НҮБ-ын Женев дэх салбар найдугаар сарын 3-ны ням гарагт мэдээлэхдээ, Газын зурваст нэг сая эмэгтэй, охид өлсгөлөнд нэрвэгдээд байгааг анхаарууллаа. Тус бүс нутагт үүсээд буй хүмүүнлэгийн хямрал улам даамжирч байгааг тэмдэглэжээ.

“Нэг сая. Энэ бол Газын зурваст өлсгөлөнд нэрвэгдээд буй эмэгтэйчүүд, охидын тоо юм. Ийм аймшигт  нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнийг яаралтай зогсоох ёстой. Бид эмэгтэйчүүд, охидод зайлшгүй шаардлагатай тусламжийг хүргэх, гал зогсоох, барьцаалагдсан  бүх хүнийг суллахыг дахин дахин шаардаж байна” хэмээн тус байгууллагын “Х” (хуучнаар Твиттер) цахим хуудсанд нийтэлсэн мэдээнд дурджээ.

Al-Jazeera телевизийн мэдээлснээр, Газын зурваст өлсгөлөн улам газар авч байгаа бөгөөд Палестины Эрүүл мэндийн яамны мэдээллээр, дор хаяж 175 хүн, тэдгээрийн дотор 93 хүүхэд өлсгөлөнгийн улмаас амиа алджээ.

Хүний эрхийн байгууллагууд Израиль улсыг өлсгөлөнг дайны зэвсэг болгон ашиглаж байна хэмээн буруутгаж байгаа бөгөөд үүний нотолгоо нь тусламжийн хуваарилалтад тавьж буй хориг хязгаар, мөн палестинчууд руу буудаж, халдаж байгаа үйлдлүүд юм.

Ням гарагт /2025.08.3/ Газын зурвас даяар болсон Израилийн довтолгооны улмаас дор хаяж 44 хүн амиа алдсан талаар эмнэлгийн эх сурвалжууд мэдээлжээ. Эдгээрийн дотор 22 хүн нь хүмүүнлэгийн тусламж тараах цэг дээр Израилийн галд өртөж амиа алдсан байна гэж Al-Jazeera мэдээлсэн байна.

Эх сурвалж: @Al-Jazeera