энэ чиглэлийн мэдээллээ солилцох боломжтой.
Бид Иргэний нийгмийн байгууллагууд өөрсдийнхөө мэдээ мэдээлэл контентыг хүмүүст хэрхэн сонирхол татахуйц хэлбэрээр хүргэх талаар сургалт хийсэн. Ингэхдээ хэвлэл мэдээллийн багш нар, хэлмэрчдийн холбоо, сонсгол султай иргэдийг оролцуулсан. Эхэндээ сургалтыг эдгээр бүлгүүдтэй хамтад нь хийх тал дээр эргэлзэж байсан. Гэтэл сургалтыын төгсгөлд бүх оролцогч сэтгэл хангалуун байсан. Юу гэхээр энгийн хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар илүү олйгож, энэ хүмүүсийг тусгаарлах бус хамтад нь бүх зүйл оролцуулбал илүү үр дүнтэй юм байна гэдгийг хэлж байсан. Энэ нь нэг талаараа тэгш байдлын асуудал.
“Монгол Улсад бүртгэлтэй 30 орчим мянган ИНБ-аас 10-аад мянга нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг”
-Манай төсөлд хамрагдаж байгаа байгууллагууд Иргэний нийгмийн байгууллагуудын дижитал ур чадварыг бэхжүүлэх, дижитал идэвхтэн, ТББ-ын үйл ажиллагаанд дижитал шийдлүүдийг нэвтрүүлэх зэрэг олон чиглэлээр төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд явж байна.
Мөн 2025 оны сүүийн хагаст ХМЗ-өөс санаачлан иргэний нийгмийн байгууллагуудын цахим талбарт зориулсан мэдээлэл боловсруулах, нийтлэх, хуваалцахдаа баримтлавал зохих 40 нүүр бүхий гарын авлагыг бэлтгэж байгаа. Уг гарын авлага нь найман бүлэгтэй. Цахим орчинд олон нийттэй үр дүнтэй харилцах тухай, цахим харилцааны ёс зүй, хямралын үеийн харилцаа холбоо, хүний эрх, хувийн нууц болон цахим аюулгүй байдлаа хамгаалах нь, хиймэл оюуныг ёс зүйтэйгээр ашиглах нь зэрэг сэдвүүдийг хөндсөн байгаа.
Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах явцад хамгийн тулгамдаж байгаа асуудал нь төсөв санхүү болон хүний нөөцийн хомсдол байсан. Эдгээр байгууллагууд маш цөөхүүлээ олон ажлыг хийж, гүйцэтгэдэг. Судалгаагаар Монгол Улсад 30 мянга гаруй ТББ, иргэний нийгмийн байгууллага бүртгэлтэй байдаг гэж гарсан. Гэвч эдгээрээс 10 орчим мянган нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Мөн энэ хүрээнд төр, ХМБ, ИНБ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэх, сайжруулахад чиглэж ажиллаж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 1 (7743)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn