Ч.БЯМБАХАЖИД
Гэрэл зургийг Р.ОЮУН
“Хүрээ” амаржих газрын үл хөдлөх хөрөнгө, газрыг нь хууль бусаар авсан иргэний асуудлаар гавьяат эмч Д.Адилбиш мэдээлэл өглөө.
II амаржих газар буюу “Хүрээ” амаржих газрын барилгаас 10.5 метрийн зайд буюу амаржих газрын хориотой бүсэд эмнэлгийн ногоон байгууламжийг эвдэж, сүйтгэн 450-480 автомашины зогсоол бүхий 10 давхар орон сууцны барилга барих зорилгоор иргэн Г.Баттүшиг нь хууль бусаар уг газрыг эзэмшжээ.
Энэ талаар гавьяат эмч Д.Адилбиш “Миний ажил амьдралын гараа маань Хоёрдугаар амаржих газартай салшгүй холбоотой тул энэ эмнэлгийн ирээдүйн төлөө тэмцэх үүрэгтэй хүн гэж боддог. Бид эмнэлгийн бүсэд барьж байгаа энэ барилгын суурь ч тавигдахаас өмнө эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн.
2022 онд “Хүрээ амаржих газар”-т мэдэгдэлгүй газрыг авч, архитектур төлөвлөлтөө хийчихсэн байсан. Хэн ч байсан амаржих газрын хашаанд барилга барих гээд хүсэлт тавина гэдэг байж боломжгүй зүйл шүү дээ. MNS 61:88 стандартын 34, 35 дугаар зүйлд “Амаржих газрын эрүүл ахуй, амаржих газрын барилгын шаардлага” гэж бий. Амаржих газрын эрүүл ахуйн шаардлагад 60-70 хувь нь ногоон байгууламж байх, хоёр га газартай байх гээд олон шаардлага байдаг. Гэтэл хуучин манай зөвлөх амбулатори байсан газрыг буулгаж, түүний эргэн тойрон дахь ногоон байгууламж, модыг бүгдийг нь устгаж, 10 давхар орон сууцны барилга барьж байна.
Бид энэ асуудлыг эсэргүүцэж эмч, ажилчид гарын үсэг цуглуулсан. Мөн Барилга хот байгуулалтын яаманд 2023 онд хандсан. Яамнаас шинжээч томилогдоод олон хууль зөрчсөн барилгын зөвшөөрөлтэй байгааг хүлээн зөвшөөрсөн. Иргэн Г.Баттүшиг нь 2830 метр кв газрыг 2020 онд Нийслэлийн Засаг Даргын 1153 дугаар, 2021 онд Нийслэлийн Засаг Даргын А646 тоот захирамжаар өөрийн өмчлөлдөө авсан. Энэ захирамжийг шүүхээс түдгэлзүүлсэн. Уг шүүхийн шийдвэрийг иргэн Г.Баттүшиг нв давж заалдаад явж байна. Энэ хооронд барилгын үйл ажиллагаа зогсолтгүй үргэлжилж л байна. Цаашлаад энэ асуудал өдийг хүртэл шийдэгдэхгүй байгаа нь улс төр, бизнесийн бүлгийнхэн хамтарч хууль бус үйл ажиллагааг зогсоохгүй байна хэмээн хардаж байна. Би хэн нэгнийг гүтгээгүй гэдгээ баталж, энэ хууль бус асуудлыг шийдүүлэх хүртлээ явна. Хууль шүүхээс үнэн зөв шийдвэр гараасай хэмээн хүсэж байна.” гэв.
Мөн Хууль бус газар олголтоос болж эмнэлэгтэй ойр барилга барьж байгаа тухай “Хүрээ” амаржих газрын дарга Ш.Алтантуяатай ярилцах гэхээр хүлээж авдаггүй. Намайг үл тоосон хандлага гаргаж, эмнэлгийнхээ гадна орчинтой холбоотой асуудлыг анхаарахгүй байгаад харамсаж буйгаа тэрээр илэрхийлсэн юм.
Эх сурвалж: zms.mn