Хакерын бүлэглэлийг удирдсан хэрэгт буруутгагдаж буй Хятад улсын иргэнийг Сөүл хотын төв дүүргийн шүүхэд авчрах үеэр. Фото: Yonhap
Өмнөд Солонгосын алдартай BTS хамтлагийн Жонгүг /Jungkook/ зэрэг чинээлэг хохирогчдоос 38 тэрбум вон буюу 29 сая доллар хулгайлсан хакерын сүлжээг удирдсан хэрэгт буруутгагдаж буй Хятад иргэнийг Солонгост албан ёсоор баривчилжээ. Энэ талаар Hankookilbo наймдугаар сарын 25-нд мэдээлсэн байна.
Сөүл хотын төв дүүргийн шүүхийн шүүгч наймдугаар сарын 24-нд 34 настай Жэон /Jeon/ овогтой сэжигтнийг хэд хэдэн хууль зөрчсөн хэргээр баривчлах шийдвэр гаргасан байна. Сэжигтнийг нотлох баримтыг устгах эсвэл зугтаж магадгүй гэсэн үндэслэлээр ийм шийдвэр гаргажээ. Тус улсын цагдаагийн байгууллага болон Хууль зүйн яамны мэдээлснээр, Жэон 2023 оны наймдугаар сараас 2024 оны нэгдүгээр сарын хооронд хилийн чанадад Солонгосын харилцаа холбооны компанийн вэб сайтуудыг онилон, хувийн мэдээллийг хулгайлсан хакерын бүлэглэлийг зохион байгуулжээ. Эндээс хулгайлсан мэдээллээ ашиглан тус бүлэглэл хохирогчдын нэрээр гар утасны данс нээж, тэдний банк болон криптовалютын данс руу нэвтэрч, 38 тэрбум гаруй воны хөрөнгийг залилан авсан байна.
Солонгосын эрх баригчид Сөүл хотын цагдаагийн газар болон Интерполтой хамтран Жэоныг дөрөвдүгээр сард Тайландад байгааг тогтоож, улмаар тус улсад баривчлан саатуулжээ. Түүнээс хойш дөрвөн сарын дараа буюу наймдугаар сарын 22-нд түүнийг Солонгост шилжүүлэн өгсөн байна.
Солонгосын цагдаа нар хураан авсан нотлох баримтад дүн шинжилгээ хийх явцдаа Жэоныг өөр бусад хэрэгтэй холбоотойгоор дахин байцаахаар төлөвлөж байгаа гэж мэдэгдсэнийг Hankookilbo-гийн мэдээнд дурдсан байна.
Эх сурвалж: zms.mn