Ж.ИЧИНХОРЛОО

Нийтийн дууны урлагт өөрийн өвөрмөц өнгө төрх, сонсогчдын сэтгэл хоногшсон бүтээлээрээ танигдсан Соёлын тэргүүний ажилтан Б.Баяндалай “Өөдрөг” флаш цомгийн баярын өдөрлөг тоглолтоороо энэ сарын 20-нд үзэгч олонтойгоо уулзах гэж байна. Цомгийн баярын тоглолт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болох бөгөөд хүрэлцэн ирсэн мянган сонсогчдодоо гарын бэлэг өгнө.

Энэхүү цомогт түүний 2004 оноос хойш туурвисан шилдэг 60 дуу багтсан бөгөөд флаш цомгийг 50 мянган төгрөгөөр худалдан авсан үзэгч тус тоглолтыг үнэ төлбөргүй үзэх боломжтой юм. Мөн энэхүү тоглолтын тасалбар нь “GS Travel” аяллын компанийн хөнгөлөлт эдлэхээс гадна Манжуур хот руу аялах хоёр азтан сугалаагаар шалгаруулах юм.

Тоглолтод 20 орчим уран бүтээлчид оролцож, ая дууны цэнхэр хадаг өргөн барих бөгөөд дурдваас Соёлын тэргүүний ажилтан В.Баттулга, Б.Хишигжаргал, Б.Энхтайван нар юм.

Тус баярын тоглолтыг ахмадын баярыг тохиолдуулан зохион байгуулж буй бөгөөд үзэгч, сонсогчдод урам зориг, шинэ уран бүтээлийн бэлэг барих онцгой арга хэмжээ болж байна. “Өөдрөг” тоглолтын дараагаас бусад уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтоороо үзэгчидтэйгээ дахин уулзахаа мөн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: zms.mn