Ц.МЯГМАРБАЯР

 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 7-ны өдөр Орхон аймагт ажиллаж “Оюут” зэсийн үйлдвэрийн нээлт болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын II,III секцийн өргөтгөлийг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд оролцлоо. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар ажлын хэсгийн хамт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, уурхайчид, ажилтнуудын төлөөлөлтэй уулзсан юм. Уг уулзалтад 230 хүн оролцож үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар хэлэлцэв. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр 7000 хүнийг ажлын байраар хангаж Монгол Улсын ДНБ-ний 5.8 хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн экспортын найман хувь, улсын төсвийн 7.2 хувийг бүрдүүлж байна. Есдүгээр сарын 5-ны өдрөөр 2.8 их наяд төгрөгийг зэсийн баяжмалын борлуулалтаас олж төсөвт 1.2 төгрөгийг оруулаад байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хам баяжуулалтын II, III секц ашиглалтад орлоо.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2016 оноос эхэлсэн техникийн шинэчлэлийн бодлогын хүрээнд хүдэр боловсруулах хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлэх цогц ажлын үр дүнд өнөөдөр Хам баяжуулалтын II,III дамжлагаар тус бүр жилд 20 сая тонн хүдэр боловсруулахаар өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлсний үр дүнд энэ жил 40 сая тонн хүдэр боловсруулж эхлээд байна. 2016 онд тус үйлдвэр жилд 32 сая тонныг боловсруулдаг байсан бол үйлдвэрлэлээ найман сая тонноор ийнхүү өргөтгөөд байгаа юм. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах үйлдвэр хүдэр бэлтгэх технологийн дамжлага нунтаглах хэсэг болон хүдэр бэлтгэлийн I дамжлагаас гадна хоёр, гуравдугаар шугамаар явагддаг болж байна. Цаашид үргэлжлүүлэн  IV, V, VI секцүүдийн шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөжээ. Үйлдвэрлэлийг ийнхүү  өргөтгөснөөр тус үйлдвэр урт хугацаандаа хэрхэн ашигтай ажиллах нь шалтгаална. Хам баяжуулалтын II,III секцийг бүрэн шинэчилж ийнхүү ашиглалтад хүлээн  авч буй нь тус үйлдвэр дахин ирэх жаранд ажиллах үүдээ нээлээ гэсэн үг. Шинэчлэгдсэн II,III секцээр жилд 12 сая тонн хүдэр баяжуулна. Баяжуулалтын секцүүдийг шинэчилснээр хүдэр баяжуулах зардлыг 10 хувиар бууруулж байна.

 

Баяжуулах хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг монгол инженерүүд хийжээ

Төслийн зураг төслийг боловсруулах, барилга угсралт, ашиглалтад оруулах хүртэлх бүх ажлыг Эрдэнэт үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд, уурхайчид хийсэн аж. Өөрөөр хэлбэл, монгол инженерүүд өөрсдөө үйлдвэр дотроо том байшин барьсан гэж хэлж болно. Ийм шинэчлэл бусад улсад хаана ч байдаггүйгээр онцлогтой. Ихэвчлэн үйлдвэрийн гадна талд дамжлага ихтэй байдлаар хийсэн байдаг аж. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн инженерүүд бүх дэд бүтцэдээ зардлын хэмнэлтийг шингээж хийсэн нь баяжуулах хүчин чадал нэмэгдээд зогсохгүй, шинэ загварыг өөрийн үйлдвэрийн нөхцөлд тохируулан бүтээн байгуулсан гэж болно. Баяжуулалтын секцүүдийг ингэж шинэчилснээр хүдэр баяжуулах зардлыг бууруулж, технологийн үзүүлэлтийг дээшлүүлж буй нь өндөр үр ашигтай юм гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ерөнхий инженер Т.Батмөнх ярилаа. Түүнчлэн  ОХУ-ын РИВС фирмийн 96 ширхэг хөвүүлэн баяжуулах машиныг шинэчлэл хийснээр АНУ-ын FLSmidth компанийн WEMCO брэндийн 22 ширхэг өндөр хүчин чадалтай флотомашинаар шинэчилж, цахилгаан эрчим хүчний зардлыг 15-20 хувиар бууруулж, жилд хоёр тэрбум төгрөг хэмнэх аж. Зэсийн металл авалтыг 0.01 хувиар нэмэгдүүлснээр, жилд 1.4 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдэж байна. Түүнчлэн өргөтгөл, шинэчлэлийн үр дүнд сүүлийн зургаан сарын хугацаанд зөвхөн эрчим хүчний зардлаас 900 орчим сая төгрөг хэмнэжээ. Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалт хүдэр боловсруулах зургаан секцтэй. Гурван жилд тус үйлдвэр баяжуулалтын тоног төхөөрөмжүүдийн ийнхүү 60 хувийг бүрэн шинэчилжээ. Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлууд ирээдүйд боловсруулах хүдрийн шинж чанарт тохирох, олон хувилбарт уян системтэй хамгийн бага зардлаар өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн гэлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ ""Эрдэнэт үйлдвэрийн нөөц шавхагдаж байна” гэдэг зөрүүтэй мэдээлэлд цэг тавилаа. Дор хаяж 55 жил ажиллах боломжтойг баталсан уурхайчдадаа баяр хүргэе. Эрдэнэт үйлдвэр бол Монгол Улсын эдийн засгийн тулгуур төдийгүй, хөгжлийн хөрөнгө оруулалтыг босгох эх уурхай болон дэвшиж байна. Дэлхийд уур амьсгалын өөрчлөлт, цэвэр эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор зэсийн үнэ цэн нэмэгдэж, эрэлттэй болж байна” гэсэн юм.

Түүнчлэн тус үйлдвэрийг урт хугацаанд тогтвортой ажиллах боломжийг бататгах, итгэл төрүүлэх чимэгтэй мэдээ гэвэл тус уурхайгаас арав орчим км-т  байрлах “Оюут” зэсийн уурхай шинээр нээгдсэн явдал. Уг ордын таамаг нөөцийг 357 сая тонн, цэвэр зэсийн хэмжээ 1.1 сая тонн гэж тогтоосон. Уг орд Эрдэнэт үйлдвэрээс тусдаа 30 орчим жил ашиглах нөөцтэй  гэв. Тэгэхээр 85-100 орчим жил ашиглах нөөц гэж хэлж болно. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон “Өнөөдөр 47 дахь жилдээ ажиллаж буй Эрдэнэт үйлдвэрийг дахин 55 жил ашиглах боломжтой болсон. Эрдэнэт үйлдвэр дэлхийд цөөхөн байдаг 100 настай зэсийн уурхайн нэг болно” гэв.

 

