Х.Хатанзориг
“Нааново Грийн Энержи Монголиа” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Ц.Эрдэмбилэг хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл, хотын дарга Х.Нямбаатар Хятад компаниудад давуу эрх олгосон асуудлаар мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын хогийн менежментийн асуудлыг шийдэх уг төслийн хөгжүүлэлт 2018 онд эхэлжээ. Эрчим хүчний тухай хуулиар зохицуулагдаж, холбогдох бүх зөвшөөрлийг авсан боловч Нийслэлийн удирдлагууд тус компанийг сонгон шалгаруулалтаас хасжээ.
Энэ талаар “Нааново Грийн Энержи Монголиа” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Ц.Эрдэмбилэг “2022 онд эрчим хүчний тусгай зөвшөөрөл гардаж авсан. Дараа нь эрчим хүчний төв шугамд хэдэн төгрөгийн үнэтэй эрчим хүч нийлүүлэх тарифаа батлуулсан юм. Ингээд эрчим хүч худалдан авах гэрээг Диспетчерийн үндэсний төвтэй 2024 онд байгуулсан. Ийнхүү энэ төслийг хэрэгжүүлэх түвшинд бэлэн болгосон юм. Тухайн үед нийслэлийн орлогчоор П.Сайнзориг, О.Номинчимэг нар ажиллаж байсан юм. 2024 онд Эдийн засгийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ үед манай төслийг “хаяхгүй” юм байна гэж ойлгосон. Гэтэл нийслэлийн захиргаа энэ төслийг манайх Морины давааны газар дээр хэрэгжүүлнэ гэсэн. 2024 онд орон нутгийн сонгуулийн дараа Нийслэлийн бүх удирдлага шинэчлэгдээд энэ төслийг Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар явуулахаар болж өөр процесс руу орсон.
2025 оны эхээр Нийслэлийн засаг даргын түвшинд Хятадын том арга хэмжээ болсон. Үүнээс хойш Хятадын компаниуд Монголд ирж энэ төслийг хэрэгжүүлэх яриа сонсогдож эхэлсэн. Ингээд 2025 оны эхний улиралд сонгон шалгаруулалтын мэдээ цацагдсан. Сонгон шалгаруулалтад Монголын хоёр, Хятадын хоёр саналаа өгөхөөр болсон ч Монголын нэг компани тодорхой шалтгааны улмаас саналаа өгөөгүй. Гэтэл амралтын өдөр төслийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэг хуралдаж, долоодугаар сарын 21-нд биднийг хэлэлцүүлэг байдлаар дуудаад сонгон шалгаруулалтаас хассан.
Нийслэлийн орлогч дарга Т. Даваадалайгийн хэлснээр манай компани журамд нийцсэн материал бүрдүүлээгүй гээд, үүнийгээ олон хэвлэл мэдээлийн хэрэгслээр цацсан.
Эрчим хүчний хороогоор бүх зүйлээ батлуулсан ч биднийг нийслэлийн сонгон шалгаруулалтын журмын форматад нийцээгүй гээд хасчихсан. Холбогдох байгууллагад энэ талаар гомдлоо гаргасан. Хичээж байгаа хүмүүсээ хааж, боогоод байхаар бидэнд цааш хөгжих боломж байна уу?” гэлээ.