П.АМГАЛАНБАЯР

 

Хүн бүрийн амьдралын түүх дахин давтагдашгүй ертөнц, оршихуй байдаг. Тэр оршихуйд бүтээж буй дурсамж, цаг хугацааны хүрдэнд өнгөрөн урсаж буй  минут, секунд бүр үнэ цэнтэй. Хүмүүний амьдралын энэ нандин дурсамжаар хөглөгдөж,  тэр цаг хугацаагаар аялна гэдэг бас гайхалтай мэдрэмж байдаг. Энэ удаад ч гэсэн ярилцлагын зочинтойгоо догдлол дүүрэн уулзсан минь энэ.

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочноор монгол киноны сор бүтээлүүдийн нэг болох,  өв соёл, уламжлаа шингээсэн, гүн утга агуулга бүхий  “Хэлтгий заяа” киноны Борхүүгийн дүрийг бүтээсэн Ширнэндоржийн Долгорыг урьж, ярилцсан юм. Тэрээр  “Их монгол үндэсний бөхийн дээд зөвлөлийн судалгааны хүрээлэн”-гийн захирлаар ажилладаг бөгөөд спортын сэтгэл зүйн доктор, дэд профессор цолтой.

 

Тамирчны замнал эхэлсэн он жилүүд

Нийтлэлийн маань зочин зургаан хүүхэдтэй айлын ууган нь. Аав нь Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул. Ээж нь насаараа Дулааны станцад бичээчээр ажиллажээ.

Майхан уул, Хатан тунамал Туул гол, Тэрэлжийн голдоо байрлах Налайх хотод төрж, өсжээ. Тэрээр ээжийнхээ үнэнч,  тууштай,  бусдын төлөө санаа тавьдаг  зан чанарыг дуурайсан гэж боддог гэсэн юм. Ээж  нь хүүхдүүддээ “Хүнтэй  эвтэй бай, хөдөлмөр хүнийг бий болгодог” гэж захиж сургадаг байж. Энэ бүхэн амьдралд, өдөр тутамд минь хэрэг болдог.  Ээж минь зургаан  хүүхдээ зөв сайхан хүмүүжилтэй  өсгөжээ гэж  бодож явдаг хэмээсэн юм.

Мэдээж хүн бүрийн хүүхэд нас ертөнц, хорвоо дэлхийг харах өнцөг, бодол, сэтгэхүй ялгаатай байдаг. Ш.Долгор хэмээх эмэгтэй хүүхэд байхаасаа их хэрсүү байжээ. 15 настайгаасаа өөрөөсөө аливаа зүйлийн хариултыг асууж, өөртэйгөө ярилцдаг хүүхэд байж.

Ийнхүү тэрээр наймдугаар ангиа төгсөж 15 настайдаа Багшийн сургуульд бага ангийн багшаар элсэж орсон байна. Багийн л биерхүү хүүхэд байсан учраас ямар нэгэн спортоор хичээллэх ёстой гэж боддог байсан гэнэ. Энэ үед нь биеийн тамирын багш нь зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлтээр  хичээллэж үзэхийг зөвлөжээ. Энэ үеэс түүний амьдралаас ялгаж салгахын аргагүй спорт хэмээх их замналтай эргэлт буцалтгүй холбогдсон  түүхтэй. Тухайн үедээ спортын ямар ч ойлголтгүй байсан хэдий ч секцэд явж бусад хүмүүсийг хараад “Би чадна” гэсэн бодлыг тээжээ.

Ингээд л зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлтийн тамирчин болохоор зорьсон, тэмүүлсэн түүний амьдралын дурсамж, дурдатгалаар дүүрэн цаг хугацаа хөвөрсөөр.   Гурван жилийн дараа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн байна. 

 

Дэлгэцийн урлагт тод үлдсэн 25 настай Борхүү

“ХЭЛТГИЙ ЗАЯА” УСК-ны хэсгээс by zuuniimedee newspaper

1986 онд Багшийн сургуулийг бага ангийн багшаар төгсөж  “Алдар нийгэмлэг” хэмээх том айлын тамирчин болжээ. Зурагтаар л барилдааныг үздэг бөхчүүд, тамирчдыг дэргэдээс нь харж,  хамт ажиллана гэдэг сүрдмээр сайхан санагддаг байж. Тэгээд л гэртээ очоод ээждээ хэлэхэд “Мөн сайхан юм аа”  гээд л баяр, бахдалаар дүүрэн цаг хугацаа байсан  гэсэн юм. 

Ийнхүү тэрээр 1987-1993  оны хооронд Үндэсний шигшээ багийн тамирчнаар ажиллажээ. Түүний сонирхол нь бөх үзэх.  Спортын төв ордны  А  зааланд амралтын өдрүүдэд байнга л  бөхийн барилдаан  болно. Түүнийг алгасахгүй үздэг байжээ. Түүнээс үндэсний бөхийн таныг татдаг сайхан зүйл нь юу байв гэхэд  “Сайхан өв соёл минь намайг татдаг байсан байх. Бөхчүүдийн уран, хурц барилдааныг үзэх дуртай байсан” гэсэн юм.

Их сорилго зуны барилдаан болж байсан үе. Барилдааны үеэр нэг хүн дуудаад  “Чамайг Н.Ганхуяг найруулагч дуудаж байна”  гэжээ. Яваад очтол “Бөхийн тухай кино хийх гэж байгаа юм.   Дүрийн  сонгон шалгаруулалтад орох уу” гэжээ. Гайхсан, бас баярласан олон мэдрэмж давхацсан цаг хугацаа байсан гэсэн юм. Тэгээд л хэд хоногийн дараа киноны дүрд тэнцлээ  гэсэн хариу иржээ. 

Энэ үед хоёр том шийдвэрийн аль нэгийг нь сонгох хэрэгтэй болж. Учир нь тухайн үед зээрэнцэг шидэлтээр  АНУ-д зохион байгуулагдах хөнгөн атлетикийн дэлхийн оюутан залуучуудын их наадамд оролцох эрхээ авчихсан, виз нь хүртэл гарчихсан байсан гэнэ. Тэрээр энэ үед эргэлзсэний эцэст кинонд тоглох шийдвэр гаргаж байжээ. Ийнхүү олон түмэнд хайрлагдсан  “Хэлтгий заяа” киноны  Борхүүгийн дүрийг бүтээж байсан түүхтэй. Сүүлд бодоход кинонд тоглохоор үлдэх сонголт хийсэндээ баярладаг гэсэн юм.

“Хэлтгий заяа” киноны зураг авалтын багийнхан.

Тухайн үед бөхийн дүрд тоглоно гэсэн болохоос биш киноны зохиолыг нь бүрэн уншуулаагүй, ямар үйл явдал өрнөхийг мэдэхгүйгээр зураг авалтад гарсан байна. Сүүлд бодоход найруулагч, кино багийнхны  ухаан байжээ гэсэн юм.  Кино зураг авалтаа Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэрлэн мөрний хөвөөнд хийж монгол түмний шимтэн үзэх дуртай  “Хэлтгий заяа” кино бүтжээ. Ийнхүү тэрээр цэл залуухан 25 настайдаа монгол түмний бахархал, ондоошил болсон өв соёл, зан заншлыг харуулсан кинонд  бөхийн дүрийг бүтээж, дэлгэцийн урлагт мөнхөлж чадсан юм. Тэрээр киноныхоо тухай “ Хэлтгий заяа” кино бол асар нарийн утга агуулгыг шингээсэн бүтээл. Улсын арслан М.Мөнгөн киноны зохиолын санаагаа домгоос сэдэвлэсэн гэдэг.  Монголчууд түүхээ үлгэр, домог туульд бичиж үлдээдэг байсан юм байна лээ. Домгийг амилуулна гэдэг түүхээ эргэж санаж байгаагийн нэг том илрэл. Түүхээ мэдэж байж ирээдүйгээ харна. Тиймээс “Хэлтгий заяа” кино бол өвөг дээдсийн бүтээсэн агуу их түүхэн ой сангийн үүдийг нээсэн юм байна гэж ойлгосон”  гэсэн юм.

Кинонд монгол түмний бахархал домогт аварга Жигжидийн Мөнхбат, улсын арслан Мядагийн Мөнгөн гээд  олон сайхан хүмүүс тоглосон байдаг.  Ш.Долгорын хувьд  энэ олон мундаг эрхмүүдийг хүндэлсэн, талархсан, бахархсан сайхан дурсамж бүтээсэн цаг хугацаа байсан гэсэн юм.

Кино театрын суудал дүүрч, шатны хажуугаар хүртэл хүмүүс пиг зогсжээ. Учир нь  1993 оны арван хоёрдугаар сард “Хэлтгий заяа” кино “Өргөө” кино театрт нээлтээ  хийж буй нь.

Ш.Долгорын хувьд зохиолоо бүрэн уншаагүй болохоор  ямар кино болсон бол гэж нээлтийн өдрийг догдолж хүлээсэн гэнэ. Нийтлэлийн баатар маань кино эхэлсэн хойно, харанхуйд явсаар  нэг газар олоод сууж байжээ.  Дэлгэц дүүрэн өөрийгөө хараад их л ичсэн гэнэ. Тэгсэн  хажууд нь сууж байсан  нэг залуу “Пөөх ямар том биетэй эмэгтэй вэ” гэж хэлж байна гэнэ.  Тэгэхэд нь ичээд л “Заа баларсан. Гэрэл асахаас өмнө хурдхан гаръя гэж бодож байсан” гэсэн юм. Тэрээр “Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээнд би 14 удаа түрүүлсэн. Энэ үед спортын хүрээнийхэн маань л таньдаг байсан юм байна лээ. Харин “Хэлтгий заяа” киноны Борхүүгийн дүр намайг монголын ард түмэнд таниулсан гэж боддог.  Ард түмэнд хайрлагдаад байгаагийн шалтгаан нь би тоглосондоо ч биш. Монголчууд маань түүхээ эргэн санаж байгаа учраас Борхүүгийн дүрийг хэн ч бүтээсэн хайрлагдах ёстой юм байна гэж боддог” гэсэн юм.

Мөн тухайн үед  Монголд эмэгтэйчүүдийн самбо, жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болохоор төлөвлөгдөж  эмэгтэй тамирчдыг бэлтгэж эхэлсэн байна. Ш.Долгорын хувьд +82 кг-д  оролцохоор бэлтгэл хийж байсан гэлээ. Барилдааны дөртэй болсон нь кинонд тоглоход давуу тал болсон гэсэн юм. Тэрээр  кино гарч эхэлснээс хойш ичээд бөхийн барилдаан үзэж чадахаа больсон гэнэ.

Мөн тэрээр  хөнгөн атлетик, зээрэнцэг шийдэлтийн  спортын мастер,  самбо бөхийн азийн аваргын мөнгөн медальт тамирчин юм.

 

“Бууз авах уу” гэж хэлж чадахгүй их л ичдэг байсан”

 

Тухайн үед улсын шигшээ баг задарч, киноны нээлтийн дараа  найз нь хамт Орос явах санал тавьж,  Украины шигшээ багийн дасгалжуулагчийн удирдлагад  5-6 сар бэлтгэл хийсэн байна. Гэвч цуг явсан найз нь нүүр бууруулж, амьдрах гэргүй, мөнгөгүй болоод сүүлдээ бэлтгэлдээ ч явахаа больжээ.  Тэр үед Украинд амьдарч байсан Монголчууд үнэгүй байр олж өгч, ойр зуурын зүйлээр хүртэл тусалдаг байж. Тэгээд л мөнгө олж нутаг руугаа буцахын тулд  бууз хийж зарахаар болжээ.

 Тухайн үед тэнд наймаа хийдэг монголчууд олон байжээ. Зах нь 04:00 цагаас нээгээд  14:00 цагаас хаадаг байж.  Тэгээд өглөө 06:00 цагт гарын атга хэмжээний арван ширхэг том бууз хийгээд л гэрээсээ гардаг байсан гэнэ . Анх “Бууз авах уу” гэж хэлж чадахгүй их л ичдэг байжээ. Сүүлдээ буузыг нь хүмүүс мэддэг болж өдөрт арван ширхгийг зардаг байсан бол сүүлдээ  60 ширхгийг хүртэл зардаг болж. Гадаадынхан хүртэл буузыг нь авдаг болсон байна. 

Тэр үед нь спортынх нь найз дүүтэйгээ бас тэнд амьдардаг байж. Тэгээд “Долгор оо бууз хийж зараад яах вэ. Хоёулаа Москвад очиж наймаа хийе. Бууз  хийхээс илүү ашигтай” гэж хэлжээ. Ингээд Москвад очоод 3-4 жил наймаа хийсэн байна.

Өөр улсад ч гэсэн хүмүүс намайг Борхүүгийн дүрээр минь хайрлаж, хүндэлсэн нь бахархмаар санагддаг.  Энэ кинонд тоглосондоо маш их баярладаг гэсэн юм.

 

“Амьдралд  биеэ дааж явахад юу мэдсэн байх шаардлагатай вэ”

Гэр бүлийн хамт.

Түүний амьдралын дараагийн шинэ хуудас нь эх орондоо ирж Удирдлагын академид  Төрийн удирдлагын менежер,  зохион байгуулагч, дараа нь Төрийн удирдлагын магистр хамгаалсан он жилүүд. Тэрээр сургуулиа төгсөөд  Батлан хамгаалах  их сургуулийн харьяа Төрийн удирдлагын салбар сургууль байгуулагдахад тэнд жил гаруй хугацаанд ажилласан байна.  Энэ үед амьдралынхаа түшиг тулгуур болсон сайхан ханьтайгаа танилцаж хоёр сайхан хүүхдийн аав  ээж  болжээ.

Хань нь төмөр замын машинист мэргэжилтэй.

Тэднийх Шар хадны техникийн захын  ойролцоо амьдардаг, машин засварын газар ажиллуулдаг байжээ.

Гэвч  хүмүүний амьдрал  жаргал зовлон ээлжилдэг хорвоогийн жамаар  хоёр хүүхдээ төрүүлээд удаагүй байхад хань нь хүнд өвчний улмаас таалал төгсжээ. Салж хагацахын их зовлон  түүний өмнө тулсан ч тэрээр аливаад хугарч нугаралгүй, шантралгүй тэмүүлсээр ирсэн хүчирхэг эмэгтэй. Тэрээр энэ хугацаанд засвар газраа үргэлжлүүлж 4-5 жил ажиллуулж, хажууд нь найман нэрийн дэлгүүр хүртэл нээжээ. Мэдээж ганц эмэгтэй хүн энэ бүхнийг ганцаараа амжуулна гэдэг амаргүй. Тиймээс машин засварын газраа зарж, өөр ажил хийхээр зорьжээ. Энэ үедээ тэрээр “Амьдралд  биеэ дааж явахад юу мэдсэн байх шаардлагатай вэ”  гэсэн анхны  номоо гаргаж байсан  гэнэ. Ном нь борлуулалт сайтай байж   5-6 удаа хэвлүүлжээ. Ном бичих болсон шалтгаан нь өдрийн тэмдэглэл бичдэг байсантай нь холбоотой.   Түүний бас нэгэн том орон зай бол өдрийн тэмдэглэл дэх дурсамжууд. Хүүхэд байхаасаа  өдрийн тэмдэглэл хөтөлж эхэлжээ. Мөн тамирчны тэмдэглэл гэж хүртэл тусдаа хөтөлдөг байсан байна. Энэ тухайгаа “Ганцаараа байхдаа  сэтгэлээ нээх, сонсох хүн байхгүй бол хүн их битүүрдэг. Өдрийн тэмдэглэлдээ  тухайн өдөрт болсон   зүйлсээ бичээд өөрийгөө, хайсан хариултуудаа  олдог. Өөрөө зөв явах юм сан гэсэн чин хүсэл байсан учраас зөв гэсэн зүйлээ түүж л байсан юм шиг байна лээ” гэсэн юм.

Энэ үеэс л  сэтгэл зүй, сэтгэл судлалын асуудлыг илүү гүн сонирхож эхэлжээ. Тэрээр 15 настай байхаасаа өөртэйгөө ярилцаж, аливаа зүйлийн асуултыг эрэн хайдаг байсан нь ч нөлөөлсөн байж магадгүй юм. Ингээд Биеийн тамир спортын газарт шигшээ багийн мэргэжилтнээр орсон байна.  Түүнийг өмнө шигшээ багт байх үед спортын  сэтгэл зүйн  асуудал яригдаж эхэлсэн үе. Гэвч түүнийг  хэдэн жилийн дараа  мэргэжилтнээр очиход ч спортын сэтгэл зүйн асуудал шийдэгдээгүй байсан гэнэ. Тиймээс гарцаагүй  шийдэх ёстой гэж бодоод  энэ ажилд эргэлт буцалтгүй оржээ. Ингэхдээ тэрээр бэлтгэлийн  тэмдэглэлийн дэвтрийг тамирчдад нэвтрүүлэхээр зорин ажилласан байна.  Тэмдэглэл хөтөлснөөр өөртэйгөө илүү ярилцаж, ойлгох боломжтой байдаг аж.  Мөн түүний  баримталдаг байсан зарчим нь бүгдэд тэгш боломж олгох тал дээр илүү чиглэж ажилладаг байжээ.

Ингээд  л гадныхан  спортын сэтгэл судлалыг юу гэж ойлгодог,  бид юу гэж ойлгох ёстой, гадны спортын сэтгэл зүйн талаарх бичсэн зүйлүүдийн талаар, боловсруулж судалж докторын зэрэг хамгаалсан байна. Энэ хугацаанд тэрээр “Тамирчны сэтгэл зүй”,  “Монгол дасгалжуулагчийн филосфи туршлага, Би бол дараагийн  олимп, дэлхийн аварга мөн” , “Бэлтгэлийн тэмдэглэл”, “Жудагтай хүний дотоод сэтгэлийн дархлаа нь хүн чанар” , “Тамирчны зоригийн сэтгэл зүй “ зэрэг  ном гаргажээ.

Нийтлэлийн баатар маань одоо “Их монгол үндэсний бөхийн дээд зөвлөлийн судалгааны хүрээлэн”-гийн захирлаар ажиллаад зургаан жил болж буй. Тэрээр өв соёл, зан заншил,  эрийн гурван наадам,  хүний хөгжлийн асуудал, хүний хөгжлийн стандартын оргилд хүнээ яаж хүргэх вэ гэсэн чиглэлийн хүрээнд судалгаа хийж,  их үнэ цэнийг бүтээж яваа нэгэн юм.

Дүү нарын хамт.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 116 (7613)