Ж.ИЧИНХОРЛОО
“Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Баянзүрх дүүргийн таеквондо хөгжлийн төвийн багш, ОУХМ, дасгалжуулагч Пүрэвийн Номинчимэгийг урилаа. Наймдугаар сарын 21-25-нд БНХАУ-ын Чэндү хотод болсон олон улсын таеквондогийн тэмцээнд түүний дасгалжуулсан тамирчид 37 медаль хүртсэн юм.
-Таны дасгалжуулсан тамирчид олон улсын тэмцээнээс 37 медаль авчээ. Энэ амжилтынхаа талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Энэ удаагийн тэмцээнд 2006, 2007 онд төрсөн хүүхдүүд залуучуудын ангилалд оролцох боломжтой байсан. Тэмцээн нь тулаан, пүмсэ, таеквондо бүжиг, хурдан өшиглөлт, багийн тулаан, виртуал таеквондо гэсэн төрлөөр болсон. Монголын тамирчдын хувьд пүмсэ (тоот дасгал), таеквондо бүжиг, тулааны төрөлд амжилт үзүүллээ. Пүмсэ нь хосын болон багийн гэсэн хоёр хэсгээс бүрдсэн. Харин тулааны хувьд сонирхогчийн, мэргэжлийн төрлөөр явагдсан. Сонирхогчийн түвшинд хар бүс аваагүй хүүхдүүд оролцсон. Яг өөрийнхөө түвшний хүүхдүүдтэй тулаан хийсэн. Хүн хэчнээн хөдөлмөрлөнө түүнийхээ үр шимийг авдаг. Дөрөв дэх удаагийн олон улсын тэмцээний гурван төрөлд шавь нар маань 37 медаль буюу 14 алт, 11 мөнгө, 12 хүрэл медалийн эзэд боллоо.
-Энэ тэмцээний үеэр хамгийн сэтгэлд үлдсэн торгон мөчөөсөө хуваалцвал?
-Тамирчид маань медалиа гардаж авчихаад надад зүүлгэх мэдрэмж нь хичээж, хөдөлмөрлөөд ургацаа хурааж авч байгаа юм шиг л үгээр хэлэхийн аргагүй санагдсан. Бас Х.Буяннэмэх тамирчин маань мэргэжлийн ангиллын тулааны төрөлд оролцсон. Нэг мексик, хоёр хятад тамирчныг ялж алтан медалийн төлөө тулалдсан. Чэндүгийн нутгийнх нь тамирчинтай таарсан ч манай тамирчин илүү байсан тулдаа ялсан. Манай тамирчны оноог дарах, торгох эсрэг талыг ялуулах аргыг ашигласан. Хятадад манай олон хүүхдийг ийм аргаар алтан медалиас мулталсан л даа. Манай тамирчны хийсэн өшиглөлт хөлийн шөрмөсийг нь бэртээчихлээ гэж бодсон ч торгууль ногдуулсны дараа нөгөө хөлөөрөө өшиглөхөд нь худлаа баашилсан гэдгийг нь ойлгосон. С.Ганхишиг багш “Тамирчин, багш, шүүгч, үзэгчидтэй нь хождог бай” гэж хэлдэг байсан. Тиймээс ямар ч дэвжээн дээр монгол тамирчин гараад ялалт байгуулах хамгийн сайхан мэдрэмж байлаа.
-Бэлтгэлээ ямар системээр хийлгэсэн бэ. Танд ачаалал хэр их ирэв, түүнийгээ хэрхэн шийдвэрлэв?
-Тэмцээндээ зуны турш бэлдсэн. Долоодугаар сард Хөтөл хотод 14 хоногийн хугацаанд кэмпт байрлан, өдөрт гурван удаагийн бэлтгэл хийж байсан. Нэгдсэн бэлтгэлээс буусныхаа дараа ч тамирчдаа өдөр бүр бэлтгэл хийлгэсэн. Мэдээж олон төрөлд оролцох учир тулаан, бүжиг, тоот дасгалаа өдөртөө хувааснаар надад ирэх ачаалал нь багассан. У.Цолмонцэцэг шавь маань бүжгээ хариуцаж бэлдсэн. Ажлаа төлөвлөөд цагийн менежменттэй ажилласан болохоор хэцүү зүйл байгаагүй.
