Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор  нийслэлийн Сүхбаатар дүүргийн 40-р цэцэрлэгийн бага бүлгийн багш Б.Мөнгөнцэцэгийг урьж, ярилцлаа.

 

-Цэцэрлэгийн багш мэргэжлийг хэрхэн эзэмших болсон талаар ярилцлагаа эхлүүлье?

-Би боловсролын байгууллагад арав дахь жилдээ ажиллаж байна.  Анх охиноо нэгдүгээр ангид ороход нь сургуульд хүргэж өгч, авахаар ажлаасаа гарсан.  Яваандаа охиныхоо сургуулийн ойролцоо байдаг цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байлаа. Тэр үед цэцэрлэгийн багш мэргэжил үнэхээр их таалагдсан. Хүүхдийн хайр цацруулсан эерэг энерги намайг цэцэрлэгийн багш мэргэжил эзэмших зорилгод хамгийн их нөлөөлсөн дөө. Би хүмүүст “Цэцэрлэгт очоод хайр дүүрэн энергиэр өөрийгөө цэнэглээрэй” гэж хэлэх дуртай.

Тэгээд үргэлжлүүлэн сурч бүлгийн багш болж, магистраа ч  хамгаалсан. Өнгөрсөн жил анхны хоёр настнуудаа төгсгөсөн. Энэ намар хоёр дахь ангиа аваад, туслах багштайгаа хамт ажиллаж байна.

-Энэ жил дараагийн хоёр настнуудаа хүлээж авсан гэлээ. Танай анги хэдэн хүүхэдтэй вэ?

-Өнгөрсөн жил анхны хоёр настай хүлээж авч байсан алтан шавь нараа төгсгөсөн. Хүүхдүүддээ төгсөхөд нь уйлсан даа. Их дассан байсан. Тэд маань өглөө, орой болгон  багшдаа захиа өгнө. Захиа дээрээ “Багшдаа хайртай” гээд биччихсэн байдаг нь их хөөрхөн. Хүүхдүүд маань есдүгээр сарын 1-нд сургуулиа тарчхаад л “Багш аа” гээд гүйгээд ирсэн  нь  их гоё мэдрэмж, догдлол байсан даа.

Энэ жил ч гэсэн хоёр настнуудаа хүлээж авах мэдрэмж маш сайхан байсан. Манай анги одоо 21  хүүхэдтэй. 11 хүү, арван охинтой.  Дөнгөж сар болж байгаа гэхэд ангийнхан маань аль хэдийнээ  багш нартаа, ангийнхандаа дасчихсан. Өнгө ялгаж тоглож хүртэл сурч байна.

Мэдээж хоёр дахь анги учраас өмнөхөөсөө илүү туршлагатай болсон байна. Ер нь багш хүн судлаач байдаг. Алхам тутамдаа суралцаж, судалж байдаг. Хүүхдүүдээсээ хүртэл суралцаж байдаг даа.

-Хоёр настнуудын гэгээн ертөнц их гайхалтай байх?

- Тэгэлгүй яахав. Хүүхэд бүр л  өөрийн гэсэн дахин давтагдашгүй шидэт ертөнцтэй. Гомдоно, баярлана, аргадуулна, багшийгаа аргадна гээд.

Сууж байхад гэнэт ирээд л үнсчхээд яваад өгнө. Бүх зүйлийг байгаагаар нь хүлээж авна. Тийм болохоор  хиргүй тунгалаг цаас шиг тийм гоё цагаахан сэтгэл дээр нь ямар нэгэн толбо суулгахгүйн төлөө л ажилладаг даа.  Хүүхдүүдийн маань хувьд цэцэрлэгийн бүх хүн багш. Тогооч багш аа, жижүүр багшаа, дарга багшаа  баяртай  гэдэг. Заримдаа хоёр багшийгаа ээж ээ, аниа, эмээ гэнэ.

Жил ирэх тусам л хүүхдүүд маань маш олон зүйлийг сурч, мэддэг.  Том болох тусмаа биеэ даадаг.  Нэгнийгээ хайрлана,  хүндэлнэ.

Өнгөрсөн жил манай ангид хоёр аутизмтай хүүхэд суралцдаг байсан. Тэр үед  хүүхдүүд маань “Багш аа би хоолыг нь халбагадаад өгөх үү, ангиас гарах гэж байна би туслах уу” гээд  бие биенээ хайрлаж тусалдаг.

Мөн манай эцэг эхчүүд хүүхдүүдээ сайн дэмждэг.  Эцэг эх, багш хүүхэд хамт байж л хүүхэд маань хөгжинө гэсэн үг.

-Таны нэг өдөр хэрхэн өрнөдөг вэ?

