Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин буландаа АНУ-ын тэр тусмаа олон улсад нэр хүндтэй гэрэл зурагчин, профессор Рашелл Стийлийг урьж ярилцлаа. Тэрээр сэтгэл хөдлөлөөр баялаг өгүүлэмжтэй, адал явдалт аяллуудаа хар цагаан өнгөөр гэрэл зургийн хальсанд буулгадаг гэдгээрээ алдартай. Тэгвэл мастер гэрэл зурагчин Рашелл Стийл “Монгол орноор ба түүнээс цааш аялсан тэмдэглэл” бие даасан үзэсгэлэнгээ өнгөрсөн сарын 27-28-ны өдрүүдэд толилуулсан юм.

 

Сэтгэлийн шархаа монголд эдгээжээ

 

Норпэй үзэсгэлэнгийн танхим руу зочлоход зөвхөн хар цагаан өнгөөр авсан зургуудыг дэлгэсэн байх бөгөөд ихэнх нь зохиомжит зургууд байлаа. Эдгээр зургуудаар монголчууд бидний ондоошлыг харуулахыг зорьсон мэт. Тодруулбал, цаатан болон казах үндэстнийг онцолжээ. Ингэхдээ ахуйтай нь буюу морь, бүргэд, цаа буга, нохой зэргийг эзний хамтаар зохиомжилж, хөрөг болгон буулгажээ. Ёстой л хар, цагаан өнгөний хослолыг харуулж чадсан бүтээлүүд аж. Учир нь Рашелл Стийл таван жил экспедицийн гэрэл зурагчнаар ажиллаж байгаа бөгөөд Марокко, Пэру, Непал, Египет, Монгол гэсэн таван улсаар аялж зураг авсан аж. Харин гадаад дахь анхны гэрэл зургийн үзэсгэлэнгээ манай улсад гаргаад буй нь энэ. Энэ тухайгаа “Өнгөрсөн жил хоёр сарын турш Монголоор аялж Хөвсгөлийн цаатан болон Баян-Өлгий аймгийн бүргэдтэй анчид, Өмнөговь аймгийн тэмээчдийг өөрийн гэрэл зургийн хальснаа буулгасан. Монголд ирсэн аяллын эхний өдрөө хээр талд гүү сааж буй нэгэн малчин эмэгтэйн зургийг буулгасан. Үүнээс үүдэж монголчуудын ахуй, зан заншил, соёлын нэгээхэн хэсэг нь мал, амьтан юм байна гэдгийг анзаарч, энэ онцлогийг гаргахыг зорьсон. Монголоор аялсан мэдрэмж маань өмнөх улсуудынхаас маш өөр байсан. Надтай таарсан хүн бүр маш зочломтгой, сайхан сэтгэлтэй байсан. Тэдний сайхан сэтгэлийг биширсэн. Ялангуяа эмэгтэйчүүд надтай яг л эгч дүү мэт дотно харьцаж байсан нь сэтгэлийн шархыг минь эдгээх шиг болсон” гэсэн юм.

Рашелл Стийл Монголын аяллаа уран бүтээлчийнхээ хувьд цар хүрээгээ тэлэх зорилготойгоор эхлүүлж байжээ. Гэхдээ түүнийг аялалд гарахын өмнө түүний эгч нас барж, уй гашуутай манай улсад иржээ. Гэвч аялал түүнд тайтгарал, өөрийгөө олох боломжийг олгосон гэв. Тэрээр “Монголд ирэхийн өмнө эгч минь нас барсан. Олон сар жилийн өмнөөс төлөвлөсөн аялал байсан тул уй гашуугаа тайлж амжилгүй Монголд ирсэн. Эгчийг минь нэрийг Монголоор “Харцага” гэдэг байсан. Хамгийн сонирхолтой нь Хөвсгөлд байх үед өдөр бүр нэг харцага шувуутай таарч байсан. Энэ үед эгч минь намайг эргэж байгаа юм шиг санагдах болсон. Мөн аяллын хугацаанд таарсан эмэгтэйчүүд надад яг л өөрийн дүү шиг хандаж байсан. Энэ нь надад дотно, сайхан санагдсан. Эдгээр үйл явдлууд миний уй гашууг эмчилж өгсөн. Үүнийг бэлгэшээж монгол шивээсчнээр харцага шувууны шивээс хийлгэсэн” гэсэн юм. 

Рашелл Стийл цагаан хоолтон. Монгол эмэгтэйчүүд түүнтэй уулзсан цагаасаа л сүү, цагаан идээ болон тохирох хоол хүнсээр дайлж, гэр болон ахуй амьдралынхаа талаар танилцуулж, гэр бүл шигээ хандаж байжээ. Тиймээс зургийн үзэсгэлэнгээ “Түүний гараас эхийн сүү урсана” хэмээн нэрийджээ. “Үзэсгэлэнгээ ингэж нэрлэх болсон нь монгол эмэгтэйчүүдийн өгөөмөр сэтгэлийг хүндэтгэн магтаж, эх дэлхий өөрөө “Эхийн” сэтгэл мэт хүн бүрийг тэтгэж тэжээж байдаг гэдгийг Монгол оронд ирээд ойлгосонтой холбоотой. Өөрөөр хэлбэл, Монгол орны сүнслэг мөн чанарт зориулсан хүндэтгэл” гэсэн юм.

 

Тэнгисийн цэргээс гэрэл зурагчин болсон нь

Рашелл Стийлийн АНУ-ын тэнгисийн цэргийн албанд электрон, технологийн инженерээр есөн жил ажиллажээ. Тиймээс ч түүний бие дээр яст мэлхий, далайн түрлэг, усан онгоц зэрэг олон шивээс бий. Тэнгисийн цэргийг сонгох болсон тухайгаа “Бага байхаасаа далайчдын түүхийг сонсож өссөн. Далайчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж Тэнгисийн цэрэгт элссэн. Энэ салбарт би хангалттай түүх бүтээсэн гэж боддог. Би хөлөг онгоцныхоо анхны эмэгтэй байсан. Тэнгисийн цэргүүд экваторын бүс давах ёстой байдаг. Түүнийг давж чадах юм бол яст мэлхий гэдэг цол авдаг. Хөлөг онгоцныхоо анхны эмэгтэй болсноо бэлгэшээж бие дээрээ яст мэлхий шивүүлж байсан. Ер нь өөрийн дурсамжуудаа шивээс болгодог онцлогтой. Өчигдөр би Монголтой холбоотойгоор морь шивүүлсэн” гэсэн юм.

Харин гэрэл зурагтай холбогдох болсон тухайгаа “Тэнгисийн цэргийн ажил маань гэрэл зурагтай холбоотой байсан. Би өөрөө ч зураг авах дуртай. Сүүлдээ гэрэл зурагт дурлаж эхэлсэн. Учир нь зургаар бүх зүйлийг илэрхийлэх боломжтой. Би хүний хөрөг зураг авах дуртай. Хөрөг зураг нь тухайн хүн болон тухайн цаг үеийн нөхцөл байдлыг баримтжуулдаг гэдгээрээ онцлогтой. Зарим зүйлийг үгээр биш гэрэл зургаар ч илэрхийлэх боломжтой байдаг. Ажиллах явцдаа гэрэл зурагчнаар Academy of Art University их сургуульд элсэж, бакалавр болон магистрын зэрэгтэй дүүргэж, сүүлд профессор болж гэрэл зургийн багшаар ажиллаж байна” гэсэн юм. Далай тэнгистэй салшгүй холбоотой тэрээр дараагийн очих улсаа далай дээр байрлах улсууд гэж төлөвлөөд буй гэв.

 

Рашелл Стийлийн хувьд ганцаараа аялдаг гэдгээрээ онцлог

 

Өөрийн очиж үзээгүй газарт ганцаараа очно гэдэг хэр баргийн хүнээс гарахгүй зориг. Тэгвэл Рашеллийн хувьд бүхий л аялалд ганцаараа явдаг. Энэ тухайгаа “Гэрэл зураг авах үед хамт яваа хүмүүс нөлөөлөөд байдаг. Тиймээс ганцаараа явдаг. Магадгүй ганцаараа явахад  маш их эр зориг шаардлагатай байх. Миний хувьд өмнө нь цэрэгт ажиллаж байсан маань давуу тал болдог. Учир нь аюултай нөхцөл байдалтай олон тулгарч байсан учир сэтгэлзүйн хувьд айдас багатай байдаг. Монголын аялал хэцүү байгаагүй. Бусад улсуудаар аялаад зураг авах үед эрч хүчээ маш их алддаг. Харин Монголд ирээд өөрийн дотоод ертөнцийг ойлгож, эрч хүчээ дүүргээд буцсан. Тиймээс дахиж заавал ирнэ. Цаашлаад боломж олдвол их сургуулиудтай хамтарч ажиллах талаар бодож байна. Мөн дараа ирэхдээ заавал уран нугараачийн зураг авна гэж төлөвлөсөн” гэсэн юм.

Хүний сэтгэлийн хязгааргүй эрэл хайгуул дундаас өөрийн хүсэл со­нирх­лыг олно гэдэг амаргүй. Хэрэв үүнийгээ олж чадвал амжилт бас аз жаргалд хүрдэг гэдэг. Тэгвэл Рашелл өөрийн хүсэл сонирхлыг олж түүгээрээ дэлхий нийтэд танигдаад байгаа юм. Түүний сэтгэл хөдөлгөм өгүүлэмжтэй аяллын хар, цагаан зургууд нь АНУ болон олон улсад сүүлийн жилүүдэд алдаршиж буй. Тэрээр 2021, 2022, 2023 онуудад “Олон улсын хөрөг зурагчин-Шилдэг 101” хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 125 (7622)