М.ТЭМҮҮЖИН

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургаан жилийн дараа НҮБ-ын Ерөнхий ассамблейн индрээс үг хэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан бас нэгэн үйл явдал боллоо. “НҮБ дэлхий даяар цагаачлалын хөтөлбөрийг удирдаж байна. Улс орнуудад халдах ажиллагааг Нэгдсэн үндэсний байгууллага санхүүжүүлдэг. Улс орнуудыг хилээ хааж, гадаадын иргэдийг хөөн гаргах нь үймээнт байдлыг намжаана” хэмээн тэрээр НҮБ-ыг хурцаар шүүмжлэв. Мөн тэрээр Европын удирдагчдыг улс төрийн зөвшилцлөөс болж цагаачлалыг хүлээн зөвшөөрч, өв соёлоо устгаж байна гэж буруутгасан юм.
НҮБ хэлэлцээрийг дуусгахад нь огт туслаагүй, зөвхөн хоосон ярьснаас цаашгүй гэж тэр буруутгасан байна. 
"НҮБ-д асар их нөөц бололцоо байдаг ч тэр боломжоо огт ашиглахгүй байна. Тэдний хийдэг зүйл гэвэл сүржин үг биччихээд дараа нь тэрийгээ ерөөсөө мөрдөггүй явдал. Хоосон яриа дайны шийдэл биш. Дайнуудыг зогсоох ганц шийдэл бол үйлдэл" гэж тэр хэлжээ.
"Нээлттэй хилийн туршилтыг одоо зогсоох цаг нь болсон. Та бүхэн үүнийгээ одоо болих хэрэгтэй. Улс орон чинь л сүйрэлд хүрнэ. Урьд өмнө хэзээ ч харж байгаагүй, та нартай ямар ч нийтлэг зүйлгүй хүмүүсийг зогсоохгүй л бол улс орон чинь сүйрнэ. Би АНУ-ын ерөнхийлөгч боловч Европт санаа зовж байна. Би Европт, европ хүмүүст хайртай. Эрчим хүч, цагаачлалаас болоод Европ хоёр хуваагдаж буйг би хармааргүй байна" гэжээ.
Гэхдээ шүүмжлэгчдийн үзэж буйгаар Трамп гал зогсоох хэлэлцээрийн хариуцлагыг өөрөөсөө холдуулж, Европ руу түлхэж байна гэж үзэж байна.
Харин Палестины тусгаар тогтнолын талаар тэр өнгөцхөн л дурдаад өнгөрлөө. "НҮБ-ын зарим гишүүн улс мөргөлдөөнийг үргэлжлүүлэхийн тулд Палестиныг хүлээн зөвшөөрөхийг эрмэлзэж байна. Энэ шагнал ХАМАС-ын террористууд ахадна" гэдгийг Трамп онцлов.
Мөн цөмийн зэвсгийн тархалттай тэмцэхийг дэлхийн удирдагчдад тэр уриалав. АНУ биологийн зэвсгийг хиймэл оюун ухаантай нэгтгэх замаар хэрэглээнээс нь урьдчилан сэргийлэх шинэ хүчин чармайлт гаргах талаар мэдэгдсэн. 
"Бид үүнийг хэзээ ч ашиглаж болохгүй. Хэрвээ ашиглаад эхэлбэл дэлхий ертөнц мөхөх болно. Энэ талаар ярих НҮБ ч гэж байхгүй болно. Юу ч байхгүй болно" гэж ярьлаа.

Эх сурвалж: zms.mn