Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Монгол Хьюндай эмнэлгийн хүүхдийн гэмтэл согогийн зөвлөх эмч, доктор, профессор Ан Жэй Интэй ярилцлаа.
-Монгол Хьюндай эмнэлэг үүд хаалгаа нээгээд жилийн ойгоо өнгөрсөн долоо хоногт тэмдэглэлээ. Таны хувьд тус эмнэлэгт зөвлөх эмчээр ажилладаг. Монгол Улстай хэзээнээс холбогдов. Энэ талаар яриагаа эхэлье?
-Тиймээ. Манай эмнэлэг Монголд үүд хаалгаа нээгээд жил болжээ. Энэ хугацаанд бид давхардаагүй тоогоор 5000 гаруй хүнийг үзэж, оношилж, эмчилсэн байна. Харин 300 гаруй хүнд, тэр дундаа гадаадад эмчлүүлэх заалттай буюу хүнд төрлийн бэртэлтэй хүмүүст хагалгаа хийсэн байна. Үүнд маш их баяртай байна. Тэгвэл энэ эмнэлгийг нээх болсон шалтгаан мэдээж Монгол Улсад анх ирж байсан үетэй холбоотой. Би 2008 онд Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Собын хамтаар Монголд ирж байсан. Ингэхдээ хүмүүнлэгийн ажлаар ирсэн. Харин 2009 оноос хүүхдийн хагалгаанууд хийсэн. Энэ цаг үеэс л Ким Бү Соб эмч бид хоёр Монголд эмнэлэг нээхээр мөрөөдөж эхэлсэн байдаг. Энэ цаг үеэс хойш өнөөг хүртэл 17 жил монголын эрүүл мэндийн салбартай салшгүй холбоотой ажиллаж байна. Харин өнгөрсөн жил мөрөөдлөө биелүүлж эмнэлэгээ нээлээ.
-Таныг анх ирж байх үед хүүхдийн өвчлөл болон эмчилгээ ямар байв. Харин одоо яаж өөрчлөгдсөн байна вэ?
-2008 онд төрөлхийн болон олдмол гэмтэл бэртэл гэмтэлтэй хүүхэд маш их байсан. Тиймээс Ким Бү Соб эмчтэй хамтран үзлэг, оношилгоо, мэс засал хийж эхэлсэн. Миний бие энэ үед хүүхдийн хагалгааг хийж байсан бол Ким Бү Соб эмч маань насанд хүрсэн хүмүүст хагалгаа хийж байсан. Өнгөрсөн хугацаанд маш олон хагалгаа хийсэн. Яг тэд гэсэн тоо хэлж мэдэхгүй байна. 2008 онд ирэхэд хүүхдийн гэмтэл согог талын эмчилгээний чанар хангалттай сайн байгаагүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Монгол эмч нар туршлага суухад бидний бага ч гэсэн нөлөө байсан гэж боддог. Учир нь миний шавь нараас хүүхдийн гэмтэл согогийн сайн эмч нар олон бий. Харин одоо бол миний анх ирж байсан үеийн бодвол энэ төрлийн эмнэлгийн үйлчилгээ маш сайн болсон.
-Одоо ч гэсэн Ким Бү Соб эмчтэйгээ дөрөө харшуулан ажиллаж байна шүү дээ. Монгол Хьюндай эмнэлэг дээр та сарын аль өдрүүдэд ирж үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгч байна?
-Манай эмнэлгийн Солонгос эмч нар сар бүрийн тэр долоо хоногт ирнэ гэсэн хуваарьтай байдаг. Ким Бү Соб эмчийн хувьд сарын эхний долоо хоногт ирдэг бол би түүний дараагийн долоо хоногт ирж ажилладаг.
-Жилийн хугацаанд өөрсдөө эмнэлэг нээж ажиллалаа. Олон зүйлийг анзаарч, үнэлэлт, дүгнэлт өгч суугаа байх гэж бодож байна. Иргэд юун дээр анхаарах хэрэгтэй байгаа талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийн дийлэнх нь улсын болон хувийн эмнэлгүүдээр явж, эмчилгээ, хагалгаа зэргийг хийлгэж байгаад арга нь мухардаад манайд хандаж байна. Мөн Хятад, Энэтхэг, Турк болон Европын зарим оронд очиж эмчилгээ хийлгээд, үр дүнгүй болоод ирж байгаа хүмүүс ч байна. Жишээлбэл, миний хяналтад байгаа бага насны нэг хүүг Энэтхэгийн эмнэлэг нурууны хагалгаанд яаралтай орох шаардлагатай гэсэн байгаа юм. Гэвч тэр хүү манай эмнэлэгт ирээд зөвхөн хөлний хэлбэр засах хагалгаанд орсноор нурууны мурийлт нь зүгээр болсон. Өөрөөр хэлбэл, нурууны хагалгаанд орох шаардлагагүй болж байна шүү дээ.
Бас нэг хүүхэд Хятад улсад 15 удаагийн хагалгаа хийлгэсэн байсан. Эрт зөв оношилсон бол ийм олон удаа хагалгаа хийх шаардлагагүй байсан. Гэхдээ би өөрийгөө гайхуулж, сайн эмч зэргээр ойлгуулахын тулд үүнийг яриагүй. Ийм тохиолдол маш их байна гэдгийг л хэлмээр байна.
Бас нэг зүйл нь гэвэл өвдөөд шууд манай эмнэлэгт анх удаагаа үзүүлэхээр ирсэн тохиолдол байдаггүй. Энэ магадгүй Монголд эмнэлэг үнэгүй байдагтай холбоотой байх л даа. Гэхдээ эцэст нь хувийн эмнэлэг нэг өөр, улсын эмнэлэг нэг өөр онош тавьж тэрхүү маргааныг таслах зорилгоор манайд хандаад байна уу даа гэж харсан. Магадгүй биднийг шалгаад байна уу ч гэж хааяа боддог. Мэдээж өвчтөнүүдийн эргэлзээг тайлах нь миний үүрэг шүү дээ.
-Монголчуудын дунд төрөлхийн болон олдмол бэртэл гэмтлийн аль нь их байна вэ. Тэгвэл үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ?
-Би Европын орнууд болон Энэтхэг зэрэг улсуудад ажиллаж, сурч, судалгаа хийж, хүмүүнлэгийн аян зэргийг хийж байсан. Бусад улс оронтой харьцуулахад Монголд төрөлхийн согогтой хүүхдүүд төрөх нь их байна. Төрөлхийн гэмтэл согогийг эрт болон өсөлтийн ид үед эмчлэх шаардлагатай юу гэдгийг эрдэмтэн, судлаачид судалсаар байгаа.
-Өнгөрсөн хугацаанд таны хийсэн хагалгаанууд хэр амжилттай байв. Энэ талаар яриагаа өндөрлөе?
-Өнгөрсөн хугацаанд хийсэн хагалгаанууд маш үр дүнтэй болсон. Хувиар илэрхийлбэл 90 хувийн амжилттай байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 129 (7626)