С.УРТНАСАН

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ихбаярыг урьж ярилцлаа.

 

Газар төлөвлөлтгүй байгаа нь хамгийн том асуудал болж байна

 

-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь улсын хэмжээнд газар зохион байгуулалтын үйл ажиллагааг эрхэлдэг. Зохион байгуулалтын үйл ажиллагаанд газрыг төлөвлөх, бүртгэх, үнэлэх, татвар төлбөр ногдуулах, төлөв байдал, чанарт хяналт тавих, газрын мэргэжлийн хяналтыг гүйцэтгэх зэрэг үйл ажиллагааг улсын хэмжээнд хэрэгжүүлж, хяналт тавих үйл ажиллагааг эрхэлдэг байгууллага. Энэ хүрээнд газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангахаас гадна Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, газрын харилцааны гол мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтийг хангах, улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг чиглэлтэй ажилладаг. Энэхүү үүрэг чиглэлээ хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа гол асуудал нь газрын харилцааны чиглэлээр хууль эрх зүй талаасаа хүндрэлтэй асуудлууд байна. Газрын хуулийг хэрэгжүүлж байгаа хэрэгжилтийг хангахтай холбоотой цөөнгүй асуудлууд гардаг. Газар өмчилж авах хүсэлтэй иргэд хүсэлтээ газрын албандаа тавиад шийдэгдэхгүй байна гэх асуудал нэгдүгээрт тавигддаг. Энэ нь нийтийн зүгээс тавьж байгаа асуудал. Улсын хэмжээнд тулгамдаж буй асуудал нь Монгол Улсын бэлчээрийн зүй зохисгүй ашиглалтаас шалтгаалан бэлчээр доройтож, малын тоо толгой өсөж байгаа нь бэлчээрийн гарц муудаж байгаа нэг асуудал байна.

Дараагийнх нь газар төлөвлөлтийн асуудал юм. Монгол Улсад хот байгуулалтын тухай хууль, газрын тухай хууль, орон зайн төлөвлөлтт, газар ашиглалттай холбоотой олон хуулиуд байна. Энэ хуулиудын уялдаа холбоо төдийлөн хангагдаж чаддагүйгээс шалтгаалаад хот суурин, хөдөө аж ахуй, ойн болон усан сан, зам шугам сүлжээний газар гэх мэт ангиллын газрууд дээр нэгдсэн төлөвлөлтгүй явж ирснээр хот төлөвлөлт алдагдаж, замбараагүй газар олголтоос үүдсэн олон тооны газар чөлөөлөлтийн асуудлууд үүссээр ирсэн. Эдгээр асуудлууд эргээд иргэдийн газрын эрхийг хөндөгдөж байна. Иргэд газар өмчлөх, эзэмших эрхтэй. Гэвч энэ нь анхнаасаа зөв төлөвлөгдөөгүй, төлөвлөгөөгөө хэрэгжүүлдэггүйгээс болж иргэд дараа нь газар чөлөөлөлтөд өртөх, тухайн газар дээр нь дэд бүтэцгүй, наад зах нь галын машин, түргэний машин ч очиж чадахгүй орц гарцгүй, анхан шатны нийгмийн хэрэгцээний хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн хүртээмж байхгүй зэрэг төлөвлөлттэй холбоотойгоор олон асуудлууд үүсдэг.

 

Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй

-Бэлчээрийн буюу хөдөө аж ахуйн газрын зохион байгуулалтыг Засгийн газрын хуулиараа Хөдөө аж ахуйн сайдад эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа юм. Харин нөхөн сэргээх, хамгаалах, нөхөн сэргээлтийн асуудал нь Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын эрхийн хүрээнд мөн хамаарна. Төлөв байдал, чанарыг нь хянах асуудал болоод ирэхээр манай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хамаарч байгаа. Жишээ нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд хөдөө аж ахуйн газрын зохион байгуулалт, менежментийн бодлогыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нөхөн сэргээх хамгаалах асуудал нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, төлөв байдлыг нь үнэлэх асуудал нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцах гэх мэтээр нэг цогц асуудлыг тал талд харилцан уялдаагүйгээр эрхэлж байна. Энэ зөвхөн нэг талаас харж хандах асуудал биш учраас уялдаа холбоог нь сайтар хангаж өгөх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн газар гэдэг нь өөрөө тухайн газар, малчдын амьжиргаагаа залгуулах газар дээр мал бэлчиж байж тэр нь эргээд хөрөнгө болж зах зээлд нийлүүлэгдэнэ. Энэ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байж нийгэм эдийн засгийн хэрэгцээг хангахын тулд тухайн газрыг зөв зохион байгуулж төлөвлөх ёстой. Салбар хоорондын уялдаа холбоо төдийлөн сайн хангагдаагүйгээс болж цөлжилт, бэлчээрийн доройтлын асуудал үүсэж байна. Малчдын орлогыг бууруулахгүйгээр малын тоог зохистой хэмжээнд авчирах вэ гэдэг асуултад салбарууд хамтран ажиллах ёстой. Газрын доройтлын судалгааг олон газар хийж байгаа. Байгаль орчны яам, Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Хөдөө аж ахуйн яамууд хийсээр байна. Байгаль орчин талаасаа хийж байгаа судалгаан дээр аваад үзвэл хамгийн сүүлд цөлжилтийн атласаар нийт нутаг дэвсгэрийн 72.8 хувь нь цөлжилтийн ямар нэг нөлөөнд өртсөн. Өөрөөр хэлбэл цөлжилт хөдөө аж ахуйн газар явагдаад байна. Манай агентлагийн хувьд хийгдэж байгаа бэлчээрийн газрын төлөв байдлын хяналтуудаас харахад мөн л 70 гаруй хувь нь ямар нэг хэмжээгээр хүний нөлөөлөл, доройтолд өртсөн байгаа гэх мэдээ, тооцоолол гардаг.

Эдгээр асуудлууд даамжирснаар цөлжилт үүсдэг. Цөлжилтөөс шалтгаалан тухайн газрын ургамал, амьтны төрөл зүйлүүд багасаж биологийн төрөл зүйл ядмаг цөл маягийн экосистем тэнд бүрэлдэнэ. Ингэснээр үндсэн эдийн засгийг нуруун дээрээ авч явж байгаа хөдөө аж ахуйн салбар эрсдэлд орно. Цаашлаад хөдөө аж ахуйн салбар буюу бэлчээрээсээ амьжиргаагаа залгуулж байгаа малчид ган, зуд, үер ус зэрэг маш олон эрсдэлтэй нүүр тулна. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшгийн давтамж нэмэгдэнэ. Улмаар малгүй болсон малчид хот руу нүүж хотын хэт төвлөрлийг бий болгоно. Энэ мэтчилэн газрын доройтлын асуудал нь дам дамын нөлөөллөөрөө нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь алсдаа нэлээд хор уршигтай.

 

Зөв зохион байгуулж, төлөвлөх хэрэгтэй байна

 

-Газрын харилцаа талаасаа гол хувь нэмэр оруулах асуудал нь зөв зохион байгуулж төлөвлөх. Зөв төлөвлөхдөө тухайн аймаг, орон нутгийн нийгэм эдийн засаг, малчдын хэрэгцээ шаардлага нь юу вэ, эргээд байгалийн даац чадавх ямар байх вэ гэдгийг малчдад өөрсдөд нь таниулсан төлөвлөгөө хийж өгөх хэрэгтэй. Тухайн байгаль орчин, нийгэм, эдийн засгийнх нь нөхцөл нөөцөд тохирсон ашиглалтыг зохион байгуулж өгөх нь чухал. Танай бэлчээрт тэдий тооны мал бэлчихэд хангалттай, үүнээс хэтрээд ирвэл яваандаа газрын доройтол бий болж цаашлаад цөлжилт үүсэх эрсдэлтэй гэдгийг төлөвлөлтийнхөө явцад хэлж өгөх хэрэгтэй. Мөн малчдын оролцоотойгоор орон нутгийн бэлчээрийн хуваарийг тогтоож өгч байгаа юм. Ингэснээр бэлчээр дээр үүсэх янз бүрийн зөрчил маргаанаас сэргийлж, хуваарь бүр дээр хэрхэн ашиглах асуудлуудыг төлөвлөж өгч байгаа юм. Энэ төлөвлөлтийн баримт бичгийг иргэд, орон нутгийн оролцоотой боловсруулаад явбал эргээд хэрэгжүүлэхэд дөхөмтэй. Хэчнээн сайн төлөвлөгөө боловсруулсан ч хэрэгжилтийн шат хамгийн чухал. Орон нутгийн иргэд болон удирдлагуудын зүгээс  газар зохион байгуулалтын төлөвлөөгөө хэрэгжүүлнэ гэхээр зөвхөн газраа олгох талаар ойлголттой байдаг. Иймээс иргэд, малчдын хувьд бэлчээрээ хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг төлөвлөж хэрэгжүүлэх нь чухал. Ингэснээр бэлчээрийн доройтол буурч, газар нөхөн сэргээд ирвэл газрын бүтээмж,  үр өгөөж нэмэгдэнэ гэсэн үг. Товчхондоо бэлчээр нь соргог, эрүүл байвал малчдын орлого нэмэгдэнэ.

 

330 сумын 90 нь хотын ерөнхий төлөвлөгөөгөө хийлгэсэн

 

-Төлөвлөгөө хийх асуудлыг манайх эрчимтэйгээр хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, 2024 оноос төлөвлөгөө хийлгэх ажлыг эрчимтэйгээр зохион байгуулж ирсэн. 2023 Газрын тухай хуульд өөрчлөлт орж манай Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар Барилга, хот байгуулалтын яамны харьяанаас Монгол улсын Ерөнхий сайдын шууд харьяанд шилжсэн. Энэ өөрчлөлтийн хүрээнд 2024 оноос хойш газрыг заавал төлөвлөлтийн дагуу ашигладаг байх зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан. Өмнө нь 330 гаруй сумаас тал шахуу нь хотын хөгжлийн төлөвлөгөөгүй явж ирсэн байгаа юм. Төлөвлөлтийн дагуу газар олгох асуудлыг шаардлах болсноор өнгөрсөн хоёрхон жилийн хугацаанд улсын хэмжээнд 97 сум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө хийлгэж байгаа гэсэн эерэг өөрчлөлт гарч байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлөх тухай хууль, Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулиадаар хуулиудаар 20 гаруй жилийн өмнө ерөнхий төлөвлөгөөг үндэслэж газар олгоно хэмээн заасан байдагч төлөвлөлтгүй газар олгох, байгаа төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхгүй явж ирсэн нь энгийн үзэгдэл юм шиг байдалд хүргэсэн. Үүний сөрөг үр дагавар нь хаа хамаагүй дуртай газраа авч болдог юм байна гэсэн хандлагыг ойлголтыг нийгэмд бий болгосон. Ингэснээр нөгөө төлөвлөлтгүй газар олголт гэдэг нь бий болж, түүнээс үүдэн маш олон асуудлууд үүссэн. Хэдий 97 сум төлөвлөгөө хийлгэж байгаа ч цаана нь төлөвлөгөө хийлгээгүй 87 сум хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 49 сум нутаг дэвсгэр төлөвлөгөө хийлгэхгүй үлдсэн байна. Эдгээр төлөвлөгөөнүүдийг цогцоор нь хийлгэчих юм бол хотын болон хөдөө аж ахуйн газрын газар ашиглалтууд төлөвлөлтийн дагуу эмх цэгцтэйгээр явагдах үндэс суурь бүрдэнэ. Манайхаас цахимаар төлөвлөлтүүдийг хэрэгжүүлэх, боловсруулах, хяналт тавих үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж, бүх төлөвлөлтүүд цахим руу шилжээд эдгээрийн хэрэгжилтийг төр төдийгүй иргэд, олон нийт хяналт тавих боломж бий болсон.

Газар зохион байгуулалтын үйл ажиллагааг эрхлэх явцдаа манайх өөрсдөө мэдээллээ бүрдүүлж хэдэн сум төлөвлөгөөтэй байна, нийт иргэдийн хэдэн хувь нь газраа өмчилж, ашиглаж байна, газар өмчилсөн иргэдийн хэдэн хувь нь газар дээрээ ашиглалттай байгаа болон тухайн газрын талаарх зөрчил маргаан хэр их гарч байна гээд энэ бүх мэдээллүүд бидний өдөр тутмын ажлаар нэгтгэгдээд явж байгаа. Энэ мэдээллүүд дээрээ үндэслээд дараа дараагийн үйл ажиллагаагаа төлөвлөх байдлаар явдаг.

 

Газар төлөвлөлтийн асуудалд орон нутагт төсөв тавих ёстой

 

-Газар төлөвлөлт хийгдэхгүй байгаа гол шалтгаануудын нэг нь орон нутгийн төсөв хөрөнгийн асуудал байна. Газар зохион байгуулалт, хотын хөгжлийн төлөвлөгөөндөө хийлгэж байж, газар олголт, бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явагдах учиртай ёстой байтал төлөвлөлтйн асуудал дээрээ төдийлөн анхаардаггүй. Түүнээс болж олгосон газар нь иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах шаардлагыг хангахгүй, дэд бүтэцгүйгээс болж газар дээрээ ашиглалтгүй газрууд ихээр бий болж байна. Тухайлбал 2014 онд нийслэлд цахим өмчлөлийн хүрээнд 70 орчим мянган иргэн газар өмчилж авсан боловч 10 жилийн өнгөрсөн ч өмчлүүлсэн газрууд нь ашиглалтгүй өдийг хүрсэн. Газар гэдэг үнэтэй үл хөдлөх хөрөнгө боловч энэ мэтээр төлөвлөлт судалгаа муутайгаар хавтгайруулан олгосноос үр өгөөжийг иргэд хүртэж чадахгүй байна. Энэ эргээд авто зам, төмөр зам барих зэрэг Улс орны бүтээн байгуулалт хийхэд сөргөөр нөлөөлж, газар чөлөөлөх шаардлага үүсгэж байна. Хотын хөгжлийн төлөвлөгөө гэдэг зүйлийг хийж, хэрэгжүүлэх талаар хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага зайлшгүй байгаа.

