П.АМГАЛАНБАЯР
Далайцэрэн:Удвал аа, чамтай суух хүн чинь сайн хүн үү?
Удвал:Сайн хүн.
Далайцэрэн: Хэр зэрэг тулгатай хүн юм бэ дээ?
Удвал: Уул шиг түшигтэй хүн.
Далайцэрэн: Би түүнийг таних уу?
Удвал:Танина аа. Сайн танина хэмээн хүүрнэх хэсэг бол монголын алтан үеийн сор бүтээлүүдийн нэг “Гарьд магнай” киноны гол дүр Далайцэрэн, Удвалын хоорондох хайр сэтгэлийн нандин холбоог илэрхийлсэн дүрслэл.
Дэлхийд ганцхан монгол наадмын, туурга тусгаар монгол түмний ондоошлыг илэрхийлэх үндэсний бөхийн тухай өгүүлэх зохиолч Дэмидийн Хишигт, Шаравын Сүрэнжав, найруулагч Жамьянгийн Бунтар хийгээд олон хүмүүсийн авьяас, хөдөлмөрийн үр дүнд бүтсэн “Гарьд магнай” кино 1983 онд үзэгчдэд хүрч байв. Дэлгэцийн бүтээл болон цацагдсан үеэсээ монгол түмний үзэх дуртай уран бүтээлийн нэг болж, одоо ч үнэ цэн нь хэвээрээ буй.
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа “Гарьд магнай” киноны Удвалын дүрээр ард түмэндээ хайрлагдсан эм зүйн ухааны доктор, профессор Оточийн Уранчимэгийг урьж, ярилцлаа. Түүнтэй ярилцаж суухад дөлгөөхөн төрх, намуухан хоолой нь яг л “Гарьд магнай” киноны хэсгээс үзэж буй мэт дотно аж.
-О.Уранчимэг хэмээх хувь хүний тухай ярилцлагаа эхэлье. Айлын бага гэсэн үү?
-Тийм ээ. Хоёр эгч, нэг ахтай. Аавыг маань Оточ гэдэг. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумынх. Ээж маань мөн Дарьганга нутгийн хүн. Аав ээж минь хоёулаа багш мэргэжилтэй. Аав маань нутагтаа ажиллаж байгаад 1960-аад оны үед манайх хотод шилжиж ирсэн. Манай гэрт олон төрлийн хөгжим байдаг байлаа. Аав минь хөгжим сайхан тоглоно, бас бүжиглэх дуртай. Хоёр эгч маань ч гэсэн аавыг дуурайсан. Харин би урлагийн авьяасгүй, сонирхдоггүй байлаа.
Багаасаа анагаах тал руугаа илүү сонирхдог байсан. Гэрийнхэн маань ч намайг анагаахын чиглэлийн мэргэжилтэй болгоно гэдэг байсан.
-Ярилцлагаа монгол түмний үзэх дуртай “Гарьд магнай” киноны Удвал дүрд хэрхэн сонгогдож байсан тухай дурсамжаар үргэлжлүүлье?
-Би тэр үед Анагаах Ухааны Дээд Сургуулийн Эм зүйн факультетэд суралцаж байсан II курсийн оюутан байлаа. 1982 оны XII сард гэсэн үг. Нэг өдөр сургуулийнхаа үүдний өлгүүрээс хувцсаа авах гээд найзуудтайгаа зогсож байсан юм. Тэгсэн нэг хүн намайг дуудаад өөрийгөө Монгол Кино Үйлдвэрийн ажилтан “Гарьд магнай” киноны хоёрдугаар найруулагч Д.Чимиддорж гэж танилцуулав. Тэгээд надаас “Урлагт сонирхолтой юу, кинонд тоглъё гэж боддог уу” гэж асуусан. Би “Кинонд тоглъё гэж боддоггүй” л гэсэн. Тэгсэн “ Их дээд сургуулиудаар явж, олон оюутан дотроос шинээр хийх уран сайхны киноны дүрд тоглуулахаар дүрийн сонголт хийж байна. Нийгмийн ажил учраас чи заавал тэнцэх албагүй. Харин дуудсан цагт ирж киноны проб өгөөрэй. Киноны зураг авалт, проб гэдэгт оруулж тэнцэх эсэхийг чинь нэртэй найруулагчид, жүжигчид шалгана” гэсэн.
Тэгээд л 20-иод хоногийн дараа манай сургуулийн нарийн бичиг рүү залгасан. Манай сургуулиас гурван оюутан пробод оролцож байсан.
