Ч.Бямбахажид
Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулах болсон талаар МҮМХН холбооноос мэдээлэл хийлээ.
Тэмцээн наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Налайх дүүрэгт болох юм. Энэ талаар ЗГХА, Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш “Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг дагуу жил бүрийн наймдугаар сард “Нүүдэлчин соёлын фестиваль” зохион байгуулагддаг. Энэ жил тус фестиваль наймдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болно. Энэ удаагийн Нүүдэлчин соёлын фестивалийн нэг онцлог хөтөлбөр бол 17 дахь удаагийн морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Өнөөдрийн байдлаар тус тэмцээнд 15 орны 70 гаруй тамирчин бүртгүүлсэн байна. Бид дэлхийн 30 гаруй орны 170 орчим тамирчныг тэмцээнд оролцуулах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна” гэлээ.
Мөн энэ удаа монголын уламжлалт харвааны төрөл болох “Бөмбөг намнаа”-г анх удаа тус тэмцээний албан ёсны төрөлд багтаасан нь онцлох зүйл болж байна. Энэ нь зөвхөн тэмцээний хөтөлбөрийн шинэчлэл төдийгүй үндэсний өв соёлоо олон улсад сурталчлах, залуу үеийн сонирхлыг татах стратегийн чухал алхам болж байгаа аж.
Морьт харваа нь эрт үед дайны урлаг байсан бол өнөөдөр үндэсний спорт болон хөгжиж байна. “Морь унаад нум сум харвах гэдэг зөвхөн спорт биш, харин соёл иргэншлийг илэрхийлж, ур чадвар, тэвчээр шаардсан үйлдэл. Монголын түүх соёлыг шингээсэн энэ өв уламжлалыг дэлхийн спортын тавцанд авчрахад хувь нэмрээ оруулж байгаад бид баяртай байна хэмээн Дэлхийн морьт харвааны холбооны ерөнхийлөгч Ким Ёнг Сол хэлсэн юм. Мөн Морьт харвааг цаашид олимпын спортын нэг төрөл болгох зорилготой ажиллаж байгаа аж.
Дэлхийн морьт харвааны спорт нь дотроо Турк, Унгар, Тува гэх мэт улс орон бүрийн онцлогийг харуулсан олон төрөлтэй байдаг байна. Энэ дунд Монгол төрөл болох “Бөмбөг намнаа”-г оруулсан нь онцлог болж буйг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах хорооны дарга Ж.Энхбат дурдлаа. Мөн уг тэмцээнийг зохион байгуулахад төрийн байгууллагууд хамтран ажиллаж, төсөв мөнгөний асуудлыг шийдэж байгаа ч шаардлагатай зүйл олон байна. Тиймээс иргэд, ААН, бизнесийн байгууллагуудыг хамтран ажиллахыг хүсэж буйгаа зохион байгуулагчид илэрхийллээ.