Эрдэнэтийн овооны хүдрийн коридорт өөр томоохон зэсийн хүдэржилт байгаа гэв

Монгол Улс зэсийн том үйлдвэр барих тухай үе, үеийн Засгийн газрын тэргүүнүүд ярьж хөгжлийн бодлого төлөвлөгөөндөө тусгасаар ирсэн. Гэхдээ баяжуулах зэсийн  хангалттай нөөц хаана илүү билээ, түүнд л түшиглэсэн байх ёстой байв. Монголын ард түмнийг үеийн үед тэжээсээр ирсэн “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ 50 шахам жил ажилласан, ажиллах тусам хүдэр дэх металлын агууламж буурсан нь зэс баяжуулах том үйлдвэр байгуулах нь нөөцийн дутагдал орох эрсдэл байгааг мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид сануулж байсан. Уурхайг олон жил ашиглах тусам хүдэр дэх металл тэр дундаа зэсийн агууламж буурч тэр хэрээр зардал өсөж үйлдвэр ашигтай ажиллах эсэх нь эргэлзээтэй болж ирсэн. Ингэснээр уурхай урт хугацаандаа тогтвортой ажиллах нь эсэх нь үйлдвэрээс тэжээгдсээр ирсэн Монголын ард түмэн, олон мянган уурхайчид, Эрдэнэт хотын хувь заяа хэрхэх тухайд санаа чилээж байсныг нуух юун. Эрдэнэт биш Оюутолгойг түшиглэсэн зэс баяжуулах үйлдвэр барих тухай ч ярьж байв. Гэвч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд энэ тухай тусгаагүй байсан тул энэ асуудал тэгсгээд намдсан. Тэгвэл өдгөө хэдхэн жилийн өмнө  “Эрдэнэт үйлдвэр” дахин 55 жил ажиллах нөөц боломж байгааг зарласан. Харин энэ боломжоо бататгахын тулд үйлдвэрийн удирдлага, инженерүүд хайгуул шинжилгээ, үйлдвэрлэлийн технологийн өргөтгөлийн шинэчлэлийг сүүлийн гурван жилд эрчимтэй хийсний үр дүнд 2024 онд одоо ашиглаж буй ордын хэмжээг 11.3 сая тонн зэс, 538 мянган тонн молибден агуулсан 3.4 тэрбум тонн хүдрийн геологийн нөөцтэйгөөр тодорхойлж олон улсын Жорк стандартаар баталгаажуулсан. Үүнээс 2.2 тэрбум хүдрийн нөөцийг ашиглана гэж тооцож, үйлдвэрийн насжилт 55 жилээр уртассан байна. Энэ нөөцөөр “Эрдэнэт үйлдвэр” даруй 55 жил эдийн засгийн үр ашигтай ажиллах болсон. Тодруулбал, тус үйлдвэр 1990 оноос хойш нарийвчилсан хайгуул хийгээгүй. Өнөөдрийн байдлаар дөрвөн ордыг 55 жилийн хугацаанд ашиглах нөөцтэй байгаа юм. Нээлтийн үеэр “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хөгжлийн хэлтсийн Ерөнхий геологич,доктор, дэд профессор Д.Алтанхуяг хэлэхдээ “Урьдчилсан хайгуул 1986-1990 оны хооронд хийснээс хойш ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь “Эрдэнэт үйлдвэр”-т байгаагүй тул Оюут орд маань “орхигдсон” обьект байж. Харин бид 2023 оноос нарийвчилсан хайгуулыг эхлүүлж байсан өдгөө хоёрхон жилийн дотор намрын дунд сарын шинийн 15-ны билэгт энэ сайн өдөр сүүлчийн өрөмдлөгөө тавьж ордоо нээж буйд баяртай байна” гэв. Тэрээр цааш нь “Оюут” Эрдэнэтийн овооны хүдрийн коридорт, Орхон аймагт байрлаж байгаа зэсийн нэг орд юм. Тухайн үед Эрдэнэтийн овоо ордын зэсийн дундаж агуулга нь 0.8 хувь байсан болохоор Оюутыг тоож үзэх нь төвөгтэй л байсан байх. Тэгээд ч дэлхий нийтээр өмнөх нийгэм өөрчлөгдөж байсан цаг үе болохоор орхигдсон. Харин өнөөдөр Эрдэнэтийн ил уурхайн хүдрийн дундаж агуулга Cu 0.36 хувь болсон. Энэ бол тэр үеийн овоолгод хурааж байсан “балансын бус” хүдрээс, захын агуулгаас доош буусан үзүүлэлт. Нөгөө талаар хүдэр боловсруулах өндөр технологийн хөгжил, зэсийн үнийн өсөлт, эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байгаа цагт “Оюут”-ыг бага агуулгатай гэж илүүдэхгүй олон илрэл, обьектууд энд байна. Эрдэнэтийн ил уурхай болон түүний хүдэржилтийн структурын дагуу нийт 10-аад км сунаж тогтсон талбайг Оюуттай холбож, нэг бүхэл зүйл гэж ойлгон судлах нь геологийн тогтцыг илүү бодитой болгож байгаа төдийгүй завсарт нөөцийг нэмж тогтоох боломжтой гэж харж байна  гэлээ. Эрдэнэтийн дүүрэгт өөр томоохон зэсийн хүдэржилт бий гэдэгт огт эргэлздэггүй, төрийн дэмжлэг нь ч байна, туршлага нь ч байгааг мэргэжилтэн тодотгосон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 168 (7665)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.