П.ЛХАГВАЖАРГАЛ

“Зууны мэдээ” сонин “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээ 14 хоног тутамд хүргэдэг. Харин энэ удаа тэдний сурвалжлах баг Архангай аймгийн Өгий нуурын бохирдол болон холбогдох бусад асуудлыг газар дээрээс нь сурвалжилж, “Өгий нуурыг гүнээс нь цэвэрлэх цаг болжээ” нийтлэлээ гаргасан байна. Улаанбаатар хотоос 346 километрт орших энэхүү цэнгэг уст нуурын усны түвшин багасаж, аялагч, амрагчдын хөлд дарагдан ихээр бохирджээ. Нуурын эргэн тойронд оршин суугчдын хэлснээр тус нуурыг түүхэндээ ганц удаа цэвэрлэж байгаагүй бөгөөд хүртээмжтэй боловсон бие засах газар байхгүйн улмаас ил задгай бие засан, хог бохирдлоо замбараагүй хаяж байгаль дэлхийдээ ээлгүй хандах нь элбэг гэнэ. Тодруулбал, нуурын эргэн тойрноос жилд 250-300 тонн хог гардаг байна.

 2019-2020 оны улсын төсөвт  Өгий нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төсөлд дөрвөн тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэвч төслийн хүрээнд барьсан бие засах газар, дүүш бүхий байр нь  ашиглалтад орохоосоо өмнө дээвэр нь хуулран, хаалга үүд нь эвдэрчихсэн нөхцөл байдалтай байв. Ажил дуусаагүй гол шалтгаан нь цар тахалтай давхацсан учир гацаж, мөн үүний дараа  бараа материалын үнэ нэмэгдэж төсөв хүрээгүй гэнэ. Хэрэв энэ бүхэн хэрэгжсэн бол Өгий нуураа бохирдлоос хамгаалах жишиг ажил болох байсан гэдгийг нутгийн иргэд хэлсэн юм.

Одоогоор  нуурын эрэгт таван жуулчны бааз, нутгийн иргэдийн 40 гаруй эко гэр үйл ажиллагаа явуулж байна. Тэднээс нуурыг бохирдуулж буй хүчин зүйлийн талаар тодруулахад, хамгийн нөлөөтэй нь мал ах ахуй гэсэн юм. Тухайлбал, аялал жуулчлалын бүсийг хадгалж, малын бэлчээрийг холдуулмаар санагддаг гэх байр суурийг илэрхийлэв.

 

Өгий нуурыг гүнээс нь цэвэрлэх цаг болжээ

 

Эх сурвалж: zms.mn