 

Төлөвлөлтөө хэрэгжүүлэхгүй байгаагаас болж газар хэвийн олгогдохгүй байна

 

-Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдан 2003 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд нийгэм, эдийн засагт олон өөрчлөлтүүд гарсан. Үүнтэй холбогдуулан газрын тухай хуулийн зохицуулалт зарим дээр нь тодорхойгүй ч гэх юм уу нөхцөл байдлууд үүссэн. Жишээлбэл, үл хөдлөх хөрөнгө нь газраас салгамагц ашигт шинж чанараа алддаг зүйл учраас газартайгаа хамт байх ёстой. Гэтэл одоогийн байдлаар газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл төдийлөн уялдаж чадахгүй байгаа. Мөн дархан цаазат газар маш олон үл хөдлөх хөрөнгүүд бий болсон. Жишээ нь дархан цаазат Богдхан ууланд улсын бүртгэлд 27464 үл хөдлөх хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдсэн гэх мэдээлэл байгаа. Харин тусгай хамгаалалттай газар газрын эрх авсан мэдээллийг нь аваад үзэхэд 4468 нэгж талбар бүртгэгдсэн гэх зөрүүтэй тоо гарч байгаа нь үлдсэн 20 гаруй мянган үл хөдлөх хөрөнгө нь газаргүй агаар дээр байшин байгаатай ялгаагүй дүр зураг бий болж байна.

Дээрх асуудлыг шийдэхийн тулд үл хөдлөх хөрөнгийн бүртгэл газрын кадастрын бүртгэлийн уялдааг сайжруулах, газрын дээрх болох доорх орон зайг газрын эрхэд хамааруулж бүртгэдэг байх зэрэг хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай. Мөн олон өмчлөгчтэй барилга байшин, орон сууцуудыг талбайн хэмжээтэй хувь тэнцүүлсэн байдлаар хөрөнгийн бүртгэлийг нь газрын эрхийн хамт бүртгэдэг байхаар зохицуулагдвал оновчтой.

Өнгөрсөн хугацаанд газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем гэх цахим системийг хөгжүүлж ирсэн. Энэ цахим системээрээ дамжуулан иргэд олон нийтэд 42 төрлийн үйлчилгээ явуулж үүнээс иргэд давхацсан тоогоор 11 сая үйлчилгээг авсан байгаа юм. Газрын тухай хуульд өөрчлөлт орсноор газартай холбоотой үйлчилгээнүүдийг газар шинээр авах бүх өргөдлүүдийг цахимаар авч ил тод тодорхой эрэмбээр шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт бий болсон. Өмнө нь иргэдийн өргөдлүүдийг гараар бичүүлдэг байсан учраас өргөдөл үрэгдэх, удаан хугацаанд дарагдах, өгсөн дарааллууд нь өөрчлөгдөх асуудлууд байсан. Цахимаар шийддэг болсноор энэ мэт зөрчлүүд бий болгоос сэргийлж байгаа. Мөн өмнө нь гэр бүлийн хэрэгцээнд газар авч байгаагүй бол газар авсан иргэдийн дээр эрэмбэлэгдэх зэрэг газар олголтыг тэгш хүртээмжтэй болгоход чиглэсэн хууль эрх зүйн орчин бүрдсэн. Эцэст нь хэлэхэд олон нийтийн зүгээс газартай холбоотой хамгийн их тавигддаг асуудал бол газар олгохгүй байна гэдэг асуудал байдаг. Газар олгохгүй байгаа хамгийн том шалтгаан бол төлөвлөлтгүй байгаа байдал. Төлөвлөлттэй байснаар таны газар олгогдоно гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ эргээд таныг аюул эрсдэлээс ангид, цэцэрлэг, сургуультай, дэд бүтцээр хангагдсан нөхцөлийг бүрдүүлж өгөхийн тулд төлөвлөлт чухал гээд байгаа юм.

Мөн орон нутгийн зүгээс газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө батлахгүй удаашрах, төлөвлөлтөө хэрэгжүүлэхгүй байх зэрэг асуудлаас болж газар олголт хэвийн явагдахгүй байна. Тухайлбал 2025 оны гуравдугаар сард гэхэд 2025 оныхоо төлөвлөгөөг батлаагүй 59 сум, иргэнд өмчлүүлэх газрынхаа тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлаараа батлаагүй 3 аймаг байх жишээтэй. Иймээс иргэддээ хандаж хэлэхэд танай сум, суурин газарт газар олголт хангалтгүй явагдаж байгаа бол орон нутгийн удирдлагууддаа газар зохион байгуулалт, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө хийлгэх тухай шаардлагыг сайтар тавих хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 161 (7658)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.