Рагчаагийн ОЮУН

 

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II компакт гэрээ буюу Усны компактын хүрээнд бүтээн байгуулсан Монголын анхны Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг нээж, үйл ажиллагааг эхлүүлэх ёслолын арга хэмжээ боллоо. Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд Биокомбинат, Шувуун фабрикийн орчимд 30 гүний худаг гаргаж Монгол Улсад анх удаа дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг шугам хоолой, хяналт удирдлагын системийн хамт байгуулаад байна. Ус хангамжийн баруун эх үүсвэр нь жилд 50 сая шоометр усыг нийслэлийн унд, ахуйн хэрэглээнд нийлүүлэх найм дахь эх үүсвэр буюу Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том ундны усны эх үүсвэр болох юм. Нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Монголын Мянганы сорилтын сан, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, төслийн гүйцэтгэгчид, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган нар Ус цэвэршүүлэх үйлдвэрийн ус хүлээн авах хүрдийг нээж, үйлдвэрийн үйл ажилагааг албан ёсоор эхлүүллээ.

Үйлдвэрийн үйл ажиллагааг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрээр “Монгол Улсад анх удаа бүтээн байгуулагдаж буй дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг нээх түүхэн үйл явдлын гэрч болохоор та бид өнөөдөр хуран цуглаж энэ сайхан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаадаа чин сэтгэлээсээ баярлаж, сэтгэл хөдөлж байна. Хүн төрөлхтний амьдралын эх булаг болсон усны нөөцөө хамгаалах, ирээдүй хойчдоо цэвэр тунгалаг усны эх үүсвэрийг өвлүүлэн үлдээх, бидний алсын хараа өнөөдөр бодит бүтээн байгуулалт болж энэ гүн цэвэршүүлэх үйлдвэр сүндэрлэн босож ашиглалтад орж байна. Олон жил энэ сайхан үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг тэсэж ядан хүлээж байсан гэдгийг хэлэхийг хүсэж байна. Одоогоос найман жилийн өмнө буюу 2018 онд миний бие АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурж Мянганы сорилтын II компакт гэрээг хэрэгжүүлэхээр 2021 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан бол өнөөдөр ийн бодит ажил болж үүдээ нээж байгаад туйлын их баяртай байна. Та бүхэнтэй энэ арга хэмжээг эхлүүлж байгаадаа чин сэтгэлээсээ баярлаж байна” гэсэн юм.

Энэ үеэр холбогдох албаны хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо. 

 

Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл: Үйлдвэр ашиглалтад орсноор шууд болон шууд бус олон давуу талтай

-Өнөөдөр нээлтээ хийж байгаа Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр бол Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээ буюу усны компакт дээр хэрэгжиж байгаа гурван төслийн нэг нь. Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд Улаанбаатар хотын хамгийн том ус хангамжийн эх үүсвэрийг нэгдүгээр шатанд ашиглалтад орууллаа. Үүнээс гадна шинэ эх үүсвэрээс татаж авсан усаа дэвшилтэт технологиор дамжуулан Монгол Улсын унд, ахуйн усны стандартад нийцүүлэн цэвэршүүлээд нийслэлийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх ийм цогц систем бүрдэж дэд бүтэц ашиглалтад орж байна.

Энэ үйлдвэр ашиглалтад орсноор шууд болон шууд бус олон давуу талтай. Шууд нь Улаанбаатар хотын хүн ам гэлтгүй үйлдвэр аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагууд усны хомсдолоос ойрын хэдэн жил айлтгүйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх эдийн засгийн үр өгөөжийг авчирч байна. Түүнээс гадна Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, төлөвлөлтийн дагуу баруун тийшээ өргөжин тэлнэ гэсэн үндсэн хөгжлийн чигийг барьдаг. Шинэ эх үүсвэр, үйлдвэр маань ашиглалтад орсноор Улаанбаатар хот цаашид өргөжин тэлэх, түгжрэл, агаарын бохирдлыг шийдэх суурь нөхцөлийн нэг нь бүрдэж байна гэж харж байгаа. 

 

Сангийн дэд сайд, УЗ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Хулан: Төслийн хугацаанд 7000-8000 монгол хүн ажилласан

-Бид байгалийн нөөц баялаг гэхээр зөвхөн уул уурхай гэж ойлгодог. Гэтэл хамгийн чухал нөөц баялгийн нэг нь ундны ус. 1990 оноос хойш Улаанбаатар хотыг чиглэсэн их нүүдэл бий болсонтой холбоотойгоор түгжрэл бий болсон. Хотын маань эко систем, усны хэрэглээ үүнийг дагаад нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор усны хангамж нэн ялангуяа, ундны цэвэр усыг цэвэршүүлэх үйлдвэрийн ач холбогдол өндөр. Энэ төсөл Сангийн яамны зүгээс яагаад чухал вэ гэхээр АНУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламж мөн Монгол Улсын Засгийн газраас 112 сая ам.долларын төсвийн хөрөнгө оруулалт хийгээд хамтарсан төслөөр хугацаа, төсвийн хэтрэлтгүйгээр цаг хугацаандаа амжилттай ашиглалтад орж байгаа том төслүүдийн нэг болж байгаагаараа онцлог юм. Цаашдын улсын хөрөнгө оруулалт болон хамтарсан хөрөнгө оруулалт, төслүүддээ энэ жишгийг баримтлаад явах бүрэн боломжтойг харууллаа. Усны хувьд энэ зөвхөн ундны ус гэлтгүй эдийн засгийг тэтгэж байдаг том хүчин зүйл.

Өмнөх долоон эх үүсвэр нь нийлээд 50-70 сая шоометр байдаг бол энэ үйлдвэр ашиглалтад орсноор дахин 50 саяар нэмэгдэж ундны цэвэр усны хангамжийг 80 хүртэлх хувиар нэмж байгаагаараа ач холбогдолтой. Энэ үйлдвэрийг барихад байсан 51 бүл тарвагыг нүүлгэн шилжүүлсэн гэх мэт олон талаас нь авч үзснээрээ онцлогтой. Тухайлбал, олон суваг шуудуу барих, шугам татах ажлыг хамгийн дэвшилтэт технологиор буюу газар дээр байгаа суурьшлын бүс, зам, галт тэргийг мөн Туул голыг хөндөхгүйгээр доогуур нь явуулж суваг шуудуу татснаараа онцлог. Зөвхөн үйлдвэрүүд ашиглалтад ороод шууд үр нөлөөнөөс гадна төслийн хугацаанд 7000-8000 монгол хүн ажилласан байна. Энэ хэмжээгээрээ дотоодын болон гадаадын туслан гүйцэтгэгч компаниуд ажилласан. Манай дотоодын хүний нөөц энэ чиглэлээр чадавхжиж дараагийн төслүүдэд хэрэгжүүлэх нөөц боломж, чадамж бий болсон гэж үзэж байна.

 

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри: Төслийн хүрээнд олон ажил хийсэн

-Миний хувьд Монгол Улсад анх удаа зочилж байна. Ялангуяа, Монголын анхны Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг нээх ажиллагаанд оролцохоор ирсэндээ баяртай байна. Мянганы сорилтын корпорац болон Монгол Улсын хооронд олон жил хамтарч ирсэн хамтын ажиллагааны түүхтэй байгаа. Гэхдээ энэ удаагийн бидний компакт гэрээний ач холбогдол гэвэл үнийн дүнгийн хувьд том. АНУ талаасаа бид 350 гаруй сая ам.долларын эх үүсвэр, Монгол талаас 120 сая ам.долларын эх үүсвэрийг төвлөрүүлээд бид энэ үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж байна.

Энэ нь түншлэлээ хэр бат бөх, дээд түвшинд аваачиж чадах вэ гэдгээ харуулсан амжилттай төсөл боллоо гэж бодож байна. Бидний хувьд энэ төслийг анх төлөвлөхдөө хөрөнгө оруулалт дууссаны дараа энэ үйлдвэрүүд маань илүү тогтвортой үйл ажиллагаа явуулахад юунд анхаарах ёстой вэ гэдэгт ач холбогдол өгсөн. Мэдээж эдгээр дэд бүтцийг барьж байгуулах байсан. Энийгээ барьчихлаа. Гол нь үүний ард үйл ажиллагааг нь хангаад явах бодлого боловсруулагч нар, гадны инженерүүдийг бэлтгэх тал дээр бид багагүй хүчин чармайлт гаргаж төслийн хүрээнд олон ажил хийсэн.

 

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү: 50 мянган шоометр усыг нийлүүлэх хүчин чадалтай

-Улаанбаатар хот маань долоон эх үүсвэртэй. Өнөөдөр бид найм дахь эх үүсвэрээ хүлээн авч байна. Энэ эх үүсвэр маань хоногт 50 мянган шоометр усыг улаанбаатарчуудад нийлүүлэх хүчин чадалтай. Өмнө нь долоон эх үүсвэр маань нийлээд 55 мянган шоометр усыг өгдөг байсан бол одоо үүний хэмжээнд дүйцэхээр ус гүн цэвэршүүлсэн үйлдвэр бий болж байгаад баяртай байна.      

 

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган: Монголчуудад өвлөгдөн үлдэх үнэт өв болох юм

-Өнөөдөр түүхэн ач холбогдолтой үйл явдлыг тэмдэглэж байна. Энэ нь Монгол, Америкийн бат бэх харилцааны хүч чадлыг харуулаад зогсохгүй Монголын ард түмэнд хэдэн үеэрээ дамжин авчирах ашиг тусыг харж байна. Монголчууд ариун цэврийн бүх шаардлагыг хангасан цэвэр устай байх боломжийг олгож байна. Үүнийг АНУ-д өндрөөр үнэлдэг. Төслийн хаалтын ажиллагаа яагаад ийм ач холбогдолтой болж байгаа вэ гэхээр Монгол, Америкийн харилцаа, түншлэлийг тэмдэглээд зогсохгүй зөвхөн хөгжлийн хөтөлбөрийн хэмжээнд үнэлэгдэхгүй зүйл юм. Яагаад гэвэл хоёр орны Засгийн газрын, ард түмний хамтран хэрэгжүүлсэн хамтын түншлэлийн үр дүнд бий болсон. Тухайлбал, АНУ-аас 463 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 115 сая ам.долларыг энэ төсөлд оруулсан.

Энэ хамтын ажиллагаагаар бид хамгийн их бахархаж байна. Хоёр орны ард түмнүүдийн төлөө татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн том бүтээн байгуулалт гэж харж байна. Өнөөдөр ашиглалтад оруулж байгаа Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга бол хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашигласан. Америкийн инженерийн дэвшилтэт технологийг авчраад зогсохгүй Мянганы сорилтын корпорацын компакт хөтөлбөр дуусаад энэ оны эцсээр гарахад Монголын ард түмэнд, Монголын Засгийн газарт мөн Улаанбаатар хотын засаг захиргаанд үлдэх зүйл юм. Бид тодорхой хэмжээгээр хариуцлагыг үүрүүлээд энэ үйлдвэрийг хүлээлгэж өгөөд гарч байгаа. Олон үе дамжин монголчуудад өвлөгдөн үлдэх үнэт өв болох юм.

 

Монголын Мянганы сорилтын сангийн Байгаль орчин, нийгмийн гүйцэтгэлийн захирал Ц.Дашзэвэг: 51 тарвага өнөөдөр 188 болж өссөн

-Усны компактын хүрээнд томоохон инженерийн том бүтцийн төслүүд барьж байгаа. Энэ төслүүдийг барихад байгаль орчинд ээлтэй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгаж барих нь чухал байдаг. Энэ нь Монгол Улсын Байгаль орчны тухай хуулиудаас гадна олон улсын санхүүгийн корпорацын гүйцэтгэлийн стандартуудыг сахиж ажиллах ёстой байдаг. Нэг жишээ хэлэхэд сая нээлт дээр ч гэсэн тарвага гэж амьтны талаар гарсан. Үйлдвэр барьсан Сонгинохайрхан уулын зүүн бэлд тарвага буюу олон улсын улаан номонд устаж болзошгүй ангилалд орсон амьтан байгаа. Байгаль орчинд нөлөөллийн үнэлгээгээрээ анх суурь судалгаагаар нийт найман бүлийн 51 тооны тарвага байсан.

Энэ үйлдвэрийг барих явцад хүнд машин механизмаас гарах дуу чимээ, барилга угсралтын ажлаас ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээд 51 тооноос доош орвол энэ төслийн үйл ажиллагааг зогсоох эрсдэлтэй байсан учраас бид их ач холбогдол өгч ажилласан. Үүнд олон улсын санхүүгийн корпорацын гүйцэтгэлийн дагуу зөвхөн тарвага хамгаалах том төсөв тусд нь гаргасан. Үнэлгээн дээрээ мэргэжлийн хамгаалагчийг ажиллуулаад үйлдвэрийн сөрөг нөлөөллийг хэрхэн багасгах вэ гэж ажилласан. Эхний тарваганы дош 200 метрийн зайтай. Тиймээс бид дунд нь 60 метрийн урттай, хоёр метрийн өндөр шороон далан босгож өгсөн. Энэ нь хүнд машин механизмын дуу чимээг багасгана.

Хоёрдугаарт, Сонгинохайрхан уулын доошоо жалга, нүх, тарваганы амьдрах орчинд нөлөөлсөн учраас 105 чулуун даланг босгож хур тунадас, цас борооны усыг тэнд нь байлгаснаар тарваганы амьдрах орчныг сайжруулсан. Гуравдугаарт, тарвага маань өглөө нар мандахаас 10:00, орой 17:00 цагаас нар жаргах хүртэл идээшилж тарга тэвээргээ авдаг байгаа. Тиймээс Туркийн компанитайгаа яриад энэ үед нь машин механизмаа ажиллуулж болохгүй шүү. Тарваганд ингэж нөлөөлөх нь байна гээд хамтарч ажилласан. Энэ үр дүнд 51 тарвага өнөөдөр 188 болж өссөн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 94 (7836)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn