Оросын эрдэмтэд анх удаа хорт хавдрын эсрэг шинэ төрлийн вакциныг хүн дээр туршихад бэлэн болжээ. Үүнийг тун удахгүй, ирэх хэдэн сард эхлүүлэх төлөвтэй байна хэмээн Гамалейн нэрэмжит Үндэсний тархвар судлал, микробиологийн судалгааны төвийн захирал Александр Гинцбург “РИА Новости” агентлагт ярилцлага өгөхдөө онцолсон байна. "Неоантигенд суурилсан хавдрын эсрэг вакциныг туршилтын шатанд меланом буюу арьсны хорт хавдартай өвчтөнүүдэд тарьж эхэлнэ" гэж эрдэмтэн ярьжээ.

А.Гинцбургийн хэлснээр, түүний удирддаг байгууллага вакциныг үйлдвэрлэх үүрэгтэй бөгөөд улмаар уг бүтээгдэхүүнийг Москвагийн Герцений нэрэмжит хавдар судлалын хүрээлэн болон Блохины нэрэмжит онкологийн төвд шилжүүлж, эмнэлзүйн туршилт явуулах юм байна.

Шинэ вакцин нь гадаадын улс орнуудын анхаарлыг татаж байгаа бөгөөд энэхүү судалгааны талаар сонирхсон арав гаруй орны  эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудаас албан ёсны хүсэлт ирсэн тухай ч тэрээр  дурдсаныг “РИА Новости” мэдээлсэн байна.