Б.ЖАВХЛАН
Гэрэл зургийг Р.ОЮУН
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэн С.Алтансүх өчигдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр “Би Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нэгдүгээр багийн Сээрийн булаг гэх газар долоон жил мал маллаж байна. Манай нутагладаг газар Луугийн хийдийн туурь гэж байдаг. энэ туурийн тухай түүхийн ном зохиолд дурдсан байдаг. Тэгвэл биднийг 2023-2024 оны хооронд нүүдэллэж яваад ирэх хооронд Ундармал хүдэр гэх уул уурхайн компанид ашиглалтын зөвшөөрөл олгосон байсан. Түүхийн хосгүй өв бүхий энэ газар уул уурхайн үйл ажиллагаа явуулах гэж буйг эсэргүүцэж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байна. Байгаль орчны нөлөөллийн байдлын үнэлгээ хийгээгүй, сум болон багийн ИТХ-аар хэлэлцүүлээгүй хэр нь хууль бус уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна гэж малчид бид үзэж байна. Тус газар байрлах хаднууд дээр Ланз үсгээр бичсэн үгс болон хадны зургууд элбэг байдаг. Тэгвэл эл газрын түүх, дурсгалыг судалж үзэж байж үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна” гэсэн юм.
Эх сурвалж: zms.mn