Халуун наран, хуурай уур амьсгалаараа алдартай Австралид сүүлийн 35 жилд байгаагүй хүчтэй цасан шуурга болж, байгалийн энэ гэнэтийн үзэгдэл тус улсын нутаг дэвсгэрийн зүүн хэсгийг хамарчээ. Цочир хүйтрэл, цасны улмаас мянга мянган айл өрх цахилгаангүй болж, зам харгуй хаагдан, зарим газарт үер буусан байна.
Хэвлэлүүдийн мэдээлснээр, Шинэ Өмнөд Уэльс мужид 40 см хүртэл цас орсон нь 1980-аад оноос хойш анх удаа ажиглагдаж буй үзэгдэл аж. Квинслэнд мужид сүүлийн 10 жилд анх удаа цас оржээ. Австралийн нийслэл Канберра хотод цас тун ховор үзэгдэл боловч энэ удаа тус хот цагаан бүрхүүлд хучигдсан байна. Уулын бүсүүдэд цасны зузаан 30 см-д хүрсэн нь цанын баазын эздийн хувьд баяр хөөртэй үйл явдал болжээ.
Гэхдээ бүгд цанын баазын эзэд шиг баяртай байсангүй. Цасан шуурганы улмаас 32 мянга гаруй айл өрх цахилгаангүй болж, хэдэн зуун автомашин цасанд саатжээ. Шинэ Өмнөд Уэльст аврагчид мод унасан, барилга нурсан зэрэг 1455 тохиолдолд яаралтай тусламж үзүүлжээ.
Хэдийгээр цаг агаарын энэ гэнэтийн ховор үзэгдэл хүндрэл учруулсан ч, олон австраличууд энэ ховор үзэгдлийг баяртайгаар угтан авчээ. Зарим хүн анх удаа цас үзсэн бол нэгэн залуу цасан дунд хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан тухай сонирхолтой мэдээлэл ч гарсныг rg.ru мэдээлсэн байна.