Ц.МЯГМАРБАЯР
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Жинхэнэ мөс зүсэгчид, нийгмийн хөгжлийг урагш чирэгчид бол энтерпренерүүд, шинийг санаачилж, сорилтыг даван туулж, амжилтад хүрэгсэд байдаг. Тэгвэл энэ удаагийн зочноор “Байгаль орчин мэдээлэл сургалтын төв” ТББ-ын гүйцэтгэх захирал, экологич, Боловсролын удирдлагын докторант Э.Шинэцэцэгийг урьж ярилцав.
Бусад улс “ногоон” боловсролын үзэл санааг сургалтын хөтөлбөртөө тусгасан
-Дэлхийн улс орнууд боловсролын сургалтын хөтөлбөрөө шинэчилж байгаа энэ үед ЮНЕСКО-оос боловсролд ногоон үзэл санааг суулгах тухай эрчимтэй ярьж эхэлсэн.
Энэ нь дараагийн 5-10 жилд ажиллах боловсон хүчин одоо шинээр бэлтгэж байгаа иргэдэд юу хэрэг болж байна гэвэл "ногоон" амьдарч сурах зайлшгүй шаардлага бий болсонтой холбоотой. Манай улсад ч ялгаагүй боловсролын хөтөлбөрийн шинэчлэл эхэлсэн гэж болно. Тухайлбал, сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг туршин хэрэгжүүлж байна. Үүнийгээ дагаад дунд, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр шинэчлэх ажил эхлээд байна. Өөрөөр хэлбэл, ирэх арван жилд хэрэглэгдэх сургалтын хөтөлбөрүүд өнөөдөр шинэчлэгдэн хэрэгжиж эхэлж байна гэсэн үг. Харин хөтөлбөрийн шинэчлэлд Тогтвортой хөгжлийн боловсрол буюу ногоон үзэл санааг аль хэсэгт нь шигтгэж өгөх вэ гэдэгт бүх улс орнууд анхаарал хандуулж байгаа энэ үед бид ч дахин авч хэлэлцэх ёстой болж байгаа юм.
Нэг үгээр хэлбэл, дэлхийн улсууд сургалтын хөтөлбөртөө болон сургуулийн орчинд “ногоон” стандартыг мөрдөх шаардлага үүсээд байна. Эдгээр хөтөлбөр, стандартыг Олон улсын байгууллагаас боловсруулсныг бид эх хэл дээрээ орчуулж Боловсролын хүрээлэн, БОУАӨЯ-д хүргүүлж хамтарч ажиллаж байна. Уг стандартаар сургууль улсын, хувийн байх, хэдэн компьютер, ширээтэй байх нь чухал биш. Харин тухайн сургууль эрүүл, аюулгүй, ногоон орчинд нийцтэй байна уу гэдэгт дүгнэлт хийх юм. Түүнээс биш 500 хүүхэдтэй байна уу, 5000 хүүхэдтэй байна уу гэдэг чухал биш. Харин сургуулийн удирдлагын бодлого, шийдвэр нь хүүхдүүдэд болон байгальд ээлтэй, нийгэмд эерэг орчныг бүрдүүлэх нь чухал.
Сургуулийн орчин нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ямар нэгэн гамшигт үзэгдлийн үед эрүүл, аюулгүй байдлыг хангаж чаддаг байх нь чухал. Түүнчлэн хүүхдүүд эдгээрээс өөрийгөө хамгаалах, бусдыг анхаарах дадал, чадварт суралцсан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хоёр дахь гэр болсон сургууль нь хүүхдүүдийн тогтвортой байдлыг хангасан /showroom/ байх юм. Энэ нь юуг хэлж байна вэ гэвэл сургууль нь усны, цахилгааны, хог хаягдал, ариун цэврийн асуудал зэрэг бүх зүйлийг найдвартай,тогтвортой байлгах тухай л юм. Гэхдээ “Ногоон сургууль”-ийн стандартыг заавал шинээр хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн үг биш. Улс бүхэн өөрсдийн хэрэгжүүлж буй уламжлалт үйл ажиллагаа, хөтөлбөр, стандартууддаа энэ стандартаас авах зүйлээ авч сайжруулалт хийж ногоон сургуулийн үзэл санааг нэг түвшинд хүргээрэй гэсэн тунхаглал.
Монгол Улсад манай ТББ 2011 оноос сургалтын байгууллагад эрүүл, аюулгүй, ногоон орчныг бүрдүүлэхийн төлөө Олон улсын “эко”сургууль хөтөлбөрийг 400 гаруй сургууль, 300 орчим цэцэрлэгт хэрэгжүүлж, чиглүүлж ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн. Энэ бүгд “Ногоон сургуулийн стандарт”-тай агаар нэг үзэл баримтлалтай бөгөөд өнөөдөр энэхүү олон улсын удирдамжийн хүрээнд улам сайжруулан хөгжүүлж байна.
