Төв Ази нь далайд гарцгүй, алслагдсан бүс нутгийн тоонд ордог байсан бол сүүлийн жилүүдэд Евразийн хамгийн эрчимтэй хөгжиж буй худалдааны төвүүдийн нэг болон хувирч байна. Евразийн хөгжлийн банкны мэдээллээр, сүүлийн таван жилд тус бүс нутгийн гадаад худалдааны хэмжээ 103 хувиар өсжээ.
Өнөөдөр Төв Ази, Өмнөд Кавказын хамтаар далайд гарцгүй орнуудын нийт бараа эргэлтийн 55 хувийг бүрдүүлж байна. Өсөлтийн тэргүүлэгчдээр Туркменистан (230%) болон Кыргызстан (191%) тодорч, уламжлалт логистикийн төвүүдийн байр суурийг сорьж эхэллээ гэж AsiaToday мэдээлжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэхүү үсрэнгүй хөгжлийн хоёр гол шалтгаан байна. Эхнийх нь, Евразийн тээврийн үндсэн дэд бүтцийн томоохон хөгжил. Шинэ төмөр замын шугам, авто замуудыг дагаад Хятад, Европыг холбосон ачаа тээврийн урсгалын гол зангилаа нь Төв Ази болж байна. Хоёрдугаарт, “зөөлөн” дэд бүтцийн шинэчлэл. Хүнд суртлыг багасгаж, гаалийн горимыг хялбаршуулах, мэдүүлгийг цахимжуулах, нэгдсэн логистикийн платформуудыг бий болгох замаар хугацааг мэдэгдэхүйц богиносгосон нь чухал нөлөө үзүүлжээ.
Өнөөдөр Төв Ази зөвхөн дамжин өнгөрөх коридор биш, харин дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний бүрэн эрхт оролцогч болж байна. Шинэ терминал барих, мультимодаль тээврийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах ажлууд ид өрнөж, тус бүс нутгийг Евразийн “хуурай боомт” болгон хувиргаж байна. Хэрэв өмнө нь далайд гарцгүй байхыг хөгжлийн саад гэж үздэг байсан бол өнөөдөр энэ нь шинэчлэл, инновацийн түлхэц болж байна. Одоогийн өсөлтийн хурдаас харахад Төв Ази зүгээр нэг гүйцэж түрүүлээд зогсохгүй, дэлхийн худалдааны хэмнэлийг тодорхойлох хэмжээнд хүрч эхэлжээ гэж AsiaToday-д онцолжээ.
Эх сурвалж: zms.mn