“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Гэсэлт, хөлдөлтийн үеэр задрах боломжгүй хүнд даацын ачаа тээвэрлэлтийг түр хугацаагаар хязгаарлах” асуудалтай холбоотой 20 экспертийн байр суурийг хүргэж байна.
Хүнд даацын тээвэрлэлт үргэлжилсээр, зам эвдэрдэг хэвээр байна
“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Зам барилгын техник технологийн хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Ёндонжамц:
“Гэсэлт, хөлдөлтийн үеэр задрах боломжгүй хүнд даацын ачаа тээвэрлэлтийг түр хугацаагаар хязгаарлах” нь олон улсын жишигт ч байдаг. Хөрсний дээд үе нь хөлдсөн үед хатуу төлөвт даац сайтай гэсэх үед усны агууламж ихэсч, хөрсний нягтрал буурдагаас даац эрс сулардаг. Энэ үед хүнд даацын машин явахад хучилтанд илүү том нөлөө үзүүлж суулт, хагарал, эвдрэл, хэв гажилт үүсдэг. Энэ үеэр хүнд даацын хөдөлгөөнийг хязгаарласнаар замын бүтцийн эвдрэлийг түр даван туулах боломж олгодог. Ингэснээр замын ашиглалтын хугацаа 1.5–2 дахин уртасдаг гэсэн судалгаанууд (Канад, Финланд, ОХУ, АНУ-ын хүйтэн бүсийн туршлага) байдаг. Хязгаарлалт нь ихэнхдээ хуулиар тогтоогдсон ч хяналт сул жингийн хяналтын постууд идэвхгүй, хянах төхөөрөмж хангалтгүй байдаг. Зарим орон нутгийн замд бүрэн хаалт хийх боломжгүй, учир нь ачаа тээврийн эдийн засгийн урсгал зогсдог. Үүний улмаас зарим хүнд даацын тээвэрлэлт үргэлжилсээр, зам эвдэрдэг хэвээр байна.“Ачаа тээврийг жин тонны хязгаарлалтгүй болгож олон улсын түвшинд ачаа даах авто замын сүлжээг бий болгох” гэдэг нь зөвхөн зам барих технологи биш, техник, зохион байгуулалт, хяналт, санхүүжилт, хүний нөөц зэрэг олон талын шинэчлэл шаарддаг үйл явц юм. Иймд инженерийн шийдэл буюу замын бүтцийг “өндөр даацтай” болгох шаардлагатай ба бодит тээвэр, дулааны үе, хүйтний нөхцөл, газар нутгийн бүсчлэлд тохируулан жин тонн нэмэгдсэн үед ашиглагдах хугацааг тооцох нь орчин үеийн сайн практик болох юм. Хөрсний ус, гэсэлт хөлдөлтийн асуудлыг системтэй шийдэх үндсэн дренаж болон капилляр усыг тогтоох технологи шийдлүүд хэрэгтэй. Жингийн хяналт, мөн хуулийн шинэчлэл, хэтэрсэн жин тонны ачааллыг илрүүлэх, тээврийн маршруттай нэгдсэн удирдах системтэй болох замын менежмент шаардлагатай. Орчны нөхцөлд тохирсон материалыг бататгах лаборатори, стандартчилал сайжруулах (MNS-тай нийцүүлэх, олон улсын стандартуудтай уялдуулах). Ачаа тээвэр шилжүүлэх стратеги хэрэгтэй ба төмөр зам, далайн тээвэр, агаарын гэсэн бусад логистик хэрэгслийг илүү үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлж, том ачааг төмөр зам руу шилжүүлэх ч юм уу авто зам дээр ирэх ачааллыг бууруулах, үндсэн коридоруудыг өндөр даацын стандарт руу шилжүүлэх болон төмөр замын тээврийг өргөжүүлэн авто зам дээрх ачааллыг удаан хугацаанд бууруулах шаардлагатай гэж үзэж байна.
Авто зам бол улс орны эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй дэд бүтэц
“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Авто зам ашиглалтын хэлтсийн хөдөлгөөнт эргүүл Г.ЭНХТӨР:
-Авто зам бол улс орны эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын чанарт чухал нөлөөтэй дэд бүтэц юм. Гэвч хэт их жинтэй, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг байнга явуулах нь замын бүтцийг богино хугацаанд эвдрэлд оруулж, засвар үйлчилгээний зардлыг нэмэгдүүлдэг. Үүнийг бууруулах зорилгоор тодорхой үе шатанд, тухайлбал хаврын гэсэлтийн болон намрын хөдөлгөөний үед, замын даац хэтрэхээс сэргийлж ийм төрлийн тээврийг түр хугацаагаар хязгаарладаг. Энэ хязгаарлалт бодитоор замын насжилтыг хамгаалж чаддаг. Учир нь гэсэлтийн үед авто замын суурь, бүтцийн бат бөх чанар сулран, эвдрэл үүсэх эрсдэл хамгийн өндөр байдаг. Хэрэв энэ үед хүнд даацын машин зорчвол замын хучилт хагарах, нүх үүсэх, суулт өгөх зэрэг гэмтэл гарч, цаашдын засварын зардал ихсэх аюултай. Тиймээс ийм хязгаарлалт нь замын ашиглалтын хугацааг уртасгах, улсын төсөвт дарамт үүсгэхгүй байх чухал арга хэмжээ юм. Цаашдаа Монгол Улс орчин үеийн зам барилгын технологи, чанартай материал ашиглаж, жин хянах ухаалаг систем нэвтрүүлэх замаар замын хамгаалалтыг илүү үр дүнтэй болгох боломжтой. Ингэснээр зөвхөн түр зуурын хязгаарлалт биш, харин урт хугацаанд тогтвортой, олон улсын түвшинд нийцсэн авто замын сүлжээтэй болох нөхцөл бүрдэх юм. Тиймээс цаашид хүнд даацын автомашинд тохирсон далайцтай авто замын бүтэц гүн зузаан суурь, чанартай хашлага шаардлагатай тохиолдолд цемент/цутгамалтай суббейстэй болох хэрэгтэй. Энэ нь илүү хүнд ачаатай тээврийг тэсвэрлэнэ. Мөн өндөр үзүүлэлттэй битум, полимер-модернизац (HiMA, PMB зэрэг) үрэлт, гулзайлтаас хамгаалж замын ашиглалтын хугацааг уртасгана. Зарим улсад ийм материал хэрэглэснээр зузаан нь багасгаж зардлыг хэмнэсэн байдаг. Гүүрэн байгууламжийн дахин тооцоо ба шинэ стандартыг баталж, суурь болон тулгуурыг Европын (Eurocode) орчин үеийн стандартын дагуу шинэчлэх шаардлагатай.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 195 (7692)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.