“Ногоон сургууль” -ийн олон улсын стандарт руу дөхөхөд орон нутгийн дэмжлэг чухал
-Манай боловсролын салбарын удирдлага, багш, ажилтнууд сургуулийнхаа орчныг ногоон болгох чин хүсэлтэй байдаг. Гагцхүү тухайн сум, баг, аймгийн удирдлагын зүгээс үзүүлэх дэмжлэг чухал. Тухайн орон нутгийн хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлэх нь зөвхөн сургуулийн ажил биш сум, аймгийн үндсэн ажил нь гэсэн үг. Тэгэхээр санаачилгыг тэд гаргах ёстой. Илүү санаачилгатай, орон нутгийнхаа хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлж байгаа газрын сургууль, цэцэрлэг давуу боломжийг хүртэж байдаг. Нөгөөтээгүүр, тухайн сум орон нутгийг удирдаж байгаа хүмүүсийн мэдрэмж, санаачилга маш чухал. Харамсалтай нь улс төрийн сонгуультай холбоотойгоор удирдлагууд нь солигддог байдал нь тогтвортойгоор дэмжих, хэвийн үргэлжлэх нь алдагддаг. Мэдээж ногоон, эко сургуулийн орчныг бүрдүүлэхэд төсөв, санхүүжилт их бага байхаас хамаарах ч хамгийн гол зүйл нь мэдрэмж, санаачилга, эцэг, эхийн, сумын иргэдийн оролцоо хандлагаас бүх зүйл шалтгаална. Мөн сургалтын үйл ажиллагааны тэгш хүртээмжтэй байдал маш чухал.
Хамгийн наад захын чухалчлах асуудал бол уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй агаарын бохирдлоос хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд боловсрол эзэмших эрх маш ноцтойгоор зөрчигдөж байгаа. Дээр нь нэмээд нэг ангид байх хүүхдийн тоо, хоорондын зай зэргээс үүсэх дотор орчны агаарын бохирдлын асуудал гадаад орчноос илүү хөндөгддөг. Стандартаар нэг хүүхдэд хэдэн ам метрт зай ногдох ёстой билээ бүгд алдагдсан. Уг нь мөрдүүлэх гэж стандарт баталсан биз дээ. Өнөөдөр нэг ангид 70 хүртэл хүүхэд сурч байгаа нь хүүхдийн эрхийн асуудлыг хамгийн ихээр зөрчиж байна. Тиймээс эдгээр асуудлыг хэрхэн шийдэх шийдэл гарцыг бид олох ёстой. Хэдийгээр төрөөс эдгээрийг шийдэхийн тулд сургууль, цэцэрлэгийн барилгын стандартыг мөрдүүлэх, засаж сайжруулах ажил хийгдэж байгаа ч сум, орон нутгийн удирдлага, сургуулийн захиргаа, эцэг эхчүүдийн оролцоо, хамтын ажиллагаа чухал.
Нэгэнт л тэр ангид өөрийнх нь хүүхэд суралцаж байгаа тохиолдолд ядаж дотор орчны агаарын бохирдлыг бууруулахад анхаарч энгийн байдлаар шийдэх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Агааржуулагч, агаар сэлгэлтийн норм зэргийг хянаж, чийгшил, ногоон байгууламжийг нь нэмэгдүүлэх ямар боломж байгааг эцэг, эхчүүд эрэлхийлж, хөрөнгө оруулалт хийж яагаад болохгүй гэж. Тэд бас энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцох тусмаа өөрийн гэр оронд энэ асуудал бас хэчнээн чухал болохыг олж мэднэ.Төр, хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаа ногоон үзэл санааг суулгахад чухал.
“Эко сургууль” хөтөлбөрийн гол зүйл нь харилцан ашигтай түншлэл
Манай “Эко сургууль” хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын гол ажиллагаа нь түншлэл, хамтын ажиллагаа юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд анги бүр орчны үнэлгээг хийдэг. Энэ үнэлгээг зөвхөн багш хийвэл шаардлага болно. Харин эцэг, эхчүүд хамтарч хийвэл үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, үнэлгээг хийснээр манай хүүхдийн ангид юу хэрэгтэй, юу байхгүй байна гэдгийг мэднэ. Эдгээрээс сургуулийн төсвөөр хийж болох зүйлийг жагсааж эрэмбэлээд өөрсдийн зүгээс дэмжих боломжтой зүйлээ гаргаж ирнэ гэсэн үг. Гэхдээ хүүхэд бүрээс 1000 төгрөг хурааж хийхээс илүүтэй хамтарч хэрхэн хийх бас эцэг эхийн зөвлөлийн хэдхэн хүн биш бүгд оролцох нь л чухал. Тухайлбал, сургуулийн хажууд байрлах компаниар нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжүүлж болох зүйл юу байна гэх мэтээр эцэг, эхчүүд оролцоогоо хангах арга зүйд суралцах нь чухал.
