М.ТЭМҮҮЖИН
Саудын Арабын цөлөөс тэмээ, гөрөөс болон бусад амьтдын бодит хэмжээтэй ижил хадны сийлбэрүүдийг судлаачид илрүүлжээ.
Эдгээр сийлбэрүүд ойролцоогоор 12 мянган жилийн өмнөх үед хамаарах бөгөөд зарим нь 1.8 метрээс өндөр байна. Судлаачдын хэлснээр уран бүтээлчид хурц зураас гаргахын тулд шаварлаг шаантаг хэлбэртэй чулуу ашигласан гэж үзжээ.
Зарим сийлбэрийг маш нарийн хавцал, хадан ирмэг дээр хийсэн тул уран бүтээлчид өөрийн бүтээлээ холоос харж шалгах боломжгүй байсан бололтой.
“Зүгээр нэг чулуугаар ийм нарийн хийцтэй дүрслэл хийх гэдэг бол үнэхээр ур чадвар шаардана” гэж Германы Макс Планкын Геоантропологийн хүрээлэнгийн археологич Мария Гуагнин онцолжээ.
Хадны сийлбэрүүд болон тухайн газраас олдсон багаж хэрэгсэл нь энэ бүс нутагт хүмүүс өмнө нь таамаглаж байснаас 2000 жилийн өмнө амьдарч байсан болохыг харуулж байна гэжээ.
Олон мянган жилийн өмнө амьдарч байсан хүмүүс ийм хуурай нөхцөлд хэрхэн амьдарч байсныг эрдэмтэд одоогоор тодорхойлох боломжгүй байгаа бөгөөд магадгүй улирлын богино хугацаанд тогтдог гүехэн нууруудаас ус ууж, эсвэл ан цав, гүн хавцалд хуримтлагдсан усыг хэрэглэж байсан байх таамаг дэвшүүлжээ.
Гуагнины хэлснээр “Саудын Арабт хадны урлагийг олон мянган жилийн турш бүтээж ирсэн уламжлал бий. Гэвч эртний сийлбэрүүд дээр бичээс бараг байдаггүй тул яг хугацааг нь тогтооход хүндрэлтэй байдаг. Мөн шинжилгээнд ашигладаг нүүрсний үлдэгдэл гэх мэт олдворууд маш ховор байдагтай холбоотой.
Энэ удаагийн нээлтийн онцлог нь эрдэмтэд сийлбэрийн яг доороос чулуугаар хийсэн багаж олж илрүүлсэн явдал юм. Ингэснээр тухайн багажийг шинжилж, сийлбэрүүдийн насыг тодорхойлох боломжтой болсон байна.
Өмнө нь эрдэмтэд энэ үеийн хүмүүсийг уг бүс нутагт амьдарч байсан гэдэгт эргэлздэг байв. Учир нь тухайн үед цөл маш хуурай, ус ховор байсан гэж үздэг байсан. Тиймээс хүмүүс зөвхөн дараагийн үе буюу ногоон бэлчээр, нуур бий болсон цаг үед л нутагшсан байх ёстой гэж таамаглаж байсан юм.
Харин сийлбэрүүдийн дунд устаж үгүй болсон зэрлэг үхрийн өвөг болох Авроксын дүрслэл хүртэл багтсан. Энэ нь тухайн амьтан цөлд амьдарч байгаагүй учир сийлбэрчид өөр газар аялж явахдаа харсан байж магадгүй гэсэн таамгийг төрүүлж байна. “Эдгээр хүмүүс газар нутгаа маш сайн мэддэг, бүрэн тогтсон суурин амьдралтай нийгэм байсан нь тодорхой” хэмээн Гуагнин дүгнэжээ.
Эх сурвалж: zms.mn