Ц.МЯГМАРБАЯР
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц,боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа МУИС-ийн Эдийн засаг, математикийн тэнхимийн багш, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, дэд профессор, эдийн засагч Н.Ууганбаатарыг урьж, ярилцлаа.
БЛИЦ:
1997 онд Хужирт сумын ерөнхий боловсролын сургуульд 8-р ангийг,
1997-2000 онд МУИС-ийн харьяа Монгол-Туркын хамтарсан ахлах сургуульд суралцан төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшээд БНТУ-ын Анкара болон Измир хотод Төсвийн Санхүүч мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт суралцан 2005 онд төгсөн,
2006-2008 онд БНАУ-ын Вена хотод Эдийн засгийн ахисан түвшний сургуульд,
2008-2012 онд Шведийн Вант Улсын Стокхольмын Эдийн Засгийн Сургуулийн эдийн засгийн докторын хөтөлбөрт суралцан Математижсан эдийн засаг чиглэлээр эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
2012 оноос 2024 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засаг, Математик загварчлалын тэнхим, Математикийн тэнхим болон Эдийн засгийн тэнхимд багшаар ажиллаж, математик, микро эдийн засгийн чиглэлээр судалгааны ажлууд хийж олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн.
2024 оноос Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр,
2025 оноос Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар мөн Монгол Улсын Их Сургуульд гэрээт Дэд Профессороор тус тус ажиллаж байна.
Халамжит төрийн тогтолцоо хөдөлмөрийн зах зээлийг царцаасан
-Хөгжлийн хамгийн номер нэг асуудал хөдөлмөрийн зах зээл юм. Өрхүүдийн амьжиргаа яагаад ийм муу байна вэ гэвэл хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй байна. Тэгэхээр хүндээ ч байна, тогтолцоондоо байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээл царцсан, хөлдсөн байдалтай байна. Тухайлбал, өнөөдөр танд хэдэн ажлын санал ирж байв. Танд яг одоо бэлэн танилцуулга байна уу. Уг нь хөдөлмөрийн зах зээл амьд хөдөлгөөнд байсан бол хөдөлмөрийн насныханд нэг ажлаас гараад нөгөө ажил руу шилжих шилжилт байх ёстой зүйл.
Шилжилт хөдөлгөөн байснаар ажлын бүтээмж нэмэгдэж улмаар цалин өсөх зүй тогтолтой. Хамгийн том баялаг хүн. Капиталист систем хүний хөдөлмөр дээр тогтдог. Үүгээрээ хүмүүст маш олон ажлын санал ирэх ёстой юм. Ажлын санал, ажлын байрны сонголт их байх тусам хөдөлмөрийн зах зээл, амьд хөдөлгөөнд байна гэсэн үг. Би Монголдоо 15 жил ажиллаж байна. Надад нэг ч ажлын санал ирээгүй.Та бүхэнд ирж байгааг би мэдэхгүй байна. Бараг л үгүй болов уу. Энэ нь хөдөлмөрийн зах зээл нэг газраа гацсан, царцсан байна гэж үзэж буйг илтгэх нэг үзүүлэлт. Үндэсний статистикийн хорооноос дундаж цалинг 2.7 –3.0 сая төгрөг байна гэж мэдээлдэг. Гэвч амьдралд дийлэнх нь 3.0 сая төгрөгийн цалин авахгүй байна. Энэ нь нийгэмд бухимдал үүсгэж цалингаа нэмэгдүүлэх жагсаал цуглаан хийх зэргээр асуудал өрнөдөг. Уул уурхайн салбарт ажиллагсад л илүү бүтээж улмаар өндөр цалин авах боломж байна. Тэгвэл бусад салбарт өндөр цалин авах боломжгүй. Цөөхөн хэдэн хүнд харьцангуй өндөр цалин өгч байгаагаас дундаж цалин өндөр гарч байгаа юм. Тэгэхээр царцсан хөдөлмөрийн зах зээл нь цалингийн тэгш бус байдлыг бий болгож дундаж цалингийн хэмжээ өрхүүдэд очихгүй байгаа нь үүнтэй холбоотой. Түүнчлэн дунд орлогын хавх гэж ойлголт бий. Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг дэлхийн хөгжлийн репортод 2024 онд дунд орлогын хавхны тухай тодорхой бичсэн. Олон орны хувьд нэг хүнд ногдох ДНБ-ээ 10 мянган долларт хүргэх гайгүй байдаг. Яаж, ийж мөлхөж байгаад хүргэчихээд тэндээ гацчихдаг. 10 мянган доллароо даваад нэг хүнд ногдох ДНБ-ээ 20-30 мянган долларт хүргэсэн улс орон тун цөөхөн байдаг. Эдийн засгийн суурь бүтцээ зөв угсарч чадвал 10 мянган долларын босгоо цөм цохиод хөгжөөд явчихдаг. Харин мөлхсөөр байж арай ядан нэг хүнд ногдох ДНБ-ээ 10 мянгад хүргэсэн бол тэндээ гацчихдаг жишиг бий. Монгол Улсын хувьд 10 мянгад арай ч хүрээгүй байна. Гэхдээ бид одоогийнхоо эдийн засгийн бодлогоороо явбал хөгжингүй орон болно гэдэг маш хол харагдаж байгаа байна. Одоогийнхоосоо илүү зоримог шийдвэрүүдийг л гаргах шаардлагатай.
Хөгжлийн төрийн загвар руу шилжих реформ хийх хэрэгтэй

-Бид халамжит төрийн тогтолцооны загварыг угсарсан улс. Харин өнөөдрийн өндөрлөгөөс харахад энэ загвар нь барианаасаа гарч чадалгүй гараа нь дээрээ хий эргэчихсэн нөхцөлд байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Хий эргээд цааш явахааргүй байна гэдэгтээ бүгд санал нийлбэл эдийн засгийн реформ хийх хэрэгтэй болно. Үнэхээр гараан дээрээ гацчихсан байгаа бол энэ загвар манайд тохирохгүй байна аа гэсэн үг. Гэхдээ энэ загвараа зөв угсраад ашиг тусыг нь хүртэж дундаж давхаргаа үүсгэснийхээ дараа нь тогтолцооноос ухрах уу гэдэг бас нэг асуудал. Тэгэхээр бид европын орнуудын халамжийн тогтолцооны загвараар хөгжихгүй юм байна гэвэл оронд нь өөр тохирох хөгжлийн загвараа угсрах хэрэгтэй болно. Саяхан УИХ-аас 124 дүгээр “Чиглэл ”өгөх тухай тогтоол гарсан. Энэ тогтоолоор бол эдийн засгийн реформ хийгдэхээргүй байгаа. Учир нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэмжээнд сайн боловсруулагдаагүй. Уг нь үүнээс давсан бодлогыг боловсруулах хэрэгтэй байсан. Чиглэл өгөөд шийдвэр гаргаад хөдөлгөх гэсэн зориг л УИХ-ын дарга, МАН-ын даргын тухайд байна уу гэж харж байна. Харин одоогийн Ерөнхий сайд төрийн тогтолцооны тухай дүн шинжилгээ хийж, олон талаас нь хараад асуудал төрд ч байна, тогтолцоонд ч байна, хүндээ ч байна гээд таван засаглалын тухай ярьдаг. Өөрөөр хэлбэл, реформ хийхийн тулд ямар төртэй байх вэ гэсэн асуудлыг тав хуваасан байдаг. Барууны хэв шинжтэй модель нь ихэнхдээ гурван засаглалын тухай хэлдэг. Маш сайн хяналт , гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал, шүүx засаглал гэсэн. Үүн дээр Хятадын Сунь Ятсен нэмж хүний нөөцийг төрийн албанд сонгон шалгаруулаx засаглал, төрийн хяналтын засаглал заавал байх ёстой гэж үзэж хоёр элемент оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, орчин үеийн төр засаглалын гуравхан хэлбэртэй байж болохгүй. Учир нь төр, үр ашигтай бөгөөд ард түмнийхээ төлөө ажиллах чадвартай байх ёстой. Чадварлаг төрийг бүрдүүлэхийн төлөө дараагийн элементийг заавал оруулах ёстой гэж үзсэн. Ерөнхийдөө хөгжлийн төр гэдэг загвар нь энэ юм. Манайд үүнийг ярьдаг байсан хүн нь одоогийн ерөнхий сайд өөрөө. Харин түүнд үүнийгээ бодит болгох боломж нь байна. Гэхдээ одоогоор тэгж харагдахгүй байна. Дараагийн УИХ-ыг сонгох сонгууль ойртчихлоо. Үнэхээр зоримог шийдвэр гаргаж чадах болов уу гэдэгт одоогийн байдлаар юм олж харахгүй эргэлзэж байна.
Өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэглээг нөхөхгүй бол том алдагдалд орно
-1980 оны үед Зөвлөлтийн хөгжлийн таван жилийн төлөвлөгөөний дагуу зах хязгаар нутгуудыг эрчим хүчжүүлэх тухай асуудал яригдаж байсан. Үүнтэй уялдаатайгаар Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөний зайлшгүй нэг хэсэг нь ДЦС-ууд баригдсан. Нэг үгээр хэлбэл, манай улсын хөгжлийн оргил үе болох 1980 -аад онд аж үйлдвэрлэл тэр дундаа эрчим хүчний салбарын тухайд бүрэн хараат бус байдалд орж хөгжиж чадаагүй ч бодлогыг чиглэл нь ийм байсан гэдэгт эргэлздэггүй. Гэхдээ л тухайн үеийнхээ аж үйлдвэрлэл, хүн ам дээр нэмээд эрчим хүчний тогтолцоог хийж чадсан. Үүнээс хойш аргалаад, ажиллуулаад өнөөдрийг хүртэл явуулсан нь манайд ирээдүйг харсан элементүүд байгаагүй. Мэдээж тухайн цаг үед эрчим хүчний салбарт шинэчлэл хийх тухай бүгд л хэлж ярьж байсан л байгаа. Харамсалтай нь хэлээд байхад үйлдэл хийж үр дүн гаргаагүй юм бэ, станцаа яагаад шинэчлээгүй юм бэ гэдэг асуудал нь манайд хөгжлийн бодлогоор яваагүй гэдгийг харуулаад байна. Энэ нь юу хэлээд байна вэ гэвэл хөгжлийн бодлого гэдэг зүйл салбарын бодлогоор урагшлахгүй гэдгийг хэлж буй юм. Эрчим хүчний асуудлыг Б.Чойжилсүрэн ганцаараа шийдэхгүй. Өнөөдөр цахилгааны хязгаарлалтад орж хотоороо харанхуй сууж байна гэдэг нь хөгжлийн асуудал хаягдсантай холбоотой. Уг нь энэ хөгжлийн асуудал нь аль хэдийн бодлого болж боловсруулагдаад явчихсан байх ёстой зүйл. Хөгжлийн асуудлыг дан ганц салбарын сайдын хийдэг зүйл биш. Тиймээс сайдыг хэн нэгнээр солиод ч цаашаа явахгүй. Хөгжлийн бодлого, салбарын асуудлаас тусдаа зүйл. Мэдээж өнгөрсөн хугацаанд реформ хийх гэж оролдсон байх. Гэхдээ реформын элементүүд нь дутагдсан байж магадгүй. Үгүй юм аа гэхэд энэ нь хүн ам болон тогтолцоотой холбоотой. Нэмээд хүссэн хүсээгүй эрчим хүчний хэрэглээ технологитой холбоотой өдөр ирэх тусам нэмэгдэнэ. Тэгэхээр эрчим хүчний энэ цоорхойг хөгжлийн реформыг маш богино хугацаанд хийж нөхөхгүй бол цааш улам томорно. Төсвийн алдагдлаас илүү том эрчим хүчний алдагдалд орно.
Халамжит төрийн тогтолцоо ноёлж байгаа цагт хөгжлийн гарцыг хэлэхэд хэцүү
-Бусад баялгийн эдийн засагтай орнуудтай Монголын баялгийн эдийн засгийг харьцуулбал давуу тал багатай. Тухайлбал, Чили улсын хажууд АНУ-ын том аж үйлдвэрийн төв байдаг. Түүнчлэн далайд гарцтай зэрэг нь эдний хувьд маш том давуу тал нь. Манайх нүүрсээ ядаж Солонгос, Япон руу гаргаж чадахгүй байна. Далайд гарцгүй тээвэрлэлтийн зардал өндөр. Тэгэхээр манай эдийн засаг цэвэр уул уурхайн эдийн засаг мөн үү гэвэл биш. Тэгвэл цэвэр баялгийн эдийн засаг уу гэвэл бас биш. Сул тал ихтэй, давуу тал бараг байхгүй учраас тэр. Тэгэхээр бусад оронд байхгүй аж үйлдвэрийн хөгжлийн бодлогыг бид өөрсдөө боловсруулах ёстой болж байгаа юм. Сүүлийн 8-9 жилийн циклд дотор тодорхой хэмжээгээр уул уурхайгаа ашиглаж бусад салбаруудаа хөгжүүлье. Уул уурхайн баялгийн орлогоос өрхүүд рүү хүргэе. Хүргэхийн тулд дахин хуваарилалтын зарчмаар шийдвэрлэе гэх маягаар халамжит төртэйгөө хутгаад авч явах гэж үзсэн. Уг нь уул уурхай, хөгжлийн төр хоёр хоорондоо зохицолдож явах байсан ч тэгсэнгүй. Юу хийх байсан вэ гэвэл, 1970-аад онд Өмнөд Солонгос гаднаас орж ирсэн орлогоо бүгдийг хумьж аваад дараагийн үйлдвэрийн салбар руу хөрөнгө оруулалт хийгээд явсан шиг манайх уул уурхайн баялгаас орж ирсэн орлогоо бусад салбар руу хийгээд явах боломж байсан ч тэгсэнгүй. Баялгийг дахин хуваарилах замаар, баялагтай эзэн байх гэсэн улс төрийн шийдвэрээр явсан. Өөрөөр хэлбэл, баялгийг хөгжлийн төлөө зарцуулсан уу гэвэл үгүй. Нэг үгээр хэлбэл, халамжит төрийн тогтолцоо дээр баялгийн эдийн засгийн тодорхой элементүүд нэмэгдэж хэрэгжсэн гэсэн үг.
Үүнээс гарах гарц нь юу байсан вэ гэвэл, Баялгийн сан. 108 удаа очиж туршлага судалсан хэдий ч хэрэгжүүлж чадаагүй Баялгийн сан. Гэхдээ ахиц гарсан. Олон жил гацсан энэ сангийн тухай хуулийг баталсан. Яагаад гацсан тухайд нарийн, ширийн зүйлийг нь бид л мэдэхгүй байгаа болохоос биш их олон зүйл болсон байдаг юм билээ. Одоогоор сангийн үйл ажиллагаа бүрэн утгаараа сан болж чадаагүй байна. Уг нь тогтолцоогоо нэвтрүүлсэн байсан бол сан дагаад бүрэн утгаараа явчих байсан. Цаашид санг хэн удирдах юм, яаж удирдах юм гэвэл маш тодорхойгүй нөхцөлд байна. Хууль болон дансны хувьд сан. Бусдаараа бол сан болж чадаагүй. Энэ сан хэдийнд сайн ажиллаж чадаж байна вэ гэвэл ялангуяа нефттэй орнуудад. Үүнд газрын ходор элемент, металлын үнэ өсвөл манайд сайн хэрэгжих байх. Тухайлбал, 2025 онд коксжих нүүрсний тухайд мөн алтны үнэ маш сайн байсан. Гэхдээ алт бол нөөц бүрдүүлдэг л металл орлого олдоггүй металл. Алтны тухай шог яриа байдаг. Нэг нүхнээс гараад нөгөө нүхэнд ордог. Энэ юу гэсэн үг вэ эдийн засгийн эргэлтэд ордоггүй. ДНБ-д нөлөө үзүүлдэггүй металл. Баялаг мөн үү мөн. Гэхдээ хадгаламж. Мөн мөнгөний үнийн өсөлт түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Ингээд ерөнхий чиглэлийг харвал манайд боломж байна. Гэхдээ халамжит төрийн тогтолцоо ноёлж байгаа тохиолдолд хөгжлийн гарцыг харахад хэцүү. Тэгэхээр манайх 100 хувь баялгийн эдийн засагтай орон биш.
