Б.НАНДИН

АНУ-ын ерөнхийлөгч Трамп Үндэсний гвардын цэргүүдийг нийслэл Вашингтон хотод оруулах зарлиг гаргасан нь маргаан дагуулаад байна.

Ерөнхийлөгчийн зүгээс Вашингтон хот орчимд гэмт хэргийн гаралтыг бууруулахад гвардын цэргүүдийг дайчлах нь хамгийн үр дүнтэй хэмээн үзэж дээрх арга хэмжээг авсан юм. Одоогоор АНУ-ын зургаан мужаас нийт 2000 орчим үндэсний хамгаалалтын цэргүүдийг дайчилжээ. Үндэсний хамгаалалтын цэргүүдийг онцгой нөхцөлд, тухайлбал, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, эсэргүүцлийн жагсаалуудын үед голчлон дайчилдаг. Тухайлбал,  2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр АНУ-ын Конгрессын танхимд болсон Трампыг дэмжигчдийн үймээн самуун зэрэг үеэр аюулгүй байдлыг бэхжүүлэхэд туслах зорилгоор Үндэсний гвардийг нийслэлд оруулж байв.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Абигаил Жексон хэлэхдээ, Холбооны хууль сахиулах ажилтнуудаас бүрдсэн баг Вашингтоны гэмт хэрэг хамгийн их гардаг газруудад орой бүр баривчлах ажиллагаа явуулж байна. Харин Үндэсний гвард одоогоор баривчилгаа явуулаагүй.  Тэдний үүрэг бол хууль сахиулах ажилтнуудыг оролцуулаад холбооны хөрөнгийг хамгаалах, хууль сахиулах хүчнийг харагдахуйц байлгах явдал юм" хэмээн хэвлэлийнхэнд танилцуулжээ.

Харин иргэдийн зүгээс ерөнхийлөгч онц шаардлагагүй нөхцөлд гвардын цэргүүдийг нийслэл хотод байршуулж байгаа нь харьцангуй тайван гэгддэг Вашингтон хотод жуулчдыг үргээх, олон нийтийг түгшээж байгаа илүү үйлдэл хэмээн шүүмжилж байна. Тэр байтугай цэргүүд ч хийх ажилгүй мэт сэлгүүцэж, зайрмаг идэн Вашингтоны төвд байдаг Африк-Америкийн музей, Линкольны бунхан зэрэг түүхэн дурсгалт газруудаар холхиж байгаа нь төдийлөн таалагдахгүй байгаагаа нэрээ нууцлан хэвлэлийнхэнд ярьжээ.

Эх сурвалж: zms.mn