Э.МИЙГАА
Одоогоос 63 жилийн өмнө 1962 оны аравдугаар 22 буюу энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф. Кеннеди телевиз, радиогоор дамжуулан дэлхий даяар түгшүүр дагуулсан мэдэгдэл хийжээ. Тэрээр Зөвлөлт Холбоот Улс Кубад нууцаар цөмийн пуужингийн суурь барьж байгаа нь тогтоогдсон тухай зарласан юм. Кеннеди олон нийтэд хандан хэлсэн үгэндээ “АНУ Куба руу цөмийн болон дайны зориулалттай зэвсэг зөөвөрлөх бүх хөлөг онгоцны хөдөлгөөнийг далайн хорионд оруулна” гэж мэдэгдэв. Тэрээр ЗХУ-ын удирдагч Никита Хрущёв-т хандан пуужингаа буцаан татахыг шаардаж, эс бөгөөс АНУ шууд цэргийн арга хэмжээ авах болно хэмээн анхааруулсан байна. Энэхүү илрэл нь Хүйтэн дайны хамгийн аюултай мөчүүдийн нэг болж, хүн төрөлхтний түүхэнд “Кубын пуужингийн хямрал” (Cuban Missile Crisis) нэрээр бичигдэн үлдсэн билээ.
1959 онд Кубад Фидель Кастрогийн удирдсан хувьсгал ялж, улс нь социалист замыг сонгосноор АНУ-тай харилцаа огцом муудсан. Энэ үед ЗХУ Кубаг дэмжиж, АНУ-ын өмнөд эрэгт ойрхон стратегийн байр суурь эзэлсэн нь Кастрогийн засгийг хамгаалах нэг хэлбэр байв. Гэвч АНУ-ын тагнуулын U-2 онгоцны хийсэн агаарын зураг ЗХУ Кубад дунд зайн цөмийн пуужингийн хөөргөгч систем байршуулж буйг илрүүлснээр байдал эрс өөрчлөгджээ.
АНУ ба ЗХУ хоёрын харилцаа 13 хоногийн турш цөмийн дайн гарах ирмэгт тулж очсон гэж түүхэнд тэмдэглэгддэг. Дэлхий даяар айдас түгшүүрт автаж, улс орнууд онц байдалд орж байв. Харин аравдугаар сарын 28-нд дипломат яриа, нууц хэлэлцээрийн үр дүнд Хрущёв Зөвлөлтийн пуужинг Кубаас татах, үүний хариуд АНУ Турк дэх пуужингаа устгах мөн Кубад халдахгүй байх баталгаа өгөхөөр тохиролцжээ.
Энэхүү хямралын дараа Вашингтон ба Москва хоёр шууд холбооны шугам нээж, гэнэтийн үл ойлголцлоос урьдчилан сэргийлэх системтэй болсон.
Дэлхийн гүрнүүд цөмийн зэвсгийн хяналтын гэрээг идэвхтэй хэлэлцэж, цөмийн дайн бол хүн төрөлхтний сүйрэл болохыг гүн гүнзгий ухамсарласан юм.
Кубын пуужингийн хямрал нь зэвсгийн хүч бус, дипломат ухаалаг шийдвэр л дэлхийд энхийг авчирдаг гэдгийг тод харуулсан. Улс төрийн маргаанд сэтгэл хөдлөл бус бодит мэдээлэл, яриа хэлэлцээ чухал болохыг энэ түүх сануулж байна.
Эх сурвалж: zms.mn