Энгийн зүйлээс л эхэлдэг. Бага ангийн самбарын дэргэдэх залгуур хэр өндөрт бас ямар төрлийнх байвал аюулгүй байдлыг хангаж болохыг багш нэг аавд хариуцуулаад үнэлгээг нь хийлгээд стандарт хэмжээнд нь болгоод өгөхөд дэмжлэг хүсэхэд л энэ асуудал арилна. Гэвч ийм жижиг асуудлыг хэн ч анзаардаггүй. Харин оролцоотой байвал анзаарч эхэлнэ. Эцэг, эхчүүдийн тэгш оролцоог хангавал хэн ч хүүхдийнхээ төлөө мөнгө харамлахгүй. Ер нь нийгмийн оролцоо, түншлэл хамгийн үнэт зүйл. Оролцоо, түншлэлд стандарт тогтоосон зүйл байхгүй. Чадлынхаа хэрээр оролцоод, өөрчлөөд үзэх нь л чухал. Гэхдээ бүгдийг нь оролцуулах хэрэгтэй. Байнга эцэг, эхийн зөвлөлийн 5-6 хүн оролцоод байвал тэдэнд дарамт үүсгэнэ. Тиймээс түүний цаана байгаа 45 хүнээ оролцуулах тактикийг багш хийх чадвартай байх хэрэгтэй. Ингэснээр багшид эцэг, эхчүүдээс өгөх үнэлгээ үнэн, зөв, өндөр гарна гэсэн үг. Тэрнээс гадна тэдэнд өөрийн хүүхдийн сурч хөгжих орчныг илүү эрүүл, аюулгүй ногоон болгоход маргааш хэн нэг нь дэмжээд хийж өгнө гэж хүлээж суухаас илүү өнөөдөр, нэг өдрийн өмнө ч гэсэн эрсдэлгүй эрүүл орчинд хүүхдээ суралцуулахын тулд манлайлах боломжийг нь олгож чаддаг сургуулийн менежтмент хүний нөөцийн чадавх чухал байна.
Эко-сургууль хөтөлбөр үр дүнтэй хэрэгжсэн
-Олон улсын Эко-сургууль хөтөлбөр нь чадавхыг эзэмшүүлэхийн төлөө ажилладаг. Манай ТББ 700 гаруй сургууль, цэцэрлэгийг 2-3 жилийн турш үе шаттай сургалт, зөвлөн туслах ажлуудаар тасралтгүй чиглүүлж ирсэн. Өөрчлөлт нэг сард эсвэл нэг сургалтаар бий болдоггүй. Тасралтгүй үйл ажиллагаа, хамтран суралцаж, туршин хэрэгжүүлж, сайн туршлагын эзэн болсноор бий болдог. Манай хөтөлбөрт хамрагдсан сургууль цэцэрлэгүүд хамтдаа жил бүр улсын төсөвт 2-4 тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл, хэмнэсэн нэг киловатт эрчим хүч, нэг литр ус, алхсан нэг км бүрийнхээ үр дүнд. Мөн бидний тарьсан мод бүр 90 хувь нь ургадаг. Тарьсан модны тоонд биш тарих учир шалтгаан, үнэлгээ, арчлах арга зүйгээ тодорхойлсон байдаг болохоор тэр. Энэ үйл явцын үр дүнд бид ч Эко-сургууль цэцэрлэгүүд хамтдаа өөрчлөгдсөн. Гэвч сүүлийн үед идэвхтэй хамтран ажилладаг сургууль цэцэрлэгүүдийн идэвхи буурч байна уу гэдэгт санаа зовдог. Учир нь бусад оронд Засгийн газраас нь Эко-сургууль хөтөлбөрт шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, ногоон үзэл санааг сургалтын хөтөлбөртөө хэрэгжүүлээд өгөөч гэдэг бол манайд эсрэгээрээ бид хэрэгжүүлье харин Засгийн газар дэмжээд өгөөч гээд гуйж, гүйдэгт л байгаа юм. Төрөөс мөнгөн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ урам зориг, урамшууллын дэмжлэг, дүгнэдэг систем чухал санагддаг. Ногоон үзэл санааны мөн чанрыг ойлгосон хүсэл эрмэлзэлтэй бүх сургууль, цэцэрлэгүүдийн хийснийг сайшаадаг байх.
Хот тогтвортой хөгжье гэвэл иргэнээ бэлтгэхээс эхэлдэг
-Бусад улсын тухайлбал, Швейцар, Франц зэрэг орнуудын ногоон боловсролын үзэл санааг сургалтын хөтөлбөртөө тусгаж хэрэгжүүлсэн туршлагаас анзаарсан зүйл гэвэл “Тогтвортой улс, орон байя гэвэл тогтвортой хот суурин байх хэрэгтэй” гэсэн тодорхойлолт анхаарал татсан. Өөрөөр хэлбэл, хот суурин болгон өөрийнхөө тогтвортой байдлыг тодорхойлсон байдал нь чухал санагдсан. Тосгон байна уу, сум байна уу өөрийнхөө тогтвортой байдлыг тодорхойлохын тулд ирээдүйн иргэнээ бэлтгэхээс эхэлнэ гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Бүр тодруулбал, энэ хүн гадаа, гудамжинд гараад иргэн болно. Тиймээс гадаад орчин болох газар, шороо, агаар мандал, бүх зүйлтэй харьцаж эхлэх иргэнээ бид бэлтгэх, өөрчлөх нь чухал гэсэн агуулга. Ингэснээр тухайн тосгон, хот тогтвортой хөгжих үү гэдэг нь шалтгаална.
Иргэн хотдоо аз жаргалтай, амгалан тайван, сайн сайхан, сэтгэл нь гоё байх асуудлыг бид ярьдаг. Тэгвэл ийм мэдрэмжийг бий болгоход боловсролоос эхэлнэ. Тухайлбал, Швейцарт хүүхэд хэдэн настай байх нь хамаагүй долоо хоног бүр нэг цагийн хичээл гадаа явагдах ёстой гэсэн дүрэмтэй. Хамгийн ойрхон цэцэрлэгт хүрээлэн, ой мод, гол мөрөн хаана байна. Өвөл байна уу, цас шуурч байна уу хамаагүй. Тогтсон өдрөө заавал гарч хүйтэн, халуун гэдгийг мэдрүүлэх л чухал. Хүрч, тэмтрэх, навч, ногоог хүртэж, мэдрэмж авах нь чухал. Ямар жимсийг идэж болдог, ямрыг нь идэж болдоггүй. Хүний гараар тарьсан мод, цэцэрлэг, байгалиасаа ургасан мод, зүлэг зэргийг ялгаж таньж мэдэх. Түүнчлэн ямар ургамал ургаснаар зарим ургамлыг ургуулахгүй дарсан байна гэдгийг өөрсдөд нь харуулж, мэдрүүлэх гэх мэт.
Байгалийн үзэгдэл, эко системийн гоёыг мэдэрсэн мэдрэмж тухайн хүнийг сэтгэл зүйн хувьд зөв иргэн болж төлөвшихөд нөлөөлдөг байх нь. Ургамал дээр хог хаяхад ургаж чаддаггүй юм байна гэсэн мэдрэмжийг харсан, зүрх нь шимширсэн хүүхэд хэзээ ч хог тарьдаггүй. Нөгөөтээгүүр, эцэг, эхчүүдийн үүргийг мэдрүүлсэн явдал нь чухал санагдсан. Та энэ хотын иргэн мөн, хүүхдүүдийнхээ асран хамгаалагч нь л бол хүүхдүүдээ амралтын өдрүүдэд амьдардаг хоттой танилцуулах мэдрэмж авах үүргийг хүлээсэн байдаг. Хот, тосгонтой танилцах явцад багшийн өгсөн даалгаврыг биелүүлснээр аав, ээж хүүхдүүдтэйгээ хамт суралцдаг байх жишээтэй. Багш хаана ямар гарцаар гарах, замын хажууд байгаа хогийн сав хэдэн өнгөтэй байсан гэх мэт маршрутаар явдаг гэсэн үг. Гудамжинд гурван өнгөтэй хогийн сав байна. Тэгвэл танай гэрт гурван өнгөтэй хогийн уут, сав байна уу гэх мэт энгийн зүйлээс хог хаягдлаа ангилан ялгах ёстой гэсэн дадал суудаг. Энэ бүгдээс томчууд хүүхдүүддээ үлгэрлэхээс өөр аргагүй байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 167 (7664)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.