Ч.БЯМБАХАЖИД
Гэрэл зургийг Р.Оюун
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам болон иргэдийн төлөөлөл УИХ-ыг тараах зорилгоор иргэдийн гарын үсэг цуглуулах санал авах тухай мэдээлэл хийлээ. Энэ талаар Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх “УИХ-ыг тараах иргэдийн гарын үсгийг орон даяар цуглуулах ажлыг бид аравдугаар сарын 20-нд эхлүүлсэн. Энэ үйл ажиллагааг 21 аймаг, есөн дүүрэг, 330 суманд хэрэгжнэ. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн язгуур эрх ашиг ноцтой зөрчигдөж, УИХ-ын гишүүдэд итгэх ард түмний итгэл алдарсан гэж үзэж байгаа. Иймд УИХ-ыг тараах үйл ажиллагааг орон даяар зохион байгуулахыг Улс төрийн намын тухай хуульд тусгагдсан Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцох эрхийнхээ хүрээнд улс эх орныхоо болон иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс энэ ажлыг эхлүүлэхээс өөр гарцгүй болсон. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлж, нийгэм эдийн засгийг сэргээн хөгжүүлэх, хүний эрхийг дээдэлсэн шударга нийгмийг бий болгохын тулд иргэдийг бидэнтэй хамтарч УИХ-ыг тараахыг дэмжсэн гарын үсэг зурах үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв. Мөн иргэн Б.Мөнхсайхан “УИХ-ын танхимд эрүүгийн гэмт хэрэг яриад сууж байх нь гажуудал. Нийт иргэдийн эрх ашгийг хамгаалах байтал, өөрийн хамаарал бүхий хүмүүстээ давуу эрх олгоод сууж байгаа тул УИХ-ыг тараах хэрэгтэй гэж үзэж байгаа. Шаардлагатай бол сонсгол зохион байгуулъя. Төр нь Үндсэн хуульд зааснаар иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахгүй байна. Иргэд нь гүрийтлээ татвар төлөөд байдаг ч цалин амьдралд нь хүрэлцэхгүй байна. Залуучууд аппликейшний зээл хооронд л амьдарч байгаа. Сүүлийн 35 жилийн хугацаанд төр иргэдийнхээ төлөө ажилласангүй. Монголын ард түмэн эрхээ эдэлж, сонгосон бол буулгаж чаддаг гэдгээ харуулъя”гэсэн юм. Үргэлжүүлэн Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын гишүүн Ц.Энхтуяа “УИХ-ыг тараах үндэслэл бүрдсэн гэж үзэж байгаа юм. Үндсэн хуульд УИХ тарах ганцхан зүйл заалт бий. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа бол УИХ-ын гуравны нэг нь өөрсдийн саналыг гаргаж болно. 35 жилийг эргээд харъя. Энэ хугацаанд үндэсний эрх ашгийг зөрчсөн үйл ажиллагааг УИХ хийлээ. Төр засгийн бүх эрх мэдэл ард түмэнд байна гэж Үндсэн хуульд заасан. Тиймээс тайван замаар иргэд эсэргүүцлээ илэрхийлж, үндэсний эрх ашгаасаа урвасан УИХ-ыг тараахад саналаа нэгтгэе. Монголын ард түмэн эвлэлдэн нэгдэж, бурангуй энэ УИХ-ыг тарааж чадна. УИХ-ыг тараая гэдэг саналыг Төв талбай, ААН-үүд, зах худалдааны төвөөр явуулна. Та бүхэн гарын үсгээ зураарай гэж уриалж байна. Өдөр бүр морин цагаас 19 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайд санал авна. Гарын үсгээ зурж, нэгдэцгээе" гэлээ.
Эх сурвалж: zms.mn