-Өглөө 07:00 цаг гэхэд ажил дээрээ ирсэн байдаг. Тэгээд л  хүүхдүүдээ хүлээж авна. Хүүхдүүддээ содатай усаар амыг нь зайлуулж, гарыг нь угаалгаад л  туслах багш бид хоёрын өглөө эхэлдэг дээ. Ер нь бол байнга л завгүй байдаг. Хоёр настай жоохон хүүхдүүд учраас хараа салгаж болохгүй шүү дээ. Орой 18:00 цагт хамгийн сүүлийн хүүхэд тарлаа гэхэд  19:00, 20:00 цаг хүртэл бол ажил дээр байдаг.

-Багш бүрийн ажлын арга барил ялгаатай. Таны хувьд ямар арга барилаар хүүхдүүдээ сурч, хөгжихөд анхаарч, ажилладаг вэ?

-Хүүхэд төлөвшлийнхөө 75-80 хувийг цэцэрлэгт суралцах хугацаандаа эзэмшдэг гэж үздэг. Тиймээс бидний мэргэжил бол хүүхдийн хөгжлийн үеийн маш чухал цаг хугацаатай салшгүй холбоотой. Өдөр бүр багахан хугацаанд  бясалгал хийлгэдэг.

Мөн сүүлийн үед хүүхдийн хэл ярианы хоцрогдол их байгаа. Энэ нь эцэг эхчүүд хүүхдэдээ үлгэр ярьж өгөхөө больсон, дэлгэцийн хамаарал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тийм учраас хүүхдийн хэл, яриаг хөгжүүлэх тал дээр илүү анхаарч ажилладаг. Хүүхдийн хэл яриаг төлөвшсөн байхад хаана ч өөрийгөө  илэрхийлж чадна шүү дээ.

Мөн хүүхдүүдээ харихад үлгэрийн ном өгч явуулдаг. Бас эцэг, эхчүүддээ хүүхэддээ үлгэр ярьж өгөх болон өдөр ангид нь юу болсон талаар ярилцахыг зөвлөдөг. Энэ нь хүүхдийн хөгжилд маш эерэгээр нөлөөлдөг.

 Ангид хөдөлмөр эрүүл мэнд, хөгжим, нийгэмшихүй, байгаль нийгмийн орчин, зургийн хичээл зэрэг сургалтын чиглэлийн дагуу хичээл ордог.

 -Хүүхдүүдийн дуртай хичээлийн нэг нь дүрслэх урлаг байдаг.  Зургийн хичээлээ ямар арга барилаар ордог вэ?

-Хүүхдүүддээ чөлөөтэй сэтгэх боломжийг олгодог. Бас зураг зуруулна. Том ватум цаас 3-4-ийг нийлүүлж шалан дээр тавиад “За хүүхдүүдээ дуртай зургаа зураарай” гэхээр бүгдээрээ  газар хэвтэж байгаад л маш олон зүйл зурна шүү дээ. Ингэж хүүхдэд өөрийн ертөнцийг бүтээх боломжийг олгох нь тэднийг чөлөөтэй сэтгэж, бодоход нөлөөлдөг.

Хүүхдүүд маань ихэвчлэн гэр бүлийнхийгээ зурна. Хоёр багш аа зурна. Байгаль нийгмийн орчны хичээл гадаа орлоо гэхэд  зургийн хичээл дээр  сэтгэлдээ тод үлдсэн байгалийн өнгийг өөрийнхөө ертөнцөөр тэд маань зурна шүү дээ. Янз бүрийн хэлбэр дүрстэй навч, модод гээд л. Мөн хүүхдийн сонгосон өнгө,  дүрс зэргээс  сэтгэл зүйн байдал нь харагддаг.

Бас ярилцлагын тэмдэглэл хөтөлдөг. Тухайлсан сэдвээр хүүхдүүдтэй ярилцдаг гэсэн үг.  Ингэснээр хүүхдүүдийн маань сэтгэл зүйн байдал ямар байгаа, өөрийгөө бүрэн илэрхийлж чадаж байна уу гээд энэ бүхэнд ажиглалт хийж, хүүхэд бүртэй тулж ажилладаг.

-Цэцэрлэгийн багш хэмээх мэргэжлийг эзэмшснээрээ та ямар үед өөрөөрөө хамгийн их бахархдаг вэ?

 -Хамгийн гэгээлэг орчинд хамгийн сайхан ажлыг хийдэг хүмүүс шүү дээ.  Хүүхдүүд маань сурч мэдсэн зүйлээ, багшдаа, гэр бүлийнхэндээ харуулах агшин сайхан мэдрэмж төрүүлдэг.

-Багш нарын цалинг нэмэх асуудал яригдаж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

- Цэцэрлэгийн багш бол улс орны ирээдүй болсон хүүхдүүдийн суурь боловсролыг олгодог чухал мэргэжил шүү дээ. Өглөөнөөс үдшийн бүрийн хүртэл  зүрх сэтгэлээ ажилдаа зориулдаг хүмүүс.

Тиймээс багш нарын цалинг нэмэх шаардлагатай гэж бодож байна. Бас багшийн нийгмийн баталгааг  хангах тал дээр анхаарах хэрэгтэй. Тэгвэл сэтгэл амар ажлаа хийнэ шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 189 (7686)