А.Эрхэмбилэг

“Эв нэгдлийн хөдөлгөөн зохицуулах зөвлөл”-өөс улс төрийн намууд болон УИХ-д хандан “Намгүй төрийн тогтолцоонд шилжье” гэсэн уриалгыг гаргаж байгаа талаараа “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

 “Эв нэгдлийн хөдөлгөөний зохицуулах зөвлөлийн тэргүүлэгчдийг төлөөлж О.Лхагвасүрэн  “Өнөөгийн улс төрийн тогтолцоо ард иргэдийн эв нэгдлийг сарниулж, төрийн бодлогод иргэдийн оролцоо хангалтгүй байгаа нь нийгмийн гүнзгий асуудал болж байна” гэж мэдэгдэв.

Хөдөлгөөнөөс “Эх орон эв нэгдлээс эхэлдэг. Эрхэм ёс, элбэрэл хайр, ураг удам, улс орон, элгэн садан  эдгээр үнэт зүйлсийг эрхэмлэж, намын бус нэгдэл, нийт ард түмний оролцоонд тулгуурласан шинэ төрийн тогтолцоо бий болгох цаг ирлээ” гэж онцоллоо. Тэдний хэлснээр олон намын систем нь нийгмийн хуваагдал, талцалыг гүнзгийрүүлж, төрийн шийдвэр гаргах үйл явцыг иргэдийн дуу хоолойноос холдуулсан. Бидний зорилго бол эв нэгдэлд тулгуурласан, шударга, ил тод төрийн тогтолцоог байгуулах. Нийтээрээ төрийн тогтолцоонд итгэх итгэлгүй болсноор хүмүүс бие биедээ итгэх итгэл алдрах үүнээс үүдэн өнөө цагийн аймшигт хэргүүд ч болоод байж болзошгүй гэж үзээд байгаа аж.

Мөн “Төрийн бодлого нь аль нэг намын ашиг сонирхлоос ангид байх ёстой. Иргэдийн санаа бодол, оролцоо, үнэт зүйлд тулгуурласан нэгдсэн төрийн тогтолцоо бол Монгол Улсын ирээдүйд зайлшгүй хэрэгтэй шинэ зам” хэмээн мэдэгдэлдээ дурдсан юм.

Эх сурвалж:www.polit.mn