Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатарт НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын COP17 хурлыг зохион байгуулахаар төлөвлөж буй. Энэхүү арга хэмжээний талаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Батмөнхтэй ярилцлаа.
-COP17 төслийг манай улсад зохион байгуулах тов хэзээ гарсан юм бол. Хурлаар юуг хэлэлцдэг вэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Манай улс 1994 онд баталсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцод 1996 онд нэгдэн орсон. Энэхүү конвенцод нэгдэн орсон талуудын бага хурал хоёр жилд нэг удаа болж, зохион байгуулах улсыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэдэг.
Энэ зарчмаар 2022 онд Кот-д’Ивуар улсын Абижан хотноо болсон талуудын 15 дугаар бага хурлаар 16 дугаар бага хурлыг Саудын Араб, харин 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Талуудын бага хурал 10-12 хоногийн хугацаанд үргэлжилж, ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхтэй холбоотой байгаль орчин, газар, усны нөөцийг хамгаалах, хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд дэмжлэг болох, худалдаа, эдийн засгийн таатай нөхцөлийг бий болгохын тулд олон улсын түншлэл, зах зээлийн зохицуулалт, өрийн асуудалд онцгой анхаарч, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө санхүү босгох, технологи, ил тод байдал, чадавх бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцдэг.
-Энэхүү хурлыг зохион байгуулснаар Монгол Улс дэлхийн анхаарлын төвд орж, улсаа сурталчлах боломж бүрдэж байна гэж харж байна?
-Тийм ээ.Тус хуралд 150 орны Засгийн газрын төлөөлөл ирнэ гэсэн урьдчилсан тооцоолол байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 150 орны Засгийн газрын төлөөллийг нэгэн зэрэг авчирч чадахгүй. Харин НҮБ авчирч өгч байгаа юм. НҮБ-тэй хамтарч ажиллана гэдэг нь дэлхийтэй хамтарч байна гэсэн үг. Харин НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулснаар Монгол Улс 2026 оны наймдугаар сараас 2028 оныг дуустал тус конвенцыг даргалж, бодлого, хөрөнгө оруулалт, түншлэлийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх, манлайлах бүрэн боломжтой болох юм. Мөн COP17 хурлыг зохион байгуулснаар манай улсын гадаад бодлогын манлайлал, нэр хүнд нэмэгдэн олон улсын анхаарлыг татах боломж бүрдэнэ.
-Хурал зохион байгуулагдснаар ямар эдийн засаг болон бусад үр ашигтай вэ?
-Монгол Улс COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж, төлөвлөж байна. Хурлаар урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлэх боломжтой. Тухайлбал, өмнө нь энэхүү хурлыг зохион байгуулж байсан Энэтхэг улс 26 сая га газрыг нөхөн сэргээх төсөл эхлүүлж, 1.5 тэрбум ам.доллар, Котд’Ивуар улс Африк тивийг ногооруулах замаар цөлжилттэй тэмцэх бүсийн санаачилгыг “Африкийн Ногоон бүс” нэртэйгээр хэрэгжүүлж 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан. Харин 2024 онд Саудын Арабын хаант улс олон улсын хэмжээнд “Ганд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх түншлэл”-ийг хэрэгжүүлэхээр санаачлан 12.15 тэрбум ам.долларын амлалтыг баталгаажуулжээ. Тиймээс Монгол Улс НҮБ-ын конвенцын талуудын бага хурлаар тодорхой санаачилгуудыг танилцуулахаар "Газар-Ус-Мод" томьёоллын хүрээнд боловсруулж эхэлсэн. Ер нь COP17 бага хурлыг зохион байгуулснаар байгаль орчны болон тогтвортой хөгжлийн асуудлын ач холбогдлыг олон нийтэд таниулах боломж бүрдэхээс гадна Монгол Улсын нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар эерэг нөлөө үзүүлнэ. Учир нь хурлыг хөгжингүй бус хөгжиж байгаа улс оронд түлхүү зохион байгуулдгаараа онцлогтой. Үүний гол шалтгаан нь тухайн оронд эдийн засгийн хувьд дэмжлэг үзүүлэх явдал юм. Хуралд хамгийн багадаа 6-10 мянган хүн ирүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эдгээр бүх хүн өөрсдийн зардлаар ирдэг учраас зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбараас эхлээд орлого олох боломжтой гэж ойлгож болно. Хурлын дараа бид юутай үлдэх вэ гэдэг нь хамгийн чухал. Тиймээс газрын доройтлыг бууруулах, нөөцийн менежментийг сайжруулах чиглэлээр олон улс, бүс нутгийн түвшинд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах нь зүйтэй. Мөн орон нутаг руу чиглэсэн аяллын маршрут, хөтөлбөрүүдийг бий болгох замаар дотоодын эдийн засаг, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжих боломж ч байгаа. Түүнчлэн НҮБ-ын томоохон хурал зохион байгуулахад зочид буудал, тээвэр, арга хэмжээний зохион байгуулалт зэрэг салбарт 3000-8000 түр ажлын байр бий болдог.
-Энэ хурлыг цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна гэсэн. Барилга байгууламжийн ажил эхэлсэн үү. Бэлтгэл ажил хэр зэрэг явж байна вэ?
- Нийслэлийн ИТХ-аас гаргасан шийдвэрээр талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах цогцолбор барилга байгууламжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барьж байгуулахаар болсон. Тус цогцолбор ойролцоогоор 27 га талбайг хамрах бөгөөд ингэхдээ албан ёсны хэлэлцээ явагдах "Цэнхэр бүс", олон нийтэд нээлттэй үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулах “Ногоон бүс” гэсэн хоёр чиглэлтэй байна.
Монгол Улсын Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал тавьсан Азербайжаны “Orientation events” компанийн тооцоолсноор үзэсгэлэнгийн талбайг түрээсэлснээр цэнхэр бүсээс 4.2 сая ам.доллар буюу 15.1 тэрбум төгрөг, ногоон бүсээс болон ивээн тэтгэгч нараас 13.6 сая ам.доллар буюу 64.1 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой. Хүлээн авагч орны хэлэлцээрийн хавсралтад ямар хэмжээ дамжаатай хэчнээн барилга байгууламж байх вэ гэдгийг нарийн тусгасан байдаг.
Энэ хүрээнд өнгөрсөн тавдугаар сард НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын төлөөлөл манай улсад хүрэлцэн ирж загвар зурагтай танилцан үнэлэлт дүгнэлт хийж, зөвлөмж өгсөн. Үүний дагуу бид бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. НҮБ-ын тавьж буй шаардлагыг хангасан компани үндсэн гүйцэтгэгчээр орж ирэх бөгөөд туслан гүйцэтгэгчээр дотоодын хувийн аж ахуйн нэгжүүдийг оруулах боломжийг гэрээ хэлэлцээрийн хүрээнд бүрдүүлэн ажиллаж байна.
Барилга байгуламжийн загвар нь тогтвортой хөгжлийн зарчмыг тусган, байгаль орчинд ээлтэй шийдэл, хүртээмжийг ханган, ногоон барилгын шилдэг жишгийг харуулсан байна. Одоогоор архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулж, эрчим хүч, цэвэр, бохир ус, интернетийн дэд бүтцийг холбох ажлыг эхлүүлсэн. Цогцолборыг байнгын бус түр угсрах, татан буулгах боломж бүхий шийдлээр гүйцэтгэх бөгөөд 2026 оны гуравдугаар сараас эхлүүлж, зургадугаар сард багтаан гүйцэтгэхээр төлөвлөж байна.
-Барилга байгууламжийг барих шаардлагатай төсвийг энэ оны болон ирэх оны төсөвт суулгасан гэж байна. Хэчнээн төгрөг суулгаж байгаа вэ?
-Шаардлагатай ажлуудыг хэлэлцээрт тусгасан стандартын дагуу бүрэн дүүрэн гүйцэтгэхэд 300 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. COP17 хурлыг зохион байгуулахад шаардагдах санхүүжилтийг энэ оны болон ирэх жилийн төсөвт хэрхэн тусгасан. COP17 хурлыг зохион байгуулахтай холбоотой БОУАӨ-ийн сайдын 2025 оны төсөвт 50 тэрбум төгрөг тавигдсан бөгөөд үүний эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн.
Харин 2026 оны төсөвд 200 гаруй тэрбум төгрөг тавигдаж байгаа. НҮБ-аас тавьж буй стандартын шаардлагын дагуу барилга байгууламж барих ёстой. Энэхүү барилга байгууламжид зарцуулах шаардлагатай 150 тэрбум төгрөгийн санхүүжилтийг БОУӨ-ийн сайдын багцад тавьж өгч байгаа. Үүнийг хэрэгжүүлэгч нь нийслэлийн Засаг дарга. Хэрэв, энэхүү санхүүжилт ийм байдлаар батлагдвал ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр шилжүүлнэ. Харин НҮБ-аас ирүүлсэн стандарт шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж болон бусад техник хангамж худалдан авахад 67 тэрбум төгрөг шаардлагатай гэж төсөвт тавигдаж байгаа. COP17 хурал бол нэр төдий зүйл биш. Үүнд зарцуулсан санхүүжилтийг үр бүтээлтэй зарцуулах ёстой. Монгол Улс 100 орчим сая ам.доллар зарцууллаа гэж бодоход үүнийг хамгийн багадаа арав, хорь дахин боломж байвал түүнээс ч их хэмжээний хөрөнгө оруулалт татах төсөөлөлтэй ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 189 (7686)
Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.