Ц.МЯГМАРБАЯР
“Бизнес хөгжил” булангийн энэ удаагийн дугаарт “Сафир” арьс гоо засал болон гоо сайхны мэс заслын эмнэлгийн захирал, мэс заслын эмч Г.Одонбаатартай ярилцав.
-Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа бизнесийн нэг талбар хэдий ч эмзэг, онцлогтой. Гоо заслын салбарын тухайд эхлээд онцолж ярих уу?
-Эрүүл мэндийн үйлчилгээний салбарын бизнес бол бусад салбарыг бодвол илүү ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй, маш өндөр ажлын хариуцлагатай байхыг шаарддаг. Алдаад, алдаан дээрээсээ суралцана гэсэн хоёр дахь боломж байдаггүй. Хүний эрүүл мэнд цаашлаад амь настай шууд холбоотой учраас эмнэлгийн удирдлагаас эхлээд, эмч, ажилтан бүгд хариуцлага, ёс зүйг эрхэмлэсэн баг, хамт олон байхын төлөө хичээдэг. Бид ч тэгж ажиллаж байна. Гоо заслын гэхээр магадгүй зарим нь үйлчлүүлэгчдээ “өөр хүн болгох” гэж ажилладаг гэж ойлгож болох юм. Гэтэл үйлчлүүлэгчдээ өөртөө итгэлтэй, эрүүл үзэсгэлэнтэй байхад нь туслахыг зорьдог. Бидэнд аль нэг хэрэгцээ шаардлагаар өөрийн гоо үзэсгэлэнгээ удаан хадгалах, сэргээх, авч үлдэх шаардлага байдаг. Тийм хүсэл сонирхол ч бий болсон.
2000-аад оноос манай улсын боломжтой гэж үзсэн иргэд гоо заслын эмчилгээ, үйлчилгээг бусад улс руу явж өндөр үнээр хийлгэдэг байсан. Мөн БНСУ-ын, Хятадын энэ төрлөөр мэргэшсэн, мэргэшээгүй олон ч эмч, ажилтнууд Монголд ирж томоохон хувийн эмнэлгүүдийн өрөөг түрээсэлж ийм үйлчилгээ хийгээд буцдаг байлаа шүү дээ. Бүр зочид буудлын өрөөнд хүртэл гоо заслын мэс ажилбар хийдэг байлаа. Иргэдийн мэдээлэл, мэдлэг багатайгаас эргэж буцах хаяггүй, хариуцах эзэнгүй, баталгаагүй гээд хохирч үлдэх тохиолдол ч гардаг байсан. Мөн маш өндөр зардал гардаг. Харин одоо өөрчлөгдсөн. Үндэсний эмч, эмнэлгийн ажилтнууддаа итгэж найдах бүрэн боломжтой болж байна.
-Танайх бизнесийн хүрээнд энэ талаар судалсан судалгаа тоо баримт байгаа бол сонирхуулаач?
-Манайхаас тусгайлан судалсан зүйл байхгүй. Гэхдээ бусад мэдээллүүдээс харж байхад манай салбарт 300 гаруй тэрбум төгрөг эргэлддэг гэсэн албан бус мэдээтэй. Мөн гоо сайхны хагалгааны эрэлт дэлхийн зах зээлд ирэх 10 жилд хоёр дахин өснө гэсэн судалгаа ч байна. Зөвхөн Ази-Номхон далайн арьс арчилгаа, гоо сайхны зах зээл 2031 онд 88.4 тэрбум ам.долларт хүрч өснө урьдчилсан тооцоо байсан. Өмнөд Солонгос, Хятад, Япон зэрэг улсад тус салбарт хэдий хэмжээний хөрөнгө эргэдгийг хайж үзэж ч болох юм. Манай улсын хувьд саяхныг хүртэл эдгээр улс руу очиж мөнгө өгч өөрсдийгөө даатгахаас өөр сонголтгүй байлаа.Манайх нэг ёсондоо дан ганц хэрэглэгч орон гэх үү дээ. Харин одоо зах зээлийнхээ эрэлтээр энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид, нарийн мэргэжилтнүүд бэлтгэгдэж, бизнесийн хэлээр “үйлдвэрлэгч” рүү явж байна. Нөгөө л гадагш урсдаг мөнгөнөөс тодорхой хувь нь Монголд үлдэж, тэр хэрээр энэ салбарт ажиллагсдын ур чадвар, техник технологи өсөж өрсөлдөх хэмжээнд хүрч байна гэсэн үг. Яагаад экспортлогч улс байж болохгүй гэж.
Гоо сайхны мэс заслыг төрөлхийн, олдмол гажгийн гээд олон янз гэдгийг манайхан мэднэ. Анагаахын шинжлэх ухааны мэргэжлийн нэг том салбар нь энэ. Гоо сайхны гэхээр зарим нь “өө давхраа оёх, хамар өндөрлөх, нүүрсний арьс татах, өөх соруулах” гэж ойлгоод байдаг. Гэтэл төрөлхийн гажиг, түлэнхийн нөхөн сэргээх зэрэг эмгэг заслын бусад мэс заслууд орно. Ер нь сүүлийн жилүүдэд Монголд гоо сайхны үйлчилгээний эрэлт маш хурдтай өсөж байна. Үүнийг хүн амын орлогын түвшин өсөж, өөртөө итгэх итгэлд үнэ цэн өгдөг шинэ хэрэглэгчийн үе гарч ирж буйтай холбон тайлбарлаж болно. Гэхдээ энэ салбарт стандарт тогтоох, хэрэгжилтийг сайжруулах хэрэгцээ бий. Чанар, мэргэжлийн түвшнээр ялгарсан байгууллагууд л тогтвортой үлдэнэ гэж харж байна. Ихэнхдээ хүмүүс “гоо сайхны мэс засал бол хиймэл, хэт өөрчлөлттэй болгодог” гэж ойлгодог. Үнэндээ энэ салбарын зорилго бол хүнийг өөрчлөх биш, харин тухайн хүний төрөлхийн гоо сайхныг тодруулах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх юм.
-“Сафир” гоо сайхны эмнэлгийн давуу тал, онцлог, алсын харааг юу гэж хардаг вэ?
- “Сафир” арьс гоо засал болон гоо сайхны мэс заслын эмнэлэг олон шинэ технологи нэвтрүүлж, энэ салбарын мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулж, Монголд гоо сайхны салбарын чанарын жишгийг тогтоодог нэг төлөөлөл нь байхыг зорьж байна.Үүсгэн байгуулагдаад нэг жил болж байгаа манай эмнэлгийн тухайд эмч нар бүгд олон улсын түвшинд мэргэшсэн, туршлагатай. Хэрэглэж буй бүх материал, тоног төхөөрөмж нь хамгийн сүүлийн үеийн стандартад нийцсэн, бүх төрлийн арьс гоо засал, гоо сайхны мэс засал болон үс шилжүүлэн суулгах мэс ажилбар зэрэг үйлчилгээ үзүүлдэг. “Эс Эй Эс” үйлчилгээний стандартыг анх удаа Монголд нэвтрүүлж байгаагаараа онцлог. Хэвшмэл стандарт аргачлалаас татгалзаад “үйлчлүүлэгч та бол цорын ганц” гэдэг утгаар үйлүүлэгч тус бүрийн сонирхол, онцлогт тохирсон тусгайлсан үйлчилгээ үзүүлдгээрээ давуу талтай.
-Нэг жилийн хугацаанд бизнесийн хувьд ямар амжилт гаргав?
-Энэ хугацаанд бид 1000 гаруй үйлчлүүлэгч хүлээн авч, үйлчилгээний цар хүрээгээ өргөжүүлсэн. Хамгийн чухал нь, үйлчлүүлэгчдийн 70 хувь нь дахин үйлчлүүлэхээр буцаж ирсэн нь бидний үнэ цэнийг баталж байна. Мөн салбартаа шинэ технологи нэвтрүүлсэн цөөн байгууллагын нэг болж чадсан.
-Ирээдүйд бизнесээ хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Дараагийн алхам бол өргөжилт. Бид салбаруудаа нэмэхээс гадна эрүүл мэнд, гоо сайхны цогц үйлчилгээний төв болон өргөжих зорилготой. Монголын зах зээлд тогтвортой байр суурь эзлэхээс гадна бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц брэндийг бий болгоно.
-Таны бодлоор гоо сайхны салбар бизнесийн хувьд ямар ирээдүйтэй вэ?
-Энэ бол зөвхөн трэнд биш, тогтвортой өсөн нэмэгдэх зах зээл. Учир нь өөртөө хөрөнгө оруулах, өөрийгөө хайрлах соёл Монголд хүчтэй сууж эхэлж байна. Бидний үүрэг бол энэ өсөлтийг зөв чиглэлд хөтөлж, олон улсын түвшний чанарыг дотооддоо тогтоох юм.
-Танай эмнэлэг дэлхийн жишигтэй яаж хөл нийлүүлж байна вэ?
-Бид хэрэглэж буй бүх материал, тоног төхөөрөмжөө олон улсын чанарын стандартад нийцүүлсэн. Мөн багийн эмч, мэргэжилтнүүдээ гадаад сургалт, семинарт байнга хамруулж, дэлхийд гарч буй шинэ аргачлалыг шууд нутагшуулдаг. Үйлчлүүлэгчдийн маань хамгийн их таашаадаг зүйл бол “натурал, хиймэл биш” үр дүн. Энэ бол дэлхийн трэндтэй нийцсэн гол үзэл баримтлал.
-Бизнесийн хувьд энэ чиг хандлага ямар боломж нээж байна вэ?
-Нэг талаас зах зээл хурдан өсөж байна. Дэлхийн статистикаар гоо сайхны салбар жил бүр дунджаар 10-12 хувийн өсөлттэй байгаа. Монгол ч энэ жишигт багтаж байна. Нөгөө талаас өрсөлдөөн ширүүсэж байгаа нь биднийг илүү шинэчлэл хийх, стандарт тогтоох шаардлагад хүргэж байна. Энэ салбарыг хамгийн хурдтай, хамгийн сүүлийн үеийн технологи, техникийг сайн нэвтрүүлдэг түргэн хөгжиж байгаа салбар гэдэг юм билээ. Манайд ч олон улсад асар их мөнгө эргэлддэг гэдэг.
-Ирээдүйн зорилгоо хэрхэн харж байна вэ?
-Бид зөвхөн Монголдоо бус, бүс нутагт өрсөлдөхүйц брэнд болох зорилготой. Технологийн шинэчлэл, олон улсын түншлэл, хүний нөөцийн тогтолцоогоо бэхжүүлэхээр төлөвлөж байна. Монголын зах зээл жижиг ч гэсэн дэлхийн түвшний үйлчилгээний төв болж чадна гэдэгт итгэдэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 173 (7670)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.