Киноны дүрийн урьдчилсан шалгаруулалтад орохоор биднийг Кино үйлдвэрт очиход анх уулзсан киноны хоёрдугаар найруулагч Д.Чимэддорж гуай , бас нэг хүнтэй хамт зогсож байсан. Хамт явсан хүн нь киноны ерөнхий найруулагч Ж.Бунтар гуай байсан юм билээ. Биднийг дээл, үстэй малгай өмсгөөд нүүрийг маань бор өнгөөр будаад, илүү дутуу ямар ч будаггүй пробонд оруулсан. Тэгээд л миний ээлж ирж, пробонд ороход ерөнхий найруулагч
Ж.Бунтар гуай “Аав ээж чинь юу хийдэг хүмүүс вэ. Чи хаана өссөн, морь унаж чадах уу. Дээл өмсдөг үү” гээд энгийн зүйлүүд асууж байсан.
-Тэгээд л Удвалын дүрд сонгогджээ?
-Кино проб авснаас хойш 20-иод хоногийн дараа киноны дүрийн сонголтонд оюутан О.Уранчимэг тэнцлээ. Зураг авалт зургаадугаар сарын 1-нээс эхлэх учраас шалгалтыг нь урьдчилж өгөх тал дээр дэмжиж өгнө үү гэсэн албан бичиг Соёлын Яамнаас манай сургуулийн захиргаанд ирүүлсэн юм.
Тэгээд л ерөнхий найруулагч жаран ес машинтай манай гэрийн гадаа ирж ,аав ээж хоёрт батламж өгөөд намайг авч явсныг мартдаггүй юм. Тэр батламж нь “Танай хүүхдийг зуны гурван сарын туршид хөдөө авч явахаар болсон. Аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал гээд бүх зүйлийг нь батламжилж байна” гэсэн утгатай.
Ингээд кинонд тоглохоор Баянхонгор руу явж байсан. Кино зураг авалт есдүгээр сарын сүүл хүртэл үргэлжилсэн.
-Киноны анхны пробын зураг авалтынхаа тухай ярьвал?
-“Миний ээжийн малгай байгаа юм. Би хааяа гаргаж өмсдөг. Өнөөдөр өмсмөөр санагдаад” гээд дөрвөн талтай хуучны булган малгай өмсчихсөн Далайцэрэнтэй мөс мөргөлдүүлж тоглож байгаа хэсэг миний анхны зураг авалт байсан. Харин Далайцэрэнтэй араг шээзгийтэй мөс үүрээд алхдаг хэсэг нь урьдчилсан шалгаруулалтын проб байсан.
-“Гарьд магнай” кинонд Р.Дамдинбазар, Д.Алтангэрэл, Б.Магсаржав, Д.Мэндбаяр гээд алтан үеийн чадварлаг жүжигчид тоглосон. Кино зураг авалтын үед их түшиг болсон байх аа?
-Тэгэлгүй яахав. Далайцэрэнд тоглосон Батдорж маань бас мэргэжлийн бус хүн. Тэр олон олон мэргэжлийн, чадварлаг хүмүүс бид хоёрт зураг авалтын үед түшиг , тулгуур болсон.
Нүүр хувиргагч Бадамсүрэн эгч, миний аавын дүрд ажилласан Р.Дамдинбазар гуай, Ж.Бунтар гуай, Л.Чимиддорж найруулагч, молиго Очирын дүрд тоглодог авьяаслаг жүжигчин Д.Алтангэрэл,Равсал панзын дүрд тоглодог Б.Магсаржав, ардын жүжигчин Д.Мэндбаяр зэрэг олон сайхан уран бүтээлчид, кино зургийн баг, хамт олонтойгоо хамтран ажилласандаа үргэлж талархаж явдаг.
“Гарьд магнай” киноны Удвалын дүрд ажилласнаас хойш би чинь хоёр аавтай болсон шүү дээ. Миний урлагийн аав бол “Гарьд магнай” кинонд миний аавын дүрд тоглосон Р.Дамдинбазар гуай. “Миний муу шар охиныг яаж тоогоо аж дээ”, “Далайцэрэн та хоёр Очир ахындаа ахиад очих нь дээ” гээд хэлж байгаа үгнүүд, байр байдал, дүр төрх, хандлага нь аав шиг санагдана. Кинонд Бавуу баяны хүмүүс намайг уйлуулаад хүчээр аваад явдаг хэсэг байдаг даа. Тэр үед би яг л ааваасаа салж байгаа юм шиг бодогдож байсан.
-Кинонд морь унаж байгаа хэсэг нэлээд байдаг. Тэр зураг авалтууд хэр хүнд байв?
-Би морь унаж чаддаг байсан нь том давуу тал болсон шүү.Намайг бага байхад манайх Арцатын аманд зусланд гардаг байсан. Тухайн үед Яармагын Арцатын аманд 18 аймгийн наадам болдог байсан юм. Бас гүү сааж байгаа хэсгийн зураг авалт ч гэсэн гайгүй хурдан болчихсон.
-“Гарьд магнай” кино 1983 онд нээлтээ хийж үзэгчдэд хүрсэн. Нээлтээ үзэхэд ямар мэдрэмж төрж байв?
-Гоё санагдсан. Жинхэнэ кино чинь ийм байдаг юм уу гэж бодсон. Өргөн дэлгэцээр биерхүү харагддаг юм билээ. Би чинь жижигхэн биетэй болохоор кино гарсны дараа хүмүүс “мөн үү” гэж асуудаг байсан.
-Удвалын дүрд тоглосон нь таны амьдралаас ялгаж, салгахын аргагүй дурсамж, цаг хугацаа болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Мэргэжлийн бус анагаахын дээдийн оюутан кинонд тоглох боломж олдсонд их баярладаг. Нэг удаа ерөнхий найруулагч Ж.Бунтар гуай “Кинонд заавал мэргэжлийн жүжигчин тоглох албагүй. Тухайн киноны зохиол, дүрд таарч байвал мэргэжлийн бус хүнийг тоглуулах боломжтой байдаг. Тийм учраас ч чамайг сонгосон. Түүнээс биш маш олон мэргэжлийн жүжигчид, мэргэжлийн сургуулийн оюутнууд байгаа” гэж хэлж байсан.
“Гарьд магнай”-д тоглосондоо бэлгэшээж том хүүдээ Баярмагнай гэж нэр өгсөн. Кинонд тоглосноос хойш бөх үзэх дуртай болсон доо. Улсын их баяр цэнгэл наадам, цагаан сарын шөвгийн дөрвөн барилдааныг алгасалгүй үздэг.
-“Гарьд магнай” кинонд Удвалын дүрийг бүтээсний дараа кинонд тоглох санал ирж байсан уу?
- Ж.Бунтар гуай “Гарьд магнай”-гийн дараа “Ирж яваа цаг” кинонд тоглох санал тавьж байсан.
Бас нэгэн дурсамж ярихад, III курсийн оюутан байхад 1984 оны XI сард Монгол Улсыг тунхагласаны 60 жил, Монгол-Зөвлөлтийн найрамдлын сарын өдрүүдэд зориулсан “Москвагийн Киноны Өдөрлөг”-т оролцохоор болсон юм. Тэр үед эрдэмтэн, зохиолч Э.Оюун, зохиолч Ш.Сүрэнжав, “Ардын элч” киноны Ариунаагийн дүрийг бүтээсэн П.Цэвэлсүрэн, Дарьбазарын дүрд тоглосон алдарт жүжигчин Ж.Занабазар, “Хатанбаатар” киноны найруулагч Г.Жигжидсүрэн зэрэг нэр хүндтэй том уран бүтээлчидтэй хамт явах тохиол таарсанд баярласан.
Би эрдэмтэн, зохиолч Э.Оюун гуайтай хамт нэг өрөөнд байсан юм. Их сайхан хүн шүү дээ. Тухайн үед Э.Оюун гуай “Ж.Бунтар найруулагч чамайг анагаахын дээдээ төгсөөд Багшийн дээдийн кино драмын ангид орж болно гэж хэлж байна уу” гэхэд нь би “Үгүй ээ, би анагаахын чиглэлээрээ ажиллана” гэсэн. Тэгэхэд Э.Оюун гуай “Эм зүй нарийн мэргэжил. Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж, мэргэжлээ дээшлүүлээд эм зүйн чиглэлээр эрдэмтэн судлаач болох хэрэгтэй. Ном сайн унш” гэж байсан. Их ховор захиас гэж би бодож, бэлгэшээдэг юм. Энэ мундаг хүний ерөөлөөр суралцсан чиглэлээрээ эрдэмтэн, доктор, профессор цолоо авсан даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 135 (7632)