Ч.БЯМБАА
УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Б.Жавхлан нарын шууд оролцоотойгоор Засгийн газрын хурлын тэмдэглэлийг сум, аймгийн Засаг дарга нарт хүргүүлж газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдахад хүрч буй асуудлын талаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн Ч.Алтантуяа “Хууль засаглах уу, хүн засаглах уу” сэдвийн дор хэвлэлийн хурал хийлээ.
Тэрээр “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хонгор гэх газарт УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Б.Жавхлан нарын оролцоотой хилийн бүс дээр асуудал үүсээд байгаа. УИХ-ын гишүүд сонгууль болохоор л ард иргэддээ сайн сайхан амлалтууд өгдөг. Сэлэнгэ аймгийн хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Б.Жавхлан нар Засгийн газрын хурлын тэмдэглэлийг хүргүүлж аймаг, сумын Засаг дарга нарыг ажил үүргээ журмын дагуу гүйцэтгэхэд хүндрэлтэй болгосон.
Мөн 2015 оноос хойш үүсээд байгаа газрын маргааны асуудал байна. Уг маргаан нь 1959 онд тухайн үеийн зураглал хийдэг мэргэжилтэн буруу бичиглэл хийснээс энэ асуудал үүссэн. Энэ асуудал дээр төр маш хариуцлагагүй хандаж байна. 2018 онд ажлын хэсгийн дүгнэлтээр энэ газрыг Ерөө сумынх гээд баталчихсан байхад дахин маргаан үүсгээд байгаа хүмүүстэй холбогдох хүмүүс нь ярилцаж, шийдвэрлэх ёстой. Ерөө сумын иргэд бид газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг алдахад хүрээд байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хонгор гэх газар Болд төмөр Ерөө голын хоёр дахин их нөөцтэй төмрийн хүдрийн ордны баялагт шунасан УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын санаархал ч энд явж байгааг баталгаа, нотолгоотой хэлж байна. Би төрийн гурван өндөрлөгт гүнээ итгэж байгаа. Энэ асуудал үүсгээд, хууль үйлчлэхгүй байгаа гишүүдийн асуудлыг шийдэхийг хүсэж байна.
Дээр нь алтны асуудлыг ярихгүй байхын аргагүй байна. Засгийн газраас “Алт-2” гэх хөтөлбөр гаргаснаар Ерөө сумаас гэхэд 100 орчим иргэн хуулийн этгээд болж гарсан. Үүнээс бол иргэд өрөнд орж, эрүүгийн хэрэгтэн, захиргааны хэргээр торгууль өгч санхүүгээрээ хохирох зэрэг олон асуудалд орсон. Төр буруу зүйл хийснээ зөвшөөрч, залруулах ёстой атал эргээд үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй.
Эцэст нь Монгол орон даяар иргэний хөдөлгөөн өрнүүлье. Зах замбараагүй, УИХ-ын гишүүн гэх хүмүүс мэдээлэлд ойр байдлаараа байгалийн баялагт шунаж байна.
Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хандаж хэлэхэд, Ерөө сумын хилийн бүсийг хувийн ашиг сонирхолын үүднээс өөрт ашигтайгаар эргүүлж байгаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Б.Жавхлан нарт хариуцлага тооцно уу. Эргүүлэн татахыг хүсэж байна” гэлээ.
Эх сурвалж: zms.mn