Ч.БЯМБАХАЖИД

“Ажиндай” ХХК-ны барьж буй барилгад байр захиалж залилуулсан 288 иргэний төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ. 

Иргэн Э.Бямбаням “Open data дээр 2022 оны гуравдугаар сард энэ компанийн гүйцэтгэх захиралаар н.Мөнхбат гэх хүн томилогдсон байна. Үүнээс өмнө захиалга авахдаа “Ажиндай” ХХК-ийн тамга тэмдэгийг ашиглаж хуурамчаар орон сууцны гэрээ хийсэн байгаа юм. Бид үүнийг шалгуулахаар мөн барилга баригдахгүй байгаа асуудлын талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан боловч дорвитой шийдэлд хүрээгүй. Ингээд 2019 онд эхэлсэн барилгын ажил 2025 онд дуусаагүй, анх байсан хэвэндээ байсаар байна” гэв. 
Иргэн Т.Хаш-Иш “2020 оны тавдугаар сард “Ажиндай” ХХК-ийн С блокод захиалга өгсөн. Одоогоор А, Б, С, Д гээд нийт дөрвөн блок орон сууцанд 200 гаруй хүн захиалга өгсөн байгаа. Эдгээр хүмүүс 100 хувийн төлөлтөөр, 80 хувийн бэлэн төлж, үлдсэн төлбөрийг нь лизингээр авсан иргэд бүх төлбөр мөнгөө өгчихөөд одоо орох орон ч үгүй сууж байна. Бид гомдол гаргаад шүүх, цагдаагийн байгууллагад хандахаар “Та нарын мөнгийг барилгадаа оруулчихсан байна. Та нар гомдолтой байгаа бол Иргэний шүүхэд биш өөр шүүхэд ханд” гэсэн хариу өгч байгаа юм. Бидний хэлэх гэсэн гол санаа бол энэ компаныг барилга барих чадамжтай гээд зөвшөөрөл өгсөн яам, холбогдох албан тушаалтнууд нь эргээд энэ компанидаа хариуцлага тооцох хэрэгтэй байна. Олон хүнийг хохироосон, данс нь хаагдсан компаныг өөр хүнд зараад, тэр хүн нь дахин захиалга авна, барилга барина гээд биднийг залилж байна” гэлээ.

Эх сурвалж: zms.mn