“Зууны мэдээ” сонин “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээ 14 хоног тутамд хүргэдэг билээ. Манай сурвалжлах баг энэ удаа уудам дэлгэр Монгол орны үзэсгэлэнт байгаль цогцолсон арын сайхан Архангай аймгийн Өгийнуур суманд орших Өгий нуурыг зорьсон юм. Улаанбаатар хотоос 346 километр, Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос 122 километрт орших Монгол орны төв хэсэгт байрладаг цэнгэг уст Өгий нуур маань сүүлийн жилүүдэд бохирдож, усны түвшин багасаж буй асуудлаар бид нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа.
Нийтлэлээ үзэсгэлэнт Өгий нуурынхаа үүх, түүхээс эхэлье. Эрт дээр үед Өгий нуурын орчимд нэгэн сурвалжит баян тайж нутагладаг байв. Тайжийнх Өгий нэртэй үзэсгэлэнтэй сайхан охинтой, мал сүргийг нь адгуулдаг олон зарц, хамжлагатай юм санж. Өгий охин нас биед хүрч, одоогийн Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат өндөр сайхан залуутай хайр сэтгэлийн холбоотой болжээ. Ийнхүү Өгий бүсгүй, залуу хоёр малын бэлчээрт уулздаг болоод хэсэг хугацаа өнгөрч, хоёрдоо биедээ дасаж, улам дотносож амьдрахаар болж гэнэ. Гэтэл тайжийн хамжлагууд тэднийг үе үе уулзаж байгаа талаар тайж болон эхнэрт нь хошуу хүргэв. Энэ мэдээг сонссон тайж ихэд уурлан ядуу гуйлгачин хархүүтэй ганц охиноо суулгахгүй гээд нутгийн нэгэн сурвалжит баяны хүүтэй суулгахаар тохирчээ.
Нэгэн өдөр Өгий бүсгүй сэтгэлт залуутайгаа малын бэлчээрт уулзаж байхыг хамжлагууд тайжид хэлж, тэр залууг баривчлан хороохоор болжээ. Ингээд залуу сэтгэлт Өгий бүсгүйдээ хандаж:
-Би нутагтаа “Авзага хайрхан” уул болж, харин чамд нэгэн сайхан нуур өгье гэжээ. Өгий бүсгүй сэтгэлт залуугаа санаж, шаналсаар дуссан нулимс нь Өгий нуур болж, тэд үүл манангаар уулздаг болсон гэх домог яриаг нутгийн өвгөд хөгшид ярьдаг. Тиймээс Өгий нуурыг эм савдагтай гэдэг. Иймдээ ч нутгийн хөгшид Өгий нуурын усанд эмэгтэй хүн орохоос цээрлэж, тахин шүтдэг байна.
Нуурын усанд маш олон хэмжээний бактери илэрчээ
Засмал замаар давхисаар биднийг зорьсон газартаа ирэхэд Өгий нуур маань цэлэлзэн, мяралзаж, хаа нэгтээ шувууд ганганан чуулж, үзэсгэлэнт төрхөө дэлгэн харагдана. Аялал жуулчлалын улирал төдийлөн эхлээгүй учир нам гүмхэн байв. Нуурын эрэгт Орхон Чулуут голын сав газрын захиргааны харьяа Өгий нуурын мэдээлэл сургалтын төвийг 2009 онд байгуулжээ. Уг мэдээлэл сургалтын төвийн үйл ажиллагааны нэг хэсэг нь нуур болон түүний орчинд байгаа гол горхины ахуйн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг сум орон нутгийн байгууллага, иргэд, төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг байна.
Орхон Чулуут голын сав газрын захиргааны нуурын эко систем судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Эрдэнэтуяагийн хувьд 2018 оноос хойш энэ чиглэлийн хүрээнд ажилласан байна. Түүний хувьд нуурын эко системийн өөрчлөлт, доройтол, сэргэлтийг жилийн дөрвөн улирлын турш харж, ажиллаж ирсэн нэгэн.

Өгий нуурын ус намгархаг газарт тулгамдаж буй хэд хэдэн асуудал бий гэдгийг мэргэжилтэн Ч.Эрдэнэтуяа хэлж байлаа.
Өгий нуур нь 1998 оны зургаадугаар сарын 7-ны өдөр Рамсарын конвенцын хавсралт жагсаалтад албан ёсоор бүртгэгдсэн. Ингэхдээ Өгий нуурын ус, намгархаг газар нь газарзүйн байршлын хувьд байгалийн ховор, дахин давтагдашгүй хэв шинжийг агуулсан, зарим амьтан, ургамлын зүйлүүдийн популяцийн хэмжээнд нөлөөлөхүйц ач холбогдол бүхий газрын бүсэд байрладаг гэсэн хоёр шалгуурыг хангажээ. Тэгвэл байгалийн үзэсгэлэнт, цэнгэг уст Өгий нуур маань бохирдож, усны түвшин, урсац багасахад нөлөөлж буй гол шалтгаанууд нь юу байна вэ.
Өгий нуурын хувьд 2008 оноос хойш нуурын усны түвшин жил жилээр багассаар 2011 онд хамгийн доод түвшинд хэмжигджээ. 1990-ээд оны үеэр Хархорины сангийн аж ахуй татан буугдаж, тэнд ажиллаж байсан хүмүүсийн зарим нь тариалан эрхэлж, мод тарин хөгшин Орхон голоосоо тал тал тийш нь суваг татсанаас үүдэн усны урсац багассан байна. Мөн 2015 он хүртэл Өгий нуурын усны урсцын гаралтын голууд болон хажууд нь байрладаг жижиг нуурууд хүртэл хатаж эхэлсэн аж. Ингэснээр Өгий нуурын тойрог савнаасаа татарч эхэлжээ. Өгий нуур усаа гадагшаа цутгаж чадахгүйгээс үүдэн нуурын усны чанарт өөрчлөлт орж эхэлсэн байна. 2015 оноос Өгий нуурт бохирдлын хөх ногоон замаг хөвж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Монгол орны цэнгэг уст хэмээдэг Өгий нуур хөх ногоон өнгөтэй шалбааг шиг болсон байна.

Дээрх асуудлын талаар “Хатан Өгий” жуулчны баазын захирал Г.Ганзоригоос тодруулсан юм. Тэрээр “Би Өгийнуур сумын унаган иргэн. Сургуулиа төгссөн дараагаа 2006 оноос аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байна. Намайг бага байхад Өгий нуурыг тойрсон зэгс их, ус нь арвин байсан. Одоо зэгс нь ч байхаа байж. Ус нь ч багасжээ. Үүнд уур амьсгалын өөрчлөлтөөс гадна хүний төвлөрөл нөлөөлж байна. Мөн хөгшин Орхон голын маань урсац муудсан. Харин сүүлийн жилүүдэд бороо хур элбэг байж, нуур маань байгаль эхээсээ тэжээгдэж сэргэлээ. Бага нуур ширгэсэн байж байгаад сэргэсэн. Гадаадын жуулчид хог тарьдаггүй. Тэр ч байтугай хогийн уут асуугаад цэвэрлэх гээд байдаг. Харин манай монголчууд машиндаа аваад ирсэн хогоо ачаад явж чадахгүй хаячихдаг. Наадмын дараа баазынхаа ойр орчмын хариуцсан газраа цэвэрлэхэд 4-5 портер хог гардаг” гэсэн юм.
“Мал чинь байгалиасаа усаа ууж, ундаалаад сурчихсан амьтан”
2005-2006 оноос хойш нарийн судалгаа хийлгүй явсаар 2015 оноос нуурын усны чанарт өөрчлөлт гарснаас эхлээд судалгаанууд хийж эхэлжээ. Үүний хүрээнд Тайвань-Монголын хамтарсан ШУТИС, МУИС, Тайванийн үндэсний их сургуулийн төслийн баг, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран Өгий нуур, Тэрхийн цагаан нуур, Хөвсгөл нуурт усны чанарын судалгаа хийж 2021 онд дууссан байна.
Харин 2022 онд Орхоны хөндий, Өгий нуурын сав газрын усны болон усан орчны экосистемийн урт хугацааны цогц судалгааны үр дүнг нэгтгэсэн ном гаргажээ. Судалгаанаас харахад нуурын усанд их хэмжээний бактери илэрч, бохирдолтой гэсэн судалгаа гарчээ. Мөн нуурын сав дотогшоо хумиад олон жил усгүй байсан эрэг хүн, малын хөлөөр талхлагдаж, хог хаягдал хаягдан, эргийн угаагдлаас үүдэлтэй бохирдол үүсэж буй нь нуурын ус бохирдлын нэг шалтгаан болжээ. Ер нь өнгөрсөн хугацаанд хийсэн бүхий л судалгааны явцад Өгий нуурын ус гүн цэвэр гэж гарч байгаагүй аж. Мөн 2017-2021 онд Биологийн хүрээлэнгийн загас судлалын секторын судалгаагаар нуурын усанд гүний хэмжилт хийж хамгийн гүндээ 20 метр гэж тогтоосон байна. Сайхан мэдээ нь Өгий нуурын усны түвшин 2012 оноос баг багаар нэмэгдэж, одоогоор 2000 оны түвшиндээ хүрчээ. Мөн 2023 оноос нуурын урсац гадагшаа гаралттай болж эхэлсэн байна.

Судалгаагаар нуурын бохирдолд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл илэрчээ. Тодруулбал, Уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа зэрэгцэн оршиж нуурын эко системийг доройтуулж, бохирдуулж байна гэж үзсэн байна. Нуурын эрэг хөвөөгөөрөө байгалийн бартаагүй тул явган хүн болон машинаар нуурын эрэгт шууд тулж очих боломжтой байдаг. Энэ нь нуурын усыг бохирдуулж, эргийн шугам хумигдахад нөлөөлж байна. Цаашилбал, малын болон хүний гаралтай хог хаягдал нуурын бохирдолд нөлөөлдөг аж. Одоогийн байдлаар Өгий нуурын орчимд 65-70 айл өрх, 30 гаруй мянган толгой мал маллаж байна. Өгийнуур сумын залуу малчин О.Энхтайвангийн хувьд “ Өгий нуурыг зорин ирэх аялагчид гэр амралтаас илүүтэй өөрсдийн майхантай ирж амрах нь элбэг байдаг. Ингэхдээ ил задгай бие засах, хог хаях асуудал их байна. Энд нийтийн бие засах газар ховор. Тиймээс нийтийн боловсон бие засах газрын асуудлыг шийдээд, амрагчид өөрсдөө соёлтой байвал нуур орчмын бохирдол буурах болов уу. Гурав, дөрвөн жилийн өмнө төслийн хүрээнд бүтээн байгуулалт хийж эхэлсэн боловч дуусахаасаа өмнө нурж эхэлж байна. Нуурын бохирдолд мал нөлөөлж байна гэдэг үндэслэлгүй зүйл. Тэнд мал үхэж үрэгдээд, сэг зэм байгаад байгаа зүйл алга. Мал чинь байгалиасаа усаа ууж, ундаалаад сурчихсан амьтан. Анх үүссэн цагаасаа шүтэлцээ холбоотой байж, байгальдаа бордоо болж ирсэн тул мал байгалиа бохирдуулна гэж байхгүй” гэлээ.
Загасчдын тавьсан загасны торонд олон тооны загас, шувууд орж ороолцолдон энддэг байна
Түүнчлэн Өгий нуур нь агнуурын загасны зүйлүүдээр баялаг төдийгүй Улаанбаатар хотоос холгүй зайтай тул жилийн турш иргэд нуурт загасчлахаар очдог. Энэ үед тэдний тавьсан торонд олон тооны загас , шувууд орж ороолцолдон энддэг байна. Өгий нуурт 2005 оны зургаадугаар сард хийсэн судалгаагаар 14 зүйл , 2006 онд зургаадугаар сард хийсэн судалгаагаар 13 зүйл загас байна хэмээн судалгаа гарчээ. Харин 2011, 2012 оны зургаадугаар сард явуулсан судалгаанд таван зүйл загас бүртгэгдсэн байна. Эндээс харахад загасны зүйлийн бүрэлдэхүүн 5-6 жилийн хугацаанд 8-9 зүйлээр багасжээ.
Өгий нуурт өвлийн аялал жуулчлал хөгжиж буй. 2024 онд мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байсан.
Орон нутгийн зүгээс загас барих эрхийн бичиг олгодог байна. Ингэснээр 1-3 хоногийн хугацаатай 10 ширхэг загас барих эрхтэй байдаг аж. Гэвч загасчдын хувьд нуурын мөсөн дээр шээх, зарим нь саванд шээгээд саваа үлдээх, тамхины ишээ орхиж явах зэрэг нуурын бохирдолд нөлөөлөх үйлдлийг гаргадаг байна.
Жилд нуурын эргэн тойрноос 250-300 тн хог гардаг
Жил бүрийн VII-VIII сарын нэгэн хүртэл Өгий нуур орчимд дотоодын аялагчдын оргил үе байдаг аж. Жилдээ ойролцоогоор 30 мянган аялагч Өгий нуурыг зорин очдог байна. Гэвч аялагчдын хувьд зарим нь нуурын эрэгт хэрэглэсэн нойтон салфетик, ариун цэврийн цаас зэрэг хог хаягдлаа орхидог, үс, