Б.ЖАВХЛАН
Азийн боксын холбооноос Бүгд Найрамдах Узбекистаны Ташкент хотод өсвөрийн боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 12 хоногийн турш зохион байгууллаа. Тэмцээний U17 насны алтан медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд өчигдөр болж нэгдсэн дүн гарлаа. Манай улсаас 50 кг-д Ө.Сүлд мөнгөн медаль хүртлээ. Мөн энэ насанд манай дөрвөн тамирчин хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 10-р байр эзлэв.
U17 насанд Узбекистаны баг есөн алт, долоон мөнгө, зургаан хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Казахстан найман алт, Энэтхэг, БНХАУ, Тажикистан тус бүр 2 алтан медаль хүртжээ. Иран, Япон, Бахрейны баг нэг алтан медальтайгаар жагсаалтын эхний наймд багтлаа. Энэ насны ангилалд 15 орон ямар нэгэн медаль хүртсэн байна.