П.АМГАЛАН
Монголчууд оюуны спортын нэг төрөл болох шатраар гаргасан амжилтаараа дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг. Бидний бахархал болсон олон тамирчид бий.Тэгвэл Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээнийг эх орондоо анх удаа зохион байгуулах болсон талаар Монголын шатрын холбооноос мэдээлэл хийлээ.
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 2-ний өдрийн хооронд зохион байгуулна.
Тэмцээнд Ази тивийн 16 орноос 700 орчим өсвөрийн шилдэг шатарчид оролцохоор мэдүүлгээ өгсөн. Тодруулбал, манай улсын 21 аймаг, есөн дүүргээс 500 орчим шатарчид, Энэтхэг, Хятад, ОХУ, Вьетнам, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсаас шилдэг тамирчид оролцох аж. Тэмцээн аравдугаар сарын 25-нд Улаанбаатар зочид буудлын их танхимд 10:00 цагаас эхэлнэ.
Өндөр ач холбогдол, цар хүрээтэй уг тэмцээнийг зохион байгуулах эрхийг Азийн шатрын холбооноос олгодог аж. Манай улсын хувьд 2022 онд Арабын Нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан Азийн шатрын холбооны их хурлын үеэр тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ өгсөн байна.
“Оюуны спортын тамирчдыг дэлхийд таниулах зорилготой”
Тэмцээний талаар Монголын шатрын холбооны олон улс дахь төлөөлөгч их мастер гавьяат тамирчин А.Энхтуул “Тус тэмцээн нь Монгол Улсад шатрын спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй бөгөөд өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх ба тив, дэлхийд Монгол хүүхдийн оюуны цар хүрээг таниулах зорилготой юм. Монголын Шатрын Холбоо нь Ази тивийн шилдэг 10-т багтдаг бөгөөд байр сууриа улам бэхжүүлэх, цаашлаад өргөжүүлэх зорилттойгоор ажиллаж байна.
Монгол улсын болон Монголын шатрын холбооны тив дэлхийд эзлэх байр суурийг бататгах, оюуны спортын тамирчдыг дэлхийд таниулах зорилготой. Үүнийгээ дагаад шатрын спорт үндэсний хэмжээнд хөгжих боломжтой гэж харж байгаа.
Монголын шатрын холбооны зорилго бол айл бүр, хүүхэд бүр шатар тоглодог байгаасай гэж хүсэж, үүнд чиглэж ажиллаж байна. Дэлхийн шатрын холбооноос “Шатрыг сургуулиудад” гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Уг хөтөлбөрийг Монголын шатрын холбоо хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна. Энэ хөтөлбөр хэрэгжиж ерөнхий боловсролын бүх сургуулиудад шатрын хичээл орж эхэлснээр энэ спортыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж харж байгаа” гэлээ.
“Тэмцээнийг эх орондоо зохион байгуулснаар хүүхдүүдэд илүү их боломжийг олгож байна”
Харин Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Эрдэнэ-Очир “Монгол Улсад орчин үеийн шатрын спорт 1930-аад оны үеэс хөгжсөн. 2007 оноос эрчимтэй хөгжиж манай өсвөрийн шатарчид тив дэлхийн тэмцээн амжилттай оролцож байна. Монгол шатар бол дэлхийн нийтэд тоглож байгаа шатраас дүрмийн хувьд ялгаатай. Үндэсний ёс заншил, ахуй амьдралтай холбогдсон нийцэж зохицсон монгол шатраар бид хэдэн мянган жил тоглож ирсэн нь Монгол Улсаас олдсон археологийн олдворууд нотолж байгаа юм. Манай судлаачид Монголоос шатар үүссэн гэдэг баримтыг цуглуулж, судалгааны эргэлтэд оруулаад явж байгаа.
Мөн Монголын шатрын холбооны дэлхийд эзлэх байр суурь өсөж байгаа энэ цаг үед сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсдаа зохион байгуулах гэж байгаа нь их ач холбогдолтой. Хүүхдүүд бусад улс руу тэмцээнд оролцохоор явахад зардал өндөр байдаг. Харин энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулснаар хүүхдүүдэд илүү их боломжийг олгож, туршлага хуримтлуулах ач холбогдолтой.Мөн Монголын шатрын холбоо өнгөрсөн жил шинэ дүрмээ баталсан. Шинэчлэлийн цаг үед энэ тэмцээн давхцаж байгаад талархалтай байна” гэсэн юм.
“Эцсийн мөч хүртэл шантрахгүй бэлдээрэй”
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээнийг охид хөвгүүдийн зургаан насны ангиллаар зохион байгуулах аж. Тодруулбал, 7,9, 11,13 нас хүртэл 15-17 насхүртэл гэсэн ангиллаар зохион байгуулах юм байна.
Тус тэмцээний эхний гурван байрт шалгарсан шатарчид дэлхийн шатрын холбооны мастер хүртэл цол авах боломжтой, зэрэглэл өндөрт тооцогддог аж. Мөн эхний гурван байрт шалгарсан тамирчид ирэх жил болох Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авах юм байна.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Иран улсын олон улсын шүүгч ажиллах бөгөөд нийт 30 орчим шүүгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулахаар болжээ.
Энэ үеэр Казахстан улсаас хүрэлцэн ирсэн олон улсын шүүгч Meteleno Yevgeniy “ Миний хувьд 20 гаруй жил шатрын шүүгчээр ажиллаж байна. 2013 онд дэлхийн шатрын холбооны шүүгч болсон. 2018 онд олон улсын шүүгч болж зэрэглэл ахисан.Монгол Улс спортын олон төрөлд олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулж байсан туршлагатай учраас энэ удаагийн Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн өндөр зохион байгуулалттай болно гэж харж байна.
Тэмцээн стандарт, рапид, блиц гэсэн ангиллаар зохион байгуулна. Рапид гэдэг нь түргэвчилсэн гэсэн үг. 15 минут дээр нэмэх нь 10 секунд байх юм. Харин блиц нь түргэн тоглолт. Энэ нь гурван минут дээр нэмэх нь нүүдэл бүрд хоёр секунд нэмэгдэнэ гэсэн үг. Стандарт гэдэг уртын шатар бөгөөд 90 минут байна. Нүүдэл бүрд 30 секунд нэмэгддэг.
Тэмцээнд оролцохоор зорьж байгаа нийт хүүхдүүддээ хандаж хэлэхэд “Есөн өргийн турш жигд бэлтгэлтэй байх шаардлагатай. Эхний өрөг дээр яаж бэлдсэн түүн шигээ эцсийн мөч хүртэл шантрахгүй бэлдээрэй. Мөн сайн унтаж амрах хэрэгтэй. Бас агаар салхинд гараарай” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 201 (7698)