Ч.Бямба
Нийслэлийн удирдлагууд, Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нарыг АТГ-т шалгуулах талаар Иргэдийн шударга шүүх ТББ-аас мэдээлэл хийлээ.
Энэ талаар Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Нийслэлийн удирдлагуудыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ноос эхэлсэн ТҮЦ эрхлэгчдийн эрхэнд халдсан асуудлаар АТГ, Тагнуулын ерөнхий газарт шалгуулах болсон талаараа мэдээллэж байна. ТҮЦ эрхэлж, хэнээс ч хараат бусаар эдийн засгийн баталгаагаа хангаж байсан хүмүүсийг хүчирхийлж, эрх чөлөөнд нь халдсан үйлдэл хийсэн. Үүнийг бид эрүүгийн хуулийн тусгай ангид заасан олон төрлийн гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдлүүдийг төр засгийн зүгээс хийж байна гэж үзсэн. Ялангуяа нийслэлийн удирдлагууд үгсэн хуувилдаж ТҮЦ эрхлэгчдийн эрхийг ноцтой зөрчсөн. Мөн нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн нэр бүхий шүүгчдийг АТГ-т шалгуулна. Бид нийслэл, дүүргийн захирамжтай холбоотой дөрвөн ижил нэхэмжлэлийг захиргааны шүүхэд гаргасан. Ингэхэд дөрвөн шүүгч энэ нэхэмжлэлүүдийг хүлээж авсан ч дөрвөн өөрөөр хууль зүйн дүгнэлт хийсэн байна. Энэ нь Монгол Улсад шүүгч нар өөрийн үзэмжээрээ дүгнэлт гаргаж байгааг харуулж байна. Бидэнд хууль гэж зүйл байхгүй болжээ” гэв.
Үргэлжлүүлэн ТҮЦ эрхлэгчдийн холбооны төлөөлөл “ТҮЦ нэгдсэн холбооноос Хамбын овоонд “ТҮЦ-33 жил” гэсэн үзэсгэлэн гаргасан. Бид орчин цагийн эдийн засгийн хэлмэгдүүлэлтэд өртсөн учраас уг үзэсгэлэнг гаргах болсон. Өмнө төр ТҮЦ-ийг зөвшөөрөлтэй гэж олноор гаргаж ирснээ одоо зөвшөөрөлгүй гээд ТҮЦ эрхлэгчдээр тоглож байна. Үе үеийн хотын удирдлагууд ТҮЦ зарж бизнес хийж байна. Өнөөдөр хэтэрхий олон ТҮЦ бий болж, замбараагүй байгаа байдлыг төр өөрөө үүсгэсэн. Жишээлбэл, энэ л стандартын ТҮЦ гээд гаргаад ирдэг. Түүнийг нь худалдаад авахаар хоёр жилийн дараа стандартын бус болчихсон л байдаг. Энэ ТҮЦ-үүдийг худалдаж авсан хүмүүс хохирсоор байх уу. ТҮЦ-ээр бизнес хийхээ зогсоох хэрэгтэй” гэлээ.