Төмөрбаатарын БАТСАЙХАН
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноровыг урьж, ярилцлаа.
-Парламент хаврын чуулганы төгсгөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Хуулийн өөрчлөлт энэ сарын 4-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Та хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан шүү дээ. Ер нь хуулийн төслийг хэзээ өргөн барьж, хэдий хугацаанд хэлэлцэж батлав?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагддаг харилцаа нь хүний эрх гэдэг маш чухал үнэт зүйлтэй хамаарч холбогдож байдаг учраас маш чухал, мөн олны анхаарлын төвд байдаг хуулиудын нэг.
Тийм ч учраас хуулийн төсөл хоёр ч парламент дамнан, хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагууд, судалгаа шинжилгээний байгууллагуудын өргөн оролцоотой ажлын хэсгүүдээр хэлэлцэгдэн, хаврын чуулганаар батлагдлаа. Үе үеийн хууль зүйн сайдууд, байнгын хорооны удирдлага, гишүүдийн манлайлал, оролцоо их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлэх нь зүйтэй.
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн онцлог болон батлагдан гарах нөхцөл, шаардлага нь юу байсан бэ?
-Хэд хэдэн чухал хүчин зүйл нөлөөлсөн. Юуны өмнө Монгол Улс Хүний эрхийн олон улсын гэрээ баримт бичгүүдэд нэгдэн орсон, соёрхон баталсан. Үүнийхээ дагуу олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тодорхой үүргүүд хүлээдэг. Тухайлбал, НҮБ-ын дур зоргоор баривчлах саатуулахтай холбоотой асуудал хариуцсан шинжээчдийн баг өнгөрсөн хугацаанд Монголд ирж ажилласан. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах, хүний эрхийг хязгаарласан шинжтэй зохицуулалтууд түүн дотроо өмгөөлөгчийн эрх хэмжээ хязгаарлагдмал байгааг олж харж, дүгнэлт зөвлөмждөө тусгасан. Энэ нэг үндэслэл нөхцөл нь болсон. Хамгийн гол нь өнгөрсөн онд УИХ-аас тогтоол гарч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын эрх тэгш оролцоог хангах, хүний эрхийг хамгаалах хангах талаар бодитой ахиц дэвшил гаргахтай холбоотой холбогдох хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулж батлуулахыг Засгийн газарт даалгасан. Мөн шинэ парламент бүрэлдэж, үйл ажиллагааныхаа стратегийг боловсруулахдаа хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хууль тогтоомжийн шинэчлэлтийн бодлого баримтална гэдгээ зарласан. Энэ чиглэлд багагүй дэвшил гарч байна. Саяхнаас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлтийг бүхэлд нь авч үзвэл хүний эрхийг хамгаалах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд эрх тэгш мэтгэлцэх нөхцөлийг хангах, шүүн таслах ажиллагааны шуурхай байдлыг хангахад чухал алхам болно гэж харж байна. Мэдээж энэ өөрчлөлтүүдээр бүх зүйл шийдэгдчихгүй. Шинэчлэл тасралтгүй л хийгдэх ёстой. Батлагдсан хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэгжүүлэх нь хууль хэрэглэдэг албан хаагчид, өмгөөлөгч, мөрдөгч, прокурор, шүүх эрх мэдлийн байгууллагынхны ажил.
-Өмгөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед олон асуудалтай нүүр тулдаг. Тэгвэл энэ хуулийн өөрчлөлт өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ. Та Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн хувьд хуулийн хэлэлцүүлгийн үеэр ямар заалт, зарчим дээр байр сууриа илэрхийлж ажиллав?
-Өмгөөлөгчид хэргийн процесс ажиллагаанд оролцохдоо өдөр тутам сорилт бэрхшээлтэй тулдаг. Энэ хүндрэлүүдийг өөрсдийн хууль хэрэглэх ур чадвараараа даван туулдаг. Гэтэл нэгэнт батлагдсан хуулийг хууль тогтоогчийн үзэл санаа, агуулгаас нь буруу ойлгож, батлагдсан хуулиа хэрэглэхгүй, хуулиар баталгаажсан эрхийг нь эдлүүлэхгүй муйхарлах хандлага хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдаас гардаг. Хамгийн түгээмэл гардаг асуудал нь хэрэг шалгагдаж дууссаны дараа хэргийн материалыг гар утсаараа гэрэл зургийн аргаар хуулбарлан авах асуудал маргаан дагуулдаг байсан. Одоо гар утас, таблет, гэрэл зургаар буулгах боломжтой бүхий л төхөөрөмж ашиглан хуулбарлах боломжтой болсон. Мөрдөх байгууллага, мөрдөгчид туйлын тодорхой болсон энэ зохицуулалтыг зөв ойлгож хэрэгжүүлж эхэлсэн байх гэж найдаж байна. Үндсэн хуулиар баталгаажсан “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрхийг хангах хүрээнд яллагдагчаар татсан тогтоолыг яллагдагчид гардуулж өгдөггүй, танилцах боломжоор хангалттай хангадаггүй байсныг хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд өөрчилж, мөрдөгч уг тогтоолын хувийг гардуулж өгдөг байхаар хуульд тусгалаа. Хэдэн зуун хуудастай яллах дүгнэлтийг одоо танилцаад цээжил, эсвэл одоо суугаад гараараа хуулаад ав гэвэл ямар уу?
