Ц.МЯГМАРБАЯР

 

“Зууны мэдээ” сонины салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadershipsforum”буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц,боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ.Энэ удаа “Премьер Консалтинг” ХХК, үүсгэн байгуулагч, захирал Д.Биндэръяаг урьж ярилцлаа.

Блиц:

Дондовын Биндэръяа

-Бизнес хөгжүүлэлт, бизнес менежмент, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний салбарт 15 жил ажилласан туршлагатай.

-Бакалаврын зэргээ 2002 онд МУБИС-д математикийн чиглэлээр хамгаалсан.

-Магистерын зэргээ 2010 онд Токиогийн технологийн их сургуульд төслийн санхүүжилт чиглэлээр хамгаалсан.

-Оксфордын их сургуулийн Saïd Business School-с Executive Master дипломтой

 

Компанийн удирдлагууд өөрчлөгдөхгүй, манлайлал үзүүлж чадахгүй байна

 

- Монголын бизнес эрхлэгчдийн бизнесийнх нь амжилтын саадыг бид ихэвчлэн гадаад хүчин зүйлсэд хамааруулж ойлгодог. Татвар, НДШ-ийн дарамт, дэд бүтцийн хөгжил сул, авилга, хээл хахууль, олон төрлийн тусгай зөвшөөрөл, бичиг баримтын бүрдүүлэлт гэх мэт эдгээр саад бэрхшээлүүдээс болдог гэж үздэг. Гэвч эдгээр гадаад хүчин зүйлүүд нөлөөлөх боловч компанийн дотоод үйл ажиллагааны нөөц боломжоо зөв төлөвлөж, удирдаж чадахгүй байгаа нь бизнесийн амжилтад илүү сөргөөр нөлөөлдөг юм байна гэдгийг туршлагаасаа үндэслэн дүгнэж байна.Тухайлбал, тухайн жилийн бизнес төлөвлөгөөгөө гаргаж, төсвөө төлөвлөх  ойлголт ихэнх жижиг, дунд бизнес эрхлэгч, удирдлагуудад бүрхэг байдаг. Өөрөөр хэлбэл, төсвийн нөөцөө ашиглаж бусад эх үүсвэрт оновчтой хуваарилж үйл ажиллагаандаа ашиглах вэ гэх мэт төлөвлөгөөг огт гаргадаггүй. Түүнчлэн богино болон дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөөгөө боломжоороо баталж төлөвлөх нь бизнесээ урт хугацаанд тогтвортой авч явах эхлэл болдог. Жишээ нь, 5, 10, 20 жилийн дараа та юу хийж байх вэ, танай бизнес ямар чиглэлд түлхүү ажиллах вэ, хаана хөрөнгө оруулалт хийж, юу хийж бүтээх вэ гэх мэтчилэн стратеги төлөвлөгөө боловсруулж батлаж мөрдөн ажиллах нь чухал шүү дээ. Түүнчлэн төлөвлөгөөнийхөө үр дүн гүйцэтгэлийг бас жил бүр дүгнэж байх хэрэгтэй.Гэхдээ эдгээр зүйлүүдийг бид олон жил ярьж төрөл бүрийн сургалт зохион байгуулж, бизнес эрхлэгч нараа чадавхжуулах зэргээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ч үр дүнгээ өгөхгүй байна.Дүн шинжилгээ хийгээд үзэхээр манай удирдлагууд өөрчлөгдөхгүй, манлайлал үзүүлж чадахгүй, өөрийгөө хөгжүүлэхгүй байгаа нь тухайн бизнес урагшлахгүй, хөгжихгүй байрандаа байгаад байна гэсэн үг.

