НҮБ-ын холбогдох байгууллагын мэдээлснээр дайны хөлд нэрвэгдээд буй Газын зурваст ойрын хугацаанд хагас сая гаруй хүн хүнсний ноцтой хомсдолд өртөх төлөвтэй байна.

Олон улсын хүнсний аюулгүй байдлын ангиллын дагуу таван шатлал байдгийн хамгийн сүүлчийнх нь гамшгийн түвшинд хүрсэн өлсгөлөн юм. Газын зурваст 640 мянга гаруй хүн ийм байдалд байна. Мөн 1.14 сая хүн онцгой (дөрөвдүгээр шат), 396 мянга нь хямралын (гуравдугаар шат) түвшинд байна. Энэ нь Израиль хоёр сар гаруйн хугацаанд тус бүс нутагт хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг саатуулснаас үүдэлтэй гэж хэвлэлүүдийн мэдээнд дурджээ.

Хүмүүнлэгийн тусламжийг саатуулж байгаа Тель-Авивын үйлдлийг түүний уламжлалт холбоотнууд ч буруушааж, Их Британи, Франц, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг улс есдүгээр сард Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн билээ. Гэвч Израиль Газын зурвасыг бүрэн эзлэх төлөвлөгөөнөөсөө ухрах бодолгүй байна. Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэль Кац довтлох төлөвлөгөөг баталснаа мэдэгдсэн.

Израиль, ХАМАС-ын зэвсэгт мөргөлдөөн 22 сар гаруй үргэлжилж байна. Палестины эрүүл мэндийн яамны мэдээлснээр энэ хугацаанд 62 мянга гаруй палестин хүн амиа алдаж, 156 мянган хүн бэртэж гэмтсэн байна.

Эх сурвалж: zms.mn