-Мэдээж боломжгүй. Олон оролцогчтой, олон үйлдэлтэй хэргүүдийн материал их байдаг нь мэдээж. Өмгөөлөгч, яллагдагч танилцах цаг хугацааны зохицуулалт ямар байдаг юм бэ?
-Чухал асуудал хөндлөө. НҮБ-аас баталж, манай улсын нэгдэн орсон иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактад хүн бүр өмгөөлүүлэх ажилд бэлтгэх хүрэлцээтэй цаг хугацаа, бололцоотой байх эрхийг баталгаажуулсан. Өөр хуульчийн хараат бус байдлын зарчмыг тунхагласан олон улсын цөөнгүй баримт бичгүүдэд ижил агуулгатай заалтууд байдаг. Гэтэл манай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд хэргийн материалтай танилцах хугацаа тодорхойгүй, мөрдөгчийн хэлсэн хугацаанд л танилцдаг байсан. Хэргийн ачаалал, бусад хүчин зүйлсээс шалтгаалаад мөрдөгч голдуу дуудан ирүүлсэн даруй хам хум танилцуулсан болоод л шилжүүлэхэд хүрдэг, энэ тал дээр өмгөөлөгч мөрдөгчийн хооронд үл ойлголцол, санал зөрөлдөөн гарах хандлага ажиглагддаг байсан. Одоо хэрэг танилцах хугацааг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед бол 3-7 хоног, бусад хэргийг танилцах үндсэн хугацаа 14 хоног, хэрэг олон оролцогчтой, ээдрээ төвөгтэй, олон хавтастай бол тэр байдлыг нь харгалзаад 14 хоногоор сунгах боломжтойгоор өөрчилсөн. Бас хэдэн сараар үргэлжилдэг, хэдэн арван оролцогчтой, эсвэл хохирогчтой хэргийн шүүх хуралдааны үед өөрийнх нь эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзэж байгаа тохиолдолд шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр түр чөлөөлөгдөж, үргэлжлүүлэн оролцох өдрийн товоо тогтоолгох боломж нээгдсэн.
-Хуулийн өөрчлөлтүүдийн зарим заалт дээр тухайлан асуумаар байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь эрх тэгш мэтгэлцээний нөхцөлийг хангаж хүний эрхийг хамгаалах боломжийг бүрдүүлсэн талаар яригдлаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Манай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “хэргийн бодит байдлыг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн маш чухал зарчмын заалт байдаг. Гэхдээ хуулиар аль нэг талд нь давуу эрх олгочхоод хооронд нь мэтгэлцүүлнэ гэдэг бол энэ зарчмын эсрэг юм. Мэтгэлцээнд талууд эрх тэгш биш л бол шүүн таслах, хянан шийдвэрлэх процесс шударга биш. Шударга бус процессоор хэлэлцэгдсэн шүүн таслах ажиллагаанаас шударга шийдвэр хүлээнэ гэдэг утгагүй. Энэ байдлыг л халах чиглэлд, мөн олон улсын эрх зүй өндөр хөгжсөн улсуудын жишигт ойртуулах чиглэлд л энэ өөрчлөлтүүд хийгдээд байгаа юм. Шинэчлэлийг аажим боловч тасралтгүй хэрэгжүүлэх нь чухал. Хийгдэх өөрчлөлтүүд ч олон байгаа нь мэдээж.
- Шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дууны, дуу-дүрсний бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхийг баталгаажуулсан гэжээ. Үүн дээр өмгөөлөгч дуу дүрс бичлэгийг хэрхэн ашиглах, магадгүй олон нийтэд задруулахгүй байх зохицуулалтыг хэрхэн тусгаж өгсөн бэ. Энэ нь эргээд хүний эрхийг хамгаалах чухал ач холбогдолтой байж болох юм?
-Цахим шилжилтийн үйл явц Монголд төдийгүй дэлхий дахинд эрчимтэй өрнөж байна. Үүнтэй ч манай хууль шүүхийн байгууллагууд хөл нийлүүлж алхах шаардлага үүсэж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтын чиглэлээр томоохон төслүүд ч хэрэгжээд эхэлж байна. Одоо хавтаст хэрэг цахимжуулахтай холбоотой бие даасан хуулийн төсөл боловсруулагдах гээд ажлын хэсгээ байгуулж байна. Шүүх хуралдааны ажиллагаа нээлттэй явагдаж эхэллээ. Бүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеийн байцаалт мэдүүлэг өгөх үеийн бичлэг хавтаст хэрэгтэйгээ хадгалагддаг болж байна. Эдгээр баримтыг хуулбарлан авах, цаасан дээр буусан байцаалтын тэмдэглэлтэй тулган нягтлах боломж нээгдсэн. Мэдээж нууцлалын асуудлыг тухайн хэрэг хянан шийдвэрлэх оролцогч, өмгөөлөгч хадгалах хамгаалах үүрэгтэй. Нууцлал алдах, задруулах зэрэгт хариуцлага хүлээх ёстой болно. Эрх нэг талаар боломж үүсгэх ч нөгөө талаар хариуцлага дагуулж байдаг.
- Шүүх, прокурор, мөрдөгч яллагдагч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангасан, хангахаас татгалзсан бол үндэслэлээ тодорхой тусгана. Ингэснээр “...мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул хангах боломжгүй” гэсэн ерөнхий хариу өгдөг байдал өөрчлөгдөнө гэж үзжээ. Ер нь хуулийн хэрэгжилтийг тухайн байгууллагууд хэрхэн хүлээж авч байна вэ?
-Яллах тал болох прокурор, өмгөөлөх тал болох өмгөөлөгч, яллагдагч хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш гэж хуульд заасан. Гэтэл нэг тал нь нөгөө талдаа хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлүүлдэг. Хэрхэн шийдвэрлэснээс нь ажлын үр дүн нь хамаардаг нь барууны мэтгэлцүүлэн шүүдэг улс орнуудын хуульчдад ихээхэн ойлгомжгүй л санагддаг юм билээ. Прокурор өөрт нь хандаж гаргасан хүсэлт гомдлуудад “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа тул хангахаас татгалзлаа” гэх хэт ерөнхий, нийтлэг хариулт өгч татгалздаг байсан. Одоо бол татгалзсан үндэслэлээ, мөн хэсэгчлэн буюу хүсэлт гомдлын зарим хэсгийг татгалзсан үндэслэлээ хариундаа заавал тодорхой тусгах үүрэг хүлээх болсон. Энэ нэг талаасаа ажилдаа илүү хариуцлагатай хандах, цаашлаад шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлдэг, хөндлөнгийн байр сууринаас асуудалд ханддаг шүүгчид шударга, хараат бус шийдвэр гаргахад чухал нөлөөтэй.
- Сэжигтнийг баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлд хамаарах нотлох баримттай мөн өмгөөлөгчид танилцах боломжтой болж байгаа юм байна. Ингэснээр хүний эрхийг хамгаалах чиглэлд ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ?
-Цагдан хорих, хязгаарлалт тогтоох буюу улсын хилээр нэвтрэх эрхийг түр цуцлах зэрэг үндсэн хуульд заасан халдашгүй байх эрхэд шууд хамаарах асуудлуудаар шүүхийн хэлэлцүүлгүүд явагддаг. Энд мөн л өмнө хэлсэн мэтгэлцээний зарчим хөндөгдөнө. Нэг талаас прокурор аливаа этгээдийг цагдан хорино гээд шүүхэд мэдээлэл баримтын хамт санал хүргүүлдэг. Гэтэл хорих үндэслэлд хамаарах мэдээлэл, баримт нотолгоотой өмгөөлөгчийг танилцуулахгүйгээр хэлэлцүүлгийг явуулдаг. Өөрөөр хэлбэл ямар баримтын эсрэг мэтгэлцээнд орж байгаагаа мэдэх боломжгүй өмгөөлөгчийг энэ ажиллагаанд эрх тэгш оролцож байна гэж үзэх үү? Нэмэлт өөрчлөлтөөр таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой мэдээлэл, баримт сэлттэй өмгөөлөгч урьдчилан танилцах боломжийг нээсэн. Танилцуулаагүй, танилцуулах баримт мэдээлэл байхгүй бол таслан сэргийлэх арга хэмжээний талаарх тухайн прокурорын саналыг үндэслэлгүй гэж үзэхээс аргагүй. Энэ нь мөн л НҮБ-ын дур зоргоор баривчлах саатуулах асуудлаарх тусгай илтгэгчийн дүгнэлтэд тусгагдсан санал юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 151 (7648)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.