Б.НАНДИН
Туркийн ерөнхийлөгчийн гэргий Эмине Эрдоган АНУ-ын тэргүүн хатагтайд захидал илгээж Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд хамтрахыг уриалжээ. Захидалд "Украйны 648 хүүхдэд үзүүлсэн таны мэдрэмжтэй тус дэм Газын зурваст ч бас үргэлжилнэ гэдэгт би итгэж байна" хэмээн онцолсон байна.
Меланиа Трамп өнгөрсөн долоо хоногт Аляскад болсон Трамп, Путин нарын уулзалтын үеэр нөхрөөрөө дамжуулан Украин дахь хүүхдүүдийн асуудалд онцгойлон хандахыг Путинээс хүсч, захидал илгээсэн нь улс төр болоод хүмүүнлэгийн хувьд ихээхэн ач холбогдолтой, үр дүнтэй алхам болсныг олон улсын хэвлэлүүд онцлон бичсээр байгаа. Тэгвэл Туркийн тэргүүн хатагтай ч мөн адил энэхүү алхмыг Газын зурвас дахь хүүхэд эмэгтэйчүүдин төлөө хийх нь чухал болохыг илэрхийлжээ.
"Палестиныг хүлээн зөвшөөрөх нь дэлхий нийтийн хүсэл зориг болж байгаа өнөө үед Газын зурвасыг төлөөлөн танд уриалж байгаа нь Палестины ард түмний өмнө хүлээсэн түүхэн үүрэг хариуцлагыг биелүүлэхэд нөлөө үзүүлнэ гэж итгэж байна" гэж Эмине Эрдоган захидалдаа бичжээ. Одоогоор АНУ-ын тэргүүн хатагтайн ажлын алба, Цагаан ордны зүгээс Туркийн тэргүүн хатагтайн захидалд албан ёсоор хариу хүргүүлээгүй байна.
Дэлхийн өлсгөлөнг хянах байгууллага Газын зурвас орчмын бүс нутаг албан ёсоор өлсгөлөнд нэрвэгдээд байгааг баасан гарагт зарласан юм. Харин үүнийг Израилын Ерөнхий сайд Нетаньяху эрс няцааж Израиль өлсгөлөнгөөс урьдчилан сэргийлэх бодлого баримталж байна гэж мэдэгдэв.
Эх сурвалж: zms.mn