Хамгийн наад захын чадвар бол удирдагч хүн байгууллагынхаа жилийн  санхүүгийн тайлангаа орчуулж бүрэн ойлгож унших чадвартай байх ёстой. Мөнгөн гүйлгээ, санхүүгийн тайлан, бланс тайлан, орлогын албан татварын тайлан зэргээ энгийн байдлаар ойлгоод авчихдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, санхүүгийн албанаас гаргасан тайлангаа хараад манай байгууллагын мөнгө хаашаа чиглэж аль хэсэгт хөрөнгө илүү их зарцуулагдаж байгаагаа ойлгоод алдаагаа  олох, шийдэх аргыг нь мэддэг байхыг хэлээд байгаа юм. Энэ тайланг уншиж ойлгохгүйгээр бизнес эрхэлнэ гэсэн ойлголт байдаггүй. Жишээлбэл, компанийн өр, ашгийн харьцаа болон хөрөнгийн харьцаа гэх мэт заавал тооцож харах үзүүлэлтүүд байдаг. Энэ үзүүлэлтүүдээ хянах хэрэгтэй.

 

Стратегийн хувилбарыг таван үзүүлэлтээр боловсруулдаг

 

-Стратегийг дараах үзүүлэлтээр боловсруулдаг. Танай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэн нэгэн даган дуурайж хийх боломжтой байна уу. Үнэ цэн бүтээж чадаж байна уу. Өөрөөр хэлбэл мөнгө нь хамаагүй танай бүтээгдхүүн, үйлчилгээг худалдан авахаас өөрцгүй, хэзээд худалдан авахад бэлэн байна уу. Танайх байгууллагын хувьд хэрэгжүүлээд байж болох туршлага, ноухау зэрэг нь байна уу. Бусад өрсөлдөгч чинь хийж байгаа бизнесийг чинь хуулбарлах боломж байна уу. Өөр бүтээгдэхүүн үйлчилгээгээр орлуулах боломжтой юу гэх мэт таван үзүүлэлтээр стратегийн боломжит хувилбаруудыг боловсруулна гэсэн үг. Энэ шалгууруудыг хангаж байна уу гэсэн асуултад тийм гэж хариулж чадах стратегийг боловсруулна л гэж ойлгох хэрэгтэй.

 Жижиг бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл тулгардаг бас нэг бэрхшээл нь санхүүгийн менежмент. Жишээлбэл, борлуулалтын орлогынхоо 60 хувийг үйл ажиллагаандаа зарцуулах  ёстой. 10 хувийг нь нөөц сандаа төвлөрүүлж үлдсэн 30 хувиа хөрөнгө оруулалт болон дараагийн төслүүдэд эсвэл ирэх жилийн үйл ажиллагаандаа зориулах уу гэдгээ төлөвлөх ёстой. Энэ санхүүгийн менежментийн аргаа  орхигдуулснаас болж бизнес нь амжилт олдоггүй. Түүнчлэн бизнесийн алтан зарчмын нэг нь бүтээгдэхүүний чанар, стандарт. Энэ бол бизнест хамгийн чухал.

 

Системийн өөрчлөлтүүдийг төрөөр биш өөрсдөө манлайлж хийх хэрэгтэй

-Би саяхан Оксфордын их сургуулийн ”Executive Master диплом” хөтөлбөрийг дүүргэж “Бизнесийн стратеги болон байгууллагын манлайлал”  гэсэн сэдвээр хамгаалсан. Системийн манлайлал гэдэг сэдвээр судалгааны ажлаа бичсэн. Системийн манлайлал гэдгийг тайлбарлавал Монгол Улс олон бодлогын хөтөлбөрүүдтэй. Тухайлбал, Бизнест ээлтэй Монгол, Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого, ЖДҮ сан гэх мэт олон бодлогын баримт бичиг, төсөл хөтөлбөрийг тоочиж болно. Тэгвэл эдгээр хөтөлбөрүүдийн үр дүнг нь үнэлдэг байгууллага ч байдаггүй. Өөрөөр хэлбэл, мониторинг хийж үзээгүй. Хөтөлбөрийн хүрээнд олон удаагийн хэлэлцүүлэг, форум зохион байгуулдаг хэдий ч үр дүнг хэзээ ч хэлэлцдэггүй. Жишээлбэл, Татварын багц хуулийн өөрчлөлт, шинэчлэлийн олон уулзалт, хэлэлцүүлэгт бид оролцсон. Үүнд бизнес эрхлэгчид маш олон зүйл заалтад саналаа оруулдаг хэдий ч шийдвэр гаргалтад тусгалаа олдоггүй. Улс төрийн шийдвэр болж гардаг. Тэгэхээр үүнийг  хэрхэн үр дүнтэй шийдэж болох вэ гэвэл манай бизнес эрхлэгчид системийн манлайлал гэдгийг үзүүлэх ёстой юм.

Системийн манлайлал гэдэг нь том, дунд, жижиг бүх  л төрлийн бизнесийн салбарын тоглогчид нэгдэж бизнест ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө зорилгоо нэг болгоно гэсэн үг. Ингэснээрээ төрөөс буюу нэг л оролцогчоос шийдвэр гаргалт, тогтолцооны өөрчлөлт хийхийг хүлээх, түүнээс хамааралтай байх бус системийн шилжилтийн томоохон өөрчлөлтүүдийг хийх ажлыг өөрсдөө манлайлах ёстой гэсэн үг. Бизнесийн орчныг төрд даатгах биш өөрсдөө манлайлж системийн өөрчлөлтүүдийг авчрах гэсэн санаа юм. Энэ хүрээнд миний зүгээс бизнес эрхлэх удирдах албан тушаалтнуудад гаднын хүчин зүйлүүдээс илүүтэй  өдөр тутамд  тулгараад байгаа бэрхшээлүүдийг даван туулахын тулд өөрийн зүгээс юу хийж болох вэ гэдэгт  төвлөрөх, ажилтнуудаа, өөрийгөө хэрхэн идэвхжүүлэх, урамшуулах вэ гэдэг хөтөлбөрийг боловсруулсан.Удахгүй  МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес академи”-д энэ сэдвээр танилцуулга лекц тавихаар төлөвлөсөн. Түүнчлэн системийн манлайллыг сурталчлах  зорилгоор Мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллах нь бас үр дүнгээ өгнө гэж харж байна.

 

Бид барилгын материалын чанар, үнэ цэнийг Монголын зах зээлд таниулахыг зорьдог

 

.-Манай бизнесийн нэгдэлд дөрвөн компани бий. Бид дэлхийн чанартай брэндүүд, чанар, үнэ цэнийг Монголдоо нэвтрүүлэхийг зорьж худалдаагаа хийдэг. “УБ Дизайн Центр” ХХК-ийг ажиллуулаад найман жил болж байна.АНУ-ын “SHAW” брэндийн  хивс, хивсэнцэр,  шалны брэндийн төлөөлөгчөөр ажилладаг. Барилгын материалын чанар, үнэ цэнийг өөрийн зах зээлд таниулах гэж оролдож байна. Бид ихэнх цагаа оффист өнгөрөөдөг. Тэгвэл чанаргүй материалууд хорт химийн элемент ялгаруулж хүний эрүүл мэндэд  хор нөлөө үзүүлж буйг тэр бүр анзаардаггүй. Тухайлбал, манай компанийн импортолдог АНУ-ын SHAW брэндийн  хивс нь барилгын материалд ашиглахыг хориглосон 100 элементээс огт  ороогүй, байгаль орчинд хор нөлөөгүй тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн.

Яагаад гэвэл судалгаа хөгжүүлэлтдээ 4.0 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан хивсний ганц брэнд 1967 онд байгуулагдсан 60 гаруй жилийн бизнесийн түүхтэй компанийн бүтээгдэхүүн. Чанар, үнэ цэнийг мэдрүүлсэн гайхалтай ая, тухтай брэнд. Бид мөн технологийн компанийг хөгжүүлэн ажиллаж байна. Энэ амжилт, туршлага дээр үндэслэж Монголын бизнес эрхлэгчдэд тулгарч буй гол, гол асуудлыг гаргаж ирж, хэлэлцэж, дүгнэж бизнес эрхлэх орчныг сайжруулахын зэрэгцээ бид өөрсдөө юу хийж болох вэ. Монголд бизнесийг төгөлдөршүүлэхэд юу хийж болох вэ гэх зэргээр  олон санал, санаачилгуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, энэ чиглэлд ялангуяа удирдах албан тушаалтнуудын дунд бизнесээ амжилттай удирдахад юуг анхаарах хэрэгтэй, системийн манлайллыг хэрхэн үзүүлэх сэдвээр хэлэлцүүлэг, форумыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Тиймээс манай компаниуд энэ чиглэлд эхлээд өөрсдөө манлайллыг үзүүлэх ёстой гэж үздэг. Манай нэгдэлд байдаг “Премьер консалтинг”ХХК нь 2017 онд байгуулагдсан. Бизнесийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тодруулбал, бизнес төлөвлөгөө боловсруулах, үйлдвэрүүдийн ТЭЗҮ боловсруулах, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Жишээлбэл, хураамжтай авто замын төсөл, цементийн үйлдвэр, ноос боловсруулах, ноосон бордоо үйлдвэрлэх болон ноолуурын утас ээрэх үйлдвэрийн ТЭЗҮ зэрэг хэд хэдэн ТЭЗҮ-ийг боловсруулж ажилласан туршлагатай. Бас бид жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бизнес төлөвлөгөө боловсруулах үйлчилгээг тасралтгүй үзүүлсээр ирсэн.

Мөн барилгын зураг төсөл, интерьерийн гүйцэтгэл, барилгын “ГерБридж ХХК нь 15 жилийн туршлагатай.Оффисын дизайн зураг төсөл, интерьерийн барилгын гүйцэтгэл дээр илүү мэргэшсэн. Хэрэгжүүлсэн томоохон төслүүдээс дурдвал, “Рио Тинто Монгол” группийн оффисс, Австралийн ЭСЯ, Жайка ОУ-н байгууллагын оффис, МСС-ын оффис, Хасбанк болон ХХБ-ын төв болон салбар оффисын гэх мэт олон тооны төслийг гүйцэтгэж ажилладаг. Бид хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаараа системдээ манлайлал үзүүлж байгаа юм.Тиймээс бусад олон жижиг компанийг бизнесээ томруулахад нь тусалж системийн манлайлал үзүүлэх, үлгэрлэх нь зүйтэй гэж үздэг.

 

Үндэсний хэмжээний стратеги боловсруулж мөрдвөл бизнесийн орчин сайжирна

 

-Системийн манлайлал гэдгийг системийн манлайлагчидгүйгээр төсөөлөх боломжгүй. Манлайлагч гэдгийг итгэл үнэмшил, үнэт зүйлс, ёс зүй, зан чанар, мэдлэг, чадвараараа бусдыг удирдан манлайлж бусдыг зорьсондоо хүрэхэд  нөлөөлөх процесс  гэж тодорхойлсон байдаг. Хүний үзэл бодол, шийдвэрт нөлөөлдөг хүнийг манлайлагч гэдэг. Харин менежмент нь менежер, захирал, гүйцэтгэх захирал зэрэг тодорхой албан тушаалуудаар дамжуулан  ажлыг  төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хянах, асуудлыг шийдвэрлэх арга ажиллагаа юм. Тэгэхээр системийн буюу тогтолцооны сэтгэлгээнээс асуудалд хандаж, нэгдмэл арга хэлбэрийг ашиглан, үндэсний хэмжээний стратеги боловсруулж хэрэгжүүлэх, бизнесийн байгууллагуудын институц чадавхыг нэмэгдүүлж, түншлэл, хамтын манлайлалын түвшинд бүх талын эрх ашигт нийцүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь бизнесийн салбарын манлайлагчдын Монгол Улсын хөгжилд оруулах бас нэг чухал ач холбогдолтой ажил болох юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 121 (7618)