Бодлогын шийдлээ зөв олж барьж явж чадаагүйгээс л бид өнөөдрийн гацаанд орчихсон
-Бидэнд хөгжих хэрэгцээ бий. Аж үйлдвэрийн хөгжлийн хувьсгалыг 40-50 жилийн өмнө дэлхийн олон улс туулаад хөгжчихсөн. Зам гүүр, үйлдвэр байгуулах гээд л. Гэтэл бид зэс хайлуулах үйлдвэр хэчнээн ч жил ярьж байна. Нефть химийн үйлдвэртэй болох гээд хэдэн жил ч зүдэрч байгаа юм. Бодлогын шийдлээ зөв олж барьж явж чадаагүйгээс л бид өнөөдрийн гацаанд орчихсон. Аж үйлдвэрийн хувьсгал тухайн үедээ маш олон оронд олон том боломжуудыг олгож байсан байгаа юм. Баруун европын улс орнууд аж үйлдвэрийн хувьсгал гарч байх үед буурай хөгжилтэй байсан. Одоо бидний нүдэн дээр мэдээллийн технологийн хувьсгал өрнөж байна. Өдөр тутам шинэ роботууд үүсээд л бүгд агаараар өрнөж байгаа. Манай улс шиг зам дэд бүтэц муутай, харилцаа холбооны хувьд тусгаарлагдсан улсын хувьд аж үйлдвэрийн хувьсгалаас ашиг шим хүртэж чадсангүй. Харин агаараар өрнөж байгаа мэдээллийн технологийн хувьсгал бидэнд цоо шинэ боломж олгож байгааг олж харж ашиглах ёстой. Цаг хугацааны хувьд бид азтай цаг үед байна. Цоо шинэ хувьсгалын гарц боломж бидэнд нээлттэй байна шүү дээ. Энэ боломжийг уул уурхайн түүхий эдтэйгээ ч холбож болохоор байна. Өнгөрсөн жил алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ гэж ярьж байсан. Гэтэл мөнгө алтнаас ч илүү өссөн байгаа юм. Мөнгө өмнө нь эрэлттэй металл байгаагүй. Газрын ховор элементийг дагаад мөнгөний үнэ өсөж байна. Зэс цахилгаан дамжуулдаг хэдий ч мөнгө зэсээс ч илүү цахилгаан дамжуулдаг болох нь нотлогдсон. Нарны зайн хураагуурууд бүгд мөнгө ашигладаг. Шинэ эдийн засгийн хувьсгал бидэнд экспортын хувьд ч цоо шинэ боломжийг бүрдүүлж өгч байна шүү дээ.
Зардал өндөр халамжит төрийн тогтолцоо төсвийн орон зайг хумидаг
-Манай төсөв хуульд заасан маш олон халамжийн зардлуудтай. Өөрөөр хэлбэл, хуулиар заавал тавигдах ёстой гэсэн зардлууд ихтэй гэсэн үг. Бид өнгөрсөн хугацаанд төсвөө таная, зардлаа бууруулъя гэсэн бодлогын шийдвэрүүд гаргасан. Үүнийгээ хэрэгжүүлье гээд явахаар нэг л болж өгөхгүй. Тухайлбал, өнгөрсөн жилийн төсөв таналттай төсөв байсан. Төрийн албан хаагчдад олгодог 36 сарыг хоёр хуваая, тэтгэврийг зөвхөн зургаан хувиар өсгөе, цалинг 2024 онд өсгөсөн учраас энэ ондоо өнжье гэх мэтээр танаж оруулсан. Гэвч төсөв батлах үеэр буцаад задарсан. Энэ нь нөгөө л үндсэн моделио шийдээгүй учраас тэр. Тэгэхээр цаашид үндсэн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр явахгүй. Энэ тогтолцоогоор явна гэвэл төсвийн орон зай хумигдана гэсэн үг. Бид тооцооллыг нь хийгээд төсвийн орон зай хэдэн онд хаагдах вэ гэдгийг гаргаж ирсэн. Үүнийг болж өгвөл зарлачихмаар санагддаг. Хуульд бэхэлсэн байгаа зардлуудыг ажиглавал бүр сонин. Дахиад л нөгөө салбарын бодлогуудтай холбоотой. Зарим салбарынх нь орхигдсон байх жишээтэй. Ялангуяа их ярьж буй нь шүүхийн зардал. Шүүхийн хөрөнгө оруулалт бүрдэхгүй байна. Шүүх өөрөө хараат бусаар төсвөө зарцуулж чадахгүй байна. Төсвийг нь Сангийн яам мэдэж байна гэх мэтээр ярьдаг. Тэгэхээр салбарын бодлого дээр тойргийн бодлого нэмэгдэхээр зарим нэг салбар дундаас нь хаягдсан бололтой. Тэгвэл үүнээс хамгаалахын тулд хуульд өөрчлөлт оруулж төсөвт хуулиар бэхэлсэн. Төсвийн эрх мэдэл яг хэн дээр байна вэ. Эсвэл автоматаар төсөвт оруулж ирэх үү гэдгийг эргэж харах хэрэгтэй. Яагаад өмнө байх ёстой байсан зардлуудыг зав хуваарилж чадаагүй нь тусдаа асуудал. Жишээлбэл, дугаарын хязгаарлалтын журам шиг зүйлийг төсөвт хүчээр оруулчихсан. Уг нь зорилго нь дугаарын хязгаарлалт биш түгжрэлийг бууруулах биз дээ. Гэвч хуулиар заавал үүнд төсөв суулга гээд дугаарын хязгаарлалт шиг болгосон. Гэтэл цаана гол асуудал болсон түгжрэлийг бууруулахад биш дугаарын хязгаарлалт нь өөрөө шинэ дэг жаяг болсон. Үүнтэй төстэй энэ нэг асуудал байсан үүнийг шийдэхийн тулд зохицуулалт оруулж ирсэн. Сүүлдээ зохицуулалтууд нь асуудал болж хувирсан ийм л байна. Үүнийгээ эргэж харахгүй бол төсвийн орон зай үгүй болго. Харах гэж үзсэн. Гэхдээ болохгүй л байна. Үүнд бодлого болон улс төрийн шийдвэр гарах ёстой. Үүнийг зохицуулахгүйгээр цаашаа юу болох вэ гэдэг нь харагдаж байна. Маш сайн ажилладаг Германы тогтолцоо хүртэл үүнийг дааж чадахгүй болж байна. Францыг ажигласан бол бүтэн жилийн турш ерөнхий сайдаа сольсоор байгаад өнгөрсөн. Солиод байгаагийн цаад шалтгаан дандаа төсөв дээр нь асуудал гарсан. Япон мөн адил. Төсвийн зарим зардал төсвийн хуульд бэхлэгдсэн нь ийнхүү орон зайг хумьдгийн тод жишээ.
Инфляц хуримтлалыг үнэ цэнгүй болгодог. Үүний гор НДС дээр илэрч байна
-Инфляц гурван сөрөг үр дагавартай. Нэгдүгээрт, амьжиргааны зардлыг нэмэгдүүлдэг. Ядуучуудад хүнд тусдаг. Хөрөнгө оруулалтыг хаадаг. Тэр утгаараа жижиг дунд салбарыг устгадаг. Гуравдугаарт хуримтлалыг үнэ цэнгүй болгодог. Үүний үр дагаврыг бид одоогоор Нийгмийн даатгалын сан дээр амсаж байна. 1990 оноос өмнө 800 төгрөгийн цалинтай хүн 10 хувийн НДШ төлж байсан. Сар бүр найман төгрөг төлж байсан гэсэн үг. Итгэлцүүрийн тогтолцоотой учраас тэр. Гэтэл 20 дугаар тогтоол гарсантай холбоотой талх нэг төгрөг тавин мөнгө байсан бол болиод гурван төгрөг болсон. Гэтэл найман төгрөг яг хэвээрээ байсан. Ингэснээр инфляц хадгаламжийг ямар ч үнэ цэнгүй болгосон. Одоо НДС ажиллахгүй байгаа шалтгааны суурь нь энэ.
Нөгөөтээгүүр, дээд үеийн тэтгэврийг доод үе буюу одоо үе нь хуримтлуулж явах ёстой эв санааны тогтолцоо нь ажиллахгүй болсон. Нөгөө хөдөлмөрийн зах зээл нь царсантай холбоотой. Доороос нь төлж явах ёстой үе нь багассан. Цөөн төлдөг хэд дээр нь өндөр хуваарь унах болж байна. Сүүлдээ шимтгэлийг 10 хувь байсныг 12.5 болгож нэмж үзлээ. Одоо тэтгэврийн насаа нэмэхээс өөр аргагүй болж байна. Энэ нь улс төрийн хувьд зардал өндөр шийдвэрүүд. Цөөн хэдэн ажиллаж байгаа дээрээ шимтгэлийг нь нэмээд улам ачааг нь нэмээд байвал ажиллах хүч нь улам багасна.
Тэгэхээр энэ тогтолцоо ямар ч үр ашиггүй байна.“Би төлдөг надад их санагддаг. Миний ээж авдаг, ээжид бага санагддаг” хоёр талдаа гомдолтой ийм л тогтолцоогоор явж байна. Үүний цаад суурь шалтгаан нь инфляц байсан. Инфляц юу хийсэн бэ гэвэл хуримтлуулсан байсан НДС-ийн мөнгийг эхний түймэрт идүүлсэн. Бүх төрлийн мөнгөн хадгаламжуудыг үнэгүйдүүлдэг. Дараа нь зөв болгох боломж байсан. Түүнчлэн эрэлттэй холбоотой гурван шалтгаан байна. Бидэнд хэрэгцээ их байна. Гэхдээ бид ухаалаг хэрэглээтэй ард түмэн мөн үү гэдгийг харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, үнэхээр шаардлагатай байгаа эрчим хүчний асуудлуудаа нэгдүгээрт тавьж чадсан уу. Нөгөөтээгүүр, өнгөрсөн хугацаанд бид дандаа эрэлтийг дэмжсээр ирсэн. Гэтэл нийлүүлэлт тал нь ерөөсөө ажиллахгүй. Станцаа ч барьж чадахгүй байж боловсруулах үйлдвэрээ барих тухай яриад ч хэрэггүй. Гангийн болон зэсийн,нефтийн үйлдвэр барих тухай 20 оод жил ярилаа. Нийлүүлэлт талдаа хомсдолтой хэвээр. Өндөр эрэлттэй ард түмэн. Дээрээс нь нийлүүлэлтийн боломж бололцоогүй. Тэгэхээр аж үйлдвэр хөгжүүлье гэвэл дор хаяж гурван шинжлэх ухааныг сайн хөгжүүлэх хэрэгтэй. Манайд сайн математикчид байна. Харин инженерүүд алга. Инженерүүдгүй байж яаж аж үйлдвэрүүдийг хөгжүүлэх билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 16 (7758)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn