Ц.МЯГМАРБАЯР

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Жинхэнэ мөс зүсэгчид, нийгмийн хөгжлийг урагш чирэгчид бол энтерпренерүүд, шинийг санаачилж, сорилтыг даван туулж, амжилтад хүрэгсэд байдаг. Тэгвэл энэ удаагийн зочноор “Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мягмарыг урьж ярилцлаа.

-Дэлхийн хөгжингүй орнуудын чиг хандлагаас аж үйлдвэржилт, түүгээр дамжсан нэмүү өртөг, үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох замаар бие даасан, тогтвортой, бат бөх эдийн засгийг цогцлоон ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлсэн жишээг олныг харж болно. Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилт, хүрэх түвшнүүдээс дурдвал 2030 он гэхэд нэг хүнд ногдох GDP буюу дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 12054 ам.доллар буюу одоогийн түвшнээс хоёр дахин нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 14.6 хувьд хүргэнэ гэж төлөвлөсөн байдаг. Эдгээр зорилтуудыг хангах хамгийн бодитой гарц, гаргалгаа нь үйлдвэрлэл, технологийн парк төслүүдийг хэрэгжүүлэх гэдэг нь урьдчилсан эдийн засгийн тооцооллоор харагдсан. Үүгээр Монгол Улс өнөөдөр Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн стратегиа бүрэн тодорхойлсон гэж болно. Энэ ч үүднээс Нийслэлд нэн даруй хэрэгжүүлэх 24 мега төслийн нэгдүгээрт “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” эрэмбэлэгдсэн. Монголын Улсын хөгжлийн нэг гарц бол салбар бүрийг дагнасан Үйлдвэр технологийн парк байгуулж төр, хувийн хэвшлийн түншлэл бизнесийн хамтын оролцоог хангасан том кластер зайлшгүй чухал юм. Сүүлийн жилүүдэд цаасан дээр гацчихсан Үйлдвэр технологийн паркууд олон байна. Эдгээрийг амь оруулж бодит үйл ажиллагааг эхлүүлж жишиг болгох эхлэл нь “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” -ийн төсөл юм. Ер нь  Монгол Улсын хөгжлийн нэг гарц нь нүүдэлчдийн өв, соёл, үүнийгээ дагасан мал аж ахуйн хөгжил. Хэдийгээр бид алт, зэс, нүүрсээ ухаж хөгжинө гэдэг ч тодорхой хугацааны дараа эдгээр ашигт металлын үнэ, цэн буурна, дуусна. Харин өргөн уудам газар нутагтай, нүүдэлчин өв соёл ихтэй манай орны хувьд мал аж ахуйн салбараа дагнан хөгжүүлбэл дэлхийд манлайлах боломжтой. Үүнийг дагасан бизнесүүдийг Үйлдвэр технологийн паркаар дамжуулан хөгжүүлэх хэрэгтэй. Монгол Улсад өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалтыг бүрэн хийсэн үр дүнгээ өгсөн жишиг болохуйц ҮТП дутагдалтай байна.

 

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” бизнес кластер төв болно

 


Блиц

♦ НИТХ-ын төлөөлөгч, Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн гүйцэтгэх захирал, Удирдахуйн Ухааны доктор/Ph.D/

♦ 2001 онд УБАУК-ийг Сувилахуй зүйч мэргэжлээр төгссөн. 

♦ 2008 онд ХДС-ийг Хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлээр, 2010 онд Эдийн засгийн ухааны Магистрийн зэрэг хамгаалсан. 

♦ 2020 онд УБЭИС-ийг Менежментийн Ухааны доктор/Ph.D/-ын зэрэг хамгаалсан.

♦ КНАГ, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Нийслэлийн засаг даргын тамгын газар зэрэг байгууллагуудад удирдах албан тушаалд 20 гаруй жил ажиллаж байсан.


-Нийслэлд оршин суугчидтай зэрэгцэн бөөгнөрч суурьшсан Арьс ширний үйлдвэрүүд орчмын хөрс болон усны бохирдол түүнчлэн цэвэрлэх байгууламжийн үнэр, Эмээлт орчимд төвлөрсөн малаас гаралтай түүхий эдийн хаягдал зэрэг нь тухайн хорооны иргэдийн аж амьдралд муугаар нөлөөлж буй нь нэн түрүүнд шийдвэрлэх асуудал байсан. Тухайлбал, эдгээрийн нөлөөлөлд өртсөн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдсан. Эмээлт орчинд байрлах мал, түүхий эд авах цэгүүдийн замбараагүй байдал үүнээс шалтгаалсан арьс шир, үс ноос, толгой шийр нь уул овоо шиг хогийн цэг болж өргөжсөн гээд олон асуудлыг цэгцлэх нь нийслэл төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд том түлхэц болж улмаар 21 аймаг 300 гаруй сумын малчдад үр дүнгээ өгөх төсөл учраас эл төслийг Дэлхийн банкнаас хийсэн судалгааг үндэслэн хэрэгжүүлэх хэрэгцээ үүссэн гэж болно. Би өөрөө хөдөөгүүр их явдаг. Ингэхэд малыг олон тоогоор нэг дор төхөөрөхөд арьс шир, толгой шийр, цувдай буюу гэдэс дотрыг авах газар байхгүй хог болж хаягдаж байгааг анзаардаг байсан. Энэ нь хүний биед нэн тустай уураг, желатин, пептид гаргаж авдаг арьс шир, яс, толгой, шийр болон бусад түүхий эдийг  боловсруулж нэмүү өртөг шингээж бүтээгдэхүүн хийх үйлдвэр хомс байгаатай холбоотой байв. Тиймээс мал аж ахуйн чиглэлийн үйлдвэр технологийн парк нэн чухал байгааг дээрх үйл явдлууд харуулж байсан. Өөрөөр хэлбэл, малаас гаралтай түүхий эд болох арьс ширийг боловсруулж нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд гаргах боломжийг бүрдүүлэх дэд бүтцийг төрөөс хийх шаардлагатайг анзаарсан.

2022 оны эхээр намайг энэ ажлыг авахад уг Эмээлтийн паркийн төсөл хаагдах зургаан төслийн нэг нь болж  ямар ч төсөвгүй ажилчдын цалинг тавьж чадахааргүй нөхцөлд байсан. Тэр ондоо цалин болон, урсгал зардлыг төсөвт суулгуулж эмээлтээс урагш байрлах паркийн төслийн талбайд үүссэн 800 гаруй тонн хур хогийг дөрвөн сарын хугацаанд зөөж цэвэрлэхээс эхлүүлээд өнөөдрийг хүртэл төсөл цаашдаа найдвартайгаар үргэлжлүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт эко паркийн газарт нүүлгэх, дэд бүтцийн суурийг тавих хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлж, бүтээн байгуулалтыг гүйцэтгэх тендерийг зарлах зэрэг ажлыг өрнүүлсэн. Ингэснээр 24 м/Вт Дулааны цахилгаан станц, бохир ус цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ТЭЗҮ-ийг бэлэн болгосон.

 

Дэлхийн аж үйлдвэрийн том паркуудын дэд бүтцийг нь улс нь барьж өгсөн байдаг

- Дэд бүтцийг төр шийдэж чадаагүйгээс өнөөдөр олон ҮТП -ийн төсөл гацаж байна.  Одоогоор манай эко аж үйлдвэрийн паркийн эзэмшил газарт 12 аж ахуйн нэгж үйлдвэр барих газраа сонгоод байна. Дэлхийн бусад оронд Үйлдвэрлэл технологийн паркуудын боссон түүх инженерийн дэд бүтэц, бүтээн байгуулалтыг улс нь  хийж өгсөн байдаг. Цахилгаан, дулаан, зам, барилга, тоног төхөөрөмж зэргийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг төр нь хийсэн байх жишээтэй. Манай парк анх зөвхөн цахилгаанд л холбогдсон бусад дэд бүтэц нь хийгдээгүй хоосон тал газар байсан. Тэгвэл өнөөдөр тодорхой ахиц гарч Нийслэлийн удирдлагууд суурь дэд бүтцийг бий болгож хувийн хэвшил болон жижиг дунд бизнес эрхлэгчид бизнесээ хийх таатай боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр нэн түрүүнд сүүлийн 16 жил ярьсан арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргана гэсэн асуудал шийдэгдэхээр болж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд Дэлхийн банкнаас хийсэн гурван том суурь судалгаа том түлхэц болсон.

Уг нь энэ паркийн төсөл 2017 онд эхлэх боломж байсан ч Нийслэлээс  Эмээлт рүү, ХХААХҮЯ нь Дархан руу нүүлгэнэ гэснээс болж гацсан юм билээ. Ингээд 2023 онд  Дэлхийн банк эдийн засгийн тухайд аль байршил нь ашигтай юм гэсэн суурь судалгааг хийж ТЭЗҮ-г боловсруулснаар Эмээлтэд байрлах нь түүхий эдийн нөөц бүрдүүлэлт, ажиллах хүчний нөөцтэй, ашигтай байрлал хэмээн үзсэн. Улмаар судалгааг үндэслэн УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын  хорооны шийдвэрээр Засгийн газар чиглэл өгснөөр эл паркийн үйл ажиллагаа шуудрах замдаа орсон. Одоогоор нийслэлээс олгосон  газрын хэмжээ 539 га газрыг хамарч байгаа. 12 аж ахуйн нэгж үйлдвэр барихаар газраа тохирч, гэрээгээ хийсэн. Үүний 40 орчим хувь нь арьс ширнийхэн үйлдвэрээ нүүлгэж ирэхээр газраа авсан. Мөн мал төхөөрөх чиглэлийн хоёр, сүүний чиглэлийн болон хатуу хог хаягдал дахин  боловсруулах үйлдвэрүүд баригдана. Ер нь газрынхаа 20 орчим хувийг өгөөд байна. Бусад мал төхөөрөх, мах боловсруулах болон ноос, ноолуурын үйлдвэрийн бүсэд газар олголт нээлттэй. Бид дэд бүтцийн ажлыг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрийн барилгатай зэрэг барих зорилт  байна.

 

Турк улсад 17 жижиг үйлдвэр нэгдээд нэг том үйлдвэр байгуулсан

 

-Паркийн менежмент, паркийн засаглал тэр дундаа технологийн паркийн кластерийг хөгжүүлэх төлөвлөгөөгөөр бол аж ахуйн нэгжүүдэд бизнесээ хамгийн таатай орчин, нөхцөлд хийх боломжийг бүрдүүлэх зорилготой. Ялангуяа жижиг үйлдвэрүүдийг нэгтгэх, нийлэх санаачилгыг бид санал болгож эхлүүлж байна. “Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо” ч үүнд нэлээд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд арьс ширний үйлдвэрүүдийн удирдлагууд Итали, Турк, Хятадын Хэбэй мужийн  паркуудыг үзэж танилцан туршлага судалсан. Ингэснээр үйлдвэрлэлээ илүү  төрөлжүүлэх нь ач холбогдол өндөртэйг мэдэрсэн. Өөрөөр хэлбэл үхрийн шир боловсруулах бол түүгээрээ л дагнах. Мөн хонины нэхий боловсруулах бол түүгээрээ л дагнах гэх мэт. Жишээлбэл, Турк улсад 17 жижиг үйлдвэр нэгдээд нэг том үйлдвэр бий болгосон. Ийм жишгээр л паркийн үйл ажиллагааг хөгжүүлэхээр зорьж байна.

Харин манайхан нэгдэж нийлэх тухайд нүүдэлчин сэтгэхгүйгээсээ салахгүй хойрго байдаг. Туркийн нүүлгэн шилжүүлэлт хийсэн парктай хамтарч ажиллах гэрээ хийсэн. Эднийх гэхэд 100 гаруй үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэлтийг хийсэн туршлагатай. Түүнчлэн нүүлгэн шилжүүлэлтийг хийхэд төрөөс нь томоохон бодлогын дэмжлэг үзүүлсэн байх жишээтэй. Эдгээр аж ахуйн нэгжүүд нүүлгэн шилжүүлэлт хийх явцад нэгдсэн юм билээ. Ийм бодлогоор явах нь зөв гэж үзэж байгаа. Мэдээж том үйлдвэрүүд биеэ даагаад явна. Харин эдийн засгийн үр өгөөжөө сайтар тооцон жижгэвтэр үйлдвэрүүд нэгдэж үйлдвэрээ барих нь чухал. Мөн тоног төхөөрөмжөө ч гэсэн нэгдээд авчих жишээтэй.

Ингэснээр хамгийн бага зардлаар хамгийн өндөр ашиг хүртэх тийм зорилттой ажиллаж, улмаар түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, хангалт  тасралтгүй байх боломжтой. Төслийг ингэж кластер хэлбэрээр хөгжүүлснээр  тэдгээр үйлдвэрүүдийн ажилчдын хоол хүнс, ажлын хувцас, зарим нэр төрлийн үйлдвэрийн түүхий эдийг ч үйлдвэрлэн тухайн паркт нийлүүлэх боломжтой жижиг дунд бизнес, хөнгөн үйлдвэрлэл нь дагаад хөгжих орчин, суурь нөхцөл нь үүгээр бүрдэх юм. Өөрөөр хэлбэл тухайн үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн үйл ажиллагааны чиглэлд хамаарах чиглэлээр үйл ажиллагаа явуулах төрийн болон хувийн хэвшлийн бүхий л түвшний хөрөнгө оруулагчдад нээлттэй, зарим нэгэн хууль, эрхзүйн тусгай зохицуулалт бүхий газрыг төслийн хэрэгцээнд зориулж улсын тусгай хэрэгцээнд авсан байх юм.

 

Бид малаа төхөөрөхдөө арьсны бүрэн, бүтэн байдлыг алдагдуулдаг

 

-Монгол Улсад арьс ширний үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд үйлдвэрлэлд оруулах арьс ширний бүрэн, бүтэн байдал хоёр зүйл дээр алдагддаг. Нэгдүгээрт, мал амьд үедээ хачиг хувалздаа идэгдэж, арьс нь цоорчихдог. Хоёрдугаарт, гар аргаар төхөөрснөөс болж арьс гэмтдэг. Өөрөөр хэлбэл, махны төлөө нядалгаа хийдэг учраас арьсыг хутгаар сийчдэг. Ингэснээр арьсыг бүрэн, бүтэн авна гэдэг ойлголт алдагдаг. Ийм арьс үйлдвэрлэлд орсноор хаягдал болдог. Тэгэхээр үйлдвэрийн “халал” аргаар малаа төхөөрөх шаардлагатай болж байна. Нөгөөтээгүүр, малаа гар аргаар төхөөрөхдөө уламжлалт гар аргаар арьс, махыг салгах хэрэгтэй. Ямар нэгэн хутга, мэс хэрэглэхгүйгээр. Түүнчлэн мөшгөх тогтолцоог хэрэгжүүлэх зэрэг олон улсын стандартын дагуу шошгын гарал үүслийг тодорхой болгож QR кодын шинэ тогтолцоог бий болгох шаардлагатай. Харин энэ тогтолцоог Хоршоологчдын холбоонд төвлөрүүлж хийх нь дөт. Энэ ч үүднээс бид хамтарч ажиллаж байна. Ингэснээр  малчид малынхаа арьсыг эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхол аяндаа тогтоно. Саяхан Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг хоршоотой эмэгтэй надтай холбогдоод “... та Эмээлт паркаар дамжуулан арьс авах уу гэж асуугаад та нар үнэхээр үхрийн ширийг жишээлбэл, 25 мянган төгрөгөөр авна гэвэл би малчдыгаа арьсаа  гэмтээхгүйгээр төхөөрүүлээд цуглуулаад өгч чадна” гэх жишээтэй маш олон хоршоологчид холбогддог. Мөн хонины арьсыг ч ялгаагүй бүрэн, бүтэн авах боломжтой. Тэгэхээр түүхий эдийг цуглуулах  механизмыг нь Хоршоо дээр суурилуулж  бүрдүүлж өгөх боломжтой. Энэ нь үйлдвэрлэгчдэд стандартын шаардлага хангасан түүхий эдийг суурилуулах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн Японы адууны кластер үйлдвэр байгуулах төсөл манайд санал тавьсан. Тэд малын амьсгалаас бусад бүх түүхий эд, дотор эрхтэн гээд нэг ч зүйлийг хаялгүйгээр боловсруулах боломжтойг танилцуулсан. Энэ мэт бид паркт суурилсан ногоон  тойрог эдийн засгийг хөгжүүлэх боломжтой.

Манай парк ашиглалтад орсноор жилд 7.2 сая арьс шир боловсруулах хүчин чадалтай. Хоёр жилийн өмнө арьс ширний үйлдвэрүүд нийлээд суурилагдсан хүчний чадлынхаа 45 хувийг ашиглаж боловсруулалт хийж байсан бол одоо бүр 80-90 хувь нь хаягдаж байгаа гэсэн тооцоо байна. Арьс ширний үйлдвэрүүд бүрэн, бүтэн арьс авах тухай хамгийн их ярьдаг. Тэгэхээр малчид, хоршоотойгоо хамтрах юм бол бүх арьс ширээ боловсруулах экспортод гаргах боломжтой. Үүнийгээ дагаад эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэрүүд мөн дагаж хөгжинө гэсэн үг. Энэ ч үүднээс Эмээлт парк ашиглалтад орсноор нийслэлд нойтон үйлдвэрлэл явагдахгүй. Мэдээж түүхий эдээ Эмээлт паркаас авч ажлын байрандаа дээрээ өнгө будагт оруулж эцсийн бүтээгдэхүүн хийж болно. Манай дээр ч эцсийн бүтээгдэхүүнээ хийх боломжтой. Одоогоор манайд байрлаж үйлдвэрлэлээ явуулах сонирхлоо илэрхийлсэн хэд хэдэн үйлдвэрүүд хандсан. Тухайлбал, үхрийн ширээр дагнасан “Булгаар” ХХК Канадуудтай инновац хуваалцан ажиллаж байна.

 

Монгол хүний хөдөлмөрийн үнэ цэн, үнэлгээг нэмэгдүүлэх ёстой

 

-Үйлдвэр технологийн парк байгуулагдсанаар ханган нийлүүлэлтийн болон дагаж хөгжих үйлдвэрлэлийн гэсэн хоёр төрлөөр хөгжинө. Эдгээр үйлдвэрлэл нь Монгол Улсад тасалдаад байсан аж үйлдвэржилтийг дахин үргэлжлүүлэх цучил нь болох юм. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-д эхний үе шатны хөрөнгө оруулалт 500 тэрбум төгрөг шаардлагатай. Үүний 300 орчим тэрбум төгрөгийг Нийслэлийн төсвөөс шийдвэрлэсэн. Хоёр жилийн хугацаанд нэмэлтээр 200 тэрбум төгрөг шаардлагатай. 2028 онд паркийн дэд бүтцийн болон үйлдвэрүүдийн барилгууд баригдаж үйлдвэрлэлээ явуулах эхлэл тавигдана. 5600 орчим шууд ажлын байр шинээр бий болж 1.2 их наяд төгрөгийн орлого олох олон мянган хүний амьдралыг тэтгэх нийгэм-эдийн засгийн өндөр ач холбогдолтой төсөл юм. Паркийн төлөвлөсний дагуу  бүх үйлдвэрлэл цогцоороо ажиллахад 6.7 жилийн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх юм. Ингэхдээ үйлдвэрлэл технологийн паркт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд татварын болон бусад төрлийн дэмжлэгийг одоо байгаа хууль эрх зүйн орчноос илүү сайжруулах шаардлагатай. Нөгөөтээгүүр, манай улс ажиллах хүчний зардлыг өсгөх ёстой. Бид олон мянган ажиллах хүчээ Солонгос, Австрали, АНУ руу алдсанаас болж эргээд зарим салбарт гадаадаас ажиллах хүчээ авч эхэлсэн. Бүх салбарт ажиллах хүчний хомсдол, нөөц дутагдаж байна. Тиймээс Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг өсгөснөөр ажиллах хүчээ дотооддоо тогтооно. Түүнчлэн олон үйлдвэрүүдийг аж үйлдвэрийн парк хэлбэрээр байгуулах хэрэгтэй. Ингэснээр эдийн засаг тэлэх юм. Хамгийн наад зах нь оёдолчдоо нэгтгэмээр байна. Яагаад дэлхийн том брэнд болох Zara гэх зэргийн оёдлыг хийж болохгүй гэж. Орцны хонгилд байрлах тэднийг нэгтгэж оёдлын томоохон үйлдвэр байгуулах хэрэгтэй. Иймээс хөдөлмөрийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд тодорхой шийдвэр гаргаж байж Монгол Улс хөгжинө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 11 (7753)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn