Б.НЯМСҮРЭН
Балбын нийслэл Катмандуд тус улсын түүхэнд болж байгаагүй эмх замбараагүй байдал үүсээд байна. Тус улсад сошиал хэрэглээг хязгаарласнаас үүдсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар энгийн иргэдэд хүч хэрэглэснээс 19 хүн амиа алдаж, 100 гаруй иргэд гэмтэж бэртжээ. Төрийн албаныхан иргэдийн эсрэг хүч хэрэглэсэнд бухимдсан иргэдийн жагсаал хяналтаа алдаж, төрийн өндөр албан тушаалтнуудын авлигыг эсэргүүцсэн өргөн хэмжээний жагсаал болон өргөжлөө.
Төр засгийн зүгээс олон нийтийн сүлжээг хязгаарлах шийдвэрээ даваа гарагт цуцалсан ч олон нийтийн бухимдал үргэлжилсэн хэвээр байна. Жагсагчдын дийлэнх нь залуучууд бөгөөд Засгийн газар авлигатай тэмцэж, эдийн засгийн боломжоо нэмэгдүүлэхгүй байна хэмээн бухимдаж байна. Мөн олон жилийн турш гадаад руу хүнд хөдөлмөр эрхлэхээр явахаас аргагүй нөхцөл байдалд орчихсон байхад эрх баригчдын гэр бүл, ойр дотнынхон тансаг хэрэглээгээрээ цахим орчинд гайхуулж байгааг эрс эсэргүүцэж байсан юм. Энэ утгаараа тус улсад өрнөж байгаа үйл явдал өнгөрсөн тавдугаар сард Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн бэрийн 10 мянган ам.долларын үнэтэй цүнхнээс үүдсэн монгол залуусын жагсаалтай төстэй байлаа. Энэтхэг, Хятад улсуудтай хил залган оршдог Балба улсад 2008 онд хаант засаглалыг халах үеэр томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болж байжээ.
Бухимдсан олон Парламентын ордныг шатааж, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын гэрт дайран орж өндөр үнэтэй тансаг брэндийн хувцас эд зүйлсийг нь шатааж, эвдэн сүйтгэж эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Сүүлийн хэдэн арван жилд болж байгаагүй үймээн самууны үеэр иргэдийн төлөөлөл Ерөнхий сайд Шарма Олигийн гэрт нэвтэрч, галдан шатааснаас болж түүний эхнэр амиа алдсан тухай мөн олон улсын хэвлэлээр бичиж байна. Парламентын ордны гадаа цугласан хүмүүсийн нэг, Катмандугийн оршин суугч, 20 настай Муна Шрешта ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа “Ерөнхий сайд болон эрх мэдэл бүхий хүмүүстэй холбоотой авлигын асуудал олон жилийн турш яригдсаар ирсэн. Хэн ч хариуцлага хүлээдэггүй, шударга бус байдал байсаар байгаа нь олон нийтийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж байна” хэмээн ярьжээ. Тэрээр иргэдийн төлж байгаа татварыг мөнгийг төрийн өндөр албан тушаалтнууд хувьдаа завшиж, улс орны эрх ашгийг үл тоож байгаа нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн гол шалтгаан хэмээн шүүмжилсэн байна.
Нөхцөл байдалтай нүүр тулсан Ерөнхий сайд Шарма Оли албан тушаалаасаа бууж байгаагаа мэдэгдсэн юм. Тус улсын хувьд ерөнхийлөгч нь бэлгэдлийн төрийн тэргүүн бөгөөд Ерөнхий сайд Гүйцэтгэх эрх мэдлийг хариуцдаг. Ерөнхий сайд огцорсон ч түүнийг хэн орлох нь тодорхойгүй хэвээр байна. Улс төрийн эрх мэдэлтнүүд цагдаа нарын хамгаалалт дор иргэдийн эсэргүүцлээс дүрвэн зугтаж байгаа бичлэгүүд цахим орчинд хөвөрсөөр байна. Тухайлбал, хилэгнэсэн залуус Сангийн сайдын гэрт нэвтрэн, мод барин тал талаас нь зодож байгаа, зарим албан тушаалтнууд нисдэг тэрэгнээс зүүгдэн амь мултарч байгаа зэрэг бичлэгүүд нийгмийн сүлжээнд тарсаар байна.
Ерөнхий сайд Шарма Оли Ерөнхийлөгч Рамчандра Пауделд илгээсэн захидалдаа “Улс оронд үүсээд байгаа таагүй нөхцөл байдлыг харгалзан би асуудлыг шийдвэрлэхийн тулд Үндсэн хуульд заасны дагуу улс төрийн аргаар шийдвэрлэхээр албан тушаалаасаа огцорч байна” хэмээн мэдэгджээ.
Ерөнхийлөгчийн ажлын албанаас өгсөн мэдээллээр төрийн тэргүүн Ерөнхий сайдын огцрох хүсэлтийг хүлээн авч, дараагийн Засгийн газрыг байгуулах тухай хэлэлцүүлгийг эхлүүлжээ. Үймээний үеэр Балбын баруун дүүргийн хоёр шоронгоос 900 хоригдол оргосон.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 170 (7667)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.