-Бэлтгэл болон тэмцээний үеэр бууж өгөх, шантрах үед сэтгэл санаагаар нь хэрхэн дэмждэг вэ?
-Яг тэмцээн болон бэлтгэлдээ орсон байхад ийм асуудал их гарна. Бэлтгэлийн ачааллаас болоод хүүхдүүд шантрахаас илүү бэртэл их ярьдаг ч больмоор байна гэж хэлдэггүй. Массыг нь харж байгаад заримдаа амраадаг. Эрчтэй бэлтгэл хийдэг байсан бол нэг бэлтгэлийг нь хөнгөвчилж хөгжилтэй сэргээх байдлаар ордог. Тухайн хүүхэд өөрөө тэр үйл явцыг давж гардаг. Спортын хатуужил гэж бий. Түүнийг нь мэдрүүлнэ, зарим үед сэтгэл санаагаар унасан байвал тусгайлан уулзана.
-Та хэзээнээс багшлах болсон бэ?
-БНСУ-д суралцах үедээ цагийн багш хийж байхдаа хүүхдүүдтэй ажиллах дуртай гэдгээ ойлгосон. Тэгэхэд “багшлаад энэ хүүхдийг зөв хүн болгочихьё” гэж бодогдож байлаа. Анхандаа тамирчин бэлдэж чадахгүй байх гэж бодсон ч хүүхдүүд бэлтгэлдээ шамдан суралцаж, тэмцээндээ амжилттай оролцож, миний зааж өгсөн өшиглөлтийг хийж оноо авч, медаль зүүх үед урамшсан. Энэ үеэс л жаахан шунаж эхэлсэн дээ. Жаахан хичээвэл болдог юм байна. Хүүхдүүд маань сайжирдаг юм байна. Дараагийн тэмцээн юу байгаа билээ гэж бодогддог. Ганц хоёр гарын шавиа бэлдье гэж шийдсэн. Монгол Улсын хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах вэ. Гараад утаа, түгжрэл бууруулж, зам засаж чадахгүйгээс хойш өөрийн чадах таеквондогийн спортоороо хүүхдүүдээ бэлтгээд зөв хүн болгохыг л хүссэн. Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотод ОУХМ С.Ганхишиг багшийн удирдлага дор ”Мараната” клубт бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан. “Амжилт гаргах бүртээ багшийгаа боддог. Энэ бүхэн багшийн маань ач, үнэхээр супер хүн байдаг. Би таеквондогоор хичээллээд 15 жил болж байна.
-Танай клуб хэдэн тамирчинтай үйл ажиллагаагаа явуулж байна?
-Манай клуб таван ээлжээр тогтмол хичээллэдэг 50-60 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдүүд орж гарна. Хичээл эхлээд жигдрээд идэвхтэй үедээ 100 давдаг. Идэвхгүй үедээ 30 руу ордог. Ер нь улирлаасаа шалтгаалаад өөр өөр байдаг.
-Ойрын хугацаанд болох тэмцээн юу байна. Бэлтгэл хэр хангагдсан бэ?
-Энэ сарын 24-26-нд БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит тэмцээнд пүмсэ буюу тоот дасгалаар оролцохоор бэлтгэлээ хийж байна. Үндсэн бэлтгэл нэг, гурав, тав дахь өдөр ордог бол нэмэлтээр хоёр, дөрөв, хагас сайнд бэлдэж байна. Хэчнээн ядарсан ч бэлтгэлээ шаргуу хийж байгаа. Дөнгөж хичээл нь орсон, ачаалалтай байгаа ч хүүхдүүдээ бэлтгэлээр шахаж байна.
-“Мараната” клуб “Шинэ алхам” кинон дээр гардаг. Энэ дурсамжаасаа хуваалцаач?
-“Шинэ алхам” богино хэмжээний кино цацагдсанаас хойш манай клуб болон таеквондогийн спортоор хичээллэх хүүхдийн тоо нэмэгдэж байсан. Бид бүгдээрээ сайн хөдөлмөрлөж, бэлтгэлээ сайн хийдэг байсан. Улаанбаатар шиг түгжирнэ гэж байхгүй. Хичээлдээ орохоосоо өмнө мөн өдрийн бэлтгэлээ хийгээд харьж амраад дахин бэлтгэлдээ явдаг байсан. Багш маань бэлтгэлийг шаргуу хийлгэдэг байсан ингээд харахад зөв чиглүүлж чаджээ гэж санагддаг. Одоо ч шинээр орж ирсэн хүүхдүүддээ нэг өдрийн хичээлийг нь 20-30 минутын өмнө дуусгаад энэ киногоо үзүүлэхэд хүүхдүүдийн гаргаж байгаа үйлдэл хөөрхөн байдаг. Таеквондогоор хичээллэхээр сонирхож байгаа бол эхлээд энэ киног үзээсэй гэж хэлмээр байна.
-Хөдөлгөөнтэй хүүхдүүдийг хэрхэн төлөвшүүлдэг вэ. Багшийн оролцоо хэр чухал байдаг бол?
-Багшийн үгийг сонсохгүй, өөр зүйлд сатаарах нь байдаг л зүйл. Ийм хүүхдүүд спортоор тууштай хичээллэвэл 2-3 сарын дараа хариуцлагатай болдог. Таеквондогийн спорт нь ёс суртахуун, хүмүүжлийн спорт учраас өдөр тутмын дасгал сургуулилт, дадал хэвшил. Багшаа хүндэтгэх, зааландаа ёслохоос эхлээд тэр хүүхэд ганцаараа ёслохгүй байх, бүгд цэх сууж байхад хөдлөх нь өөрт нь эвгүй санагдаад ирдэг. Бусдыгаа хараад багаар ажиллахад суралцдаг.
-Багшлахынхаа хажуугаар өөрөө тэмцээн уралдаанд оролцож байгаа юу?
-Хүүхдүүд биечлэн дасгал сургуулилт хийх багшийнхаа тулалдаж байгааг хараад урамшдаг. Өнгөрсөн жил гадаад, дотоодын тэмцээнд оролцож байсан. Харин энэ жил орох нь багассан. Гэхдээ тэмцээн уралдаандаа давхар орж байвал зүгээр байдаг. Ярихаас илүүтэй үйлдлээрээ харуулах нь чухал.
-Бэлтгэлийн үеэр хүүхдүүдийн гаргадаг эгдүүтэй ямар үйлдэл байна?
-Хүүхдүүдийн хичээж байгаа байдал, сунгалтын дасгал хийхдээ шантарч байгаа ч өөрийгөө дайчилж түүнийгээ давж гарч байгаа нь хөөрхөн. Удаан хугацааны дараа шавь нартайгаа уулзахад намайг санасан байдаг нь маш эгдүүтэй санагддаг. Хүүхдүүддээ хэлдэггүй ч бүх үйл явц нь хайрыг мэдрүүлж чаддаг. Энэ бүгдийг хүүхдүүдтэй ажилладаг хүмүүс мэдэрнэ.
-Эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлээсэй гэж боддог вэ?
-Ганц таеквондогийн спорт ч биш. Ямар нэгэн секц дугуйланд заавал хамруулаасай. 2-3 жилийн хугацаанд ажиглахад ямар нэгэн секц дугуйланд явсан хүүхэд яваагүй хүүхдээс ялгаатай байдаг. Нийгэмд бусадтай зөв нөхөрлөх, өөрийгөө илэрхийлэх чадвар нь арай илүү нээлттэй, өөртөө итгэлтэй байдаг юм билээ. Тэр дундаа таеквондогийн спорт гоё шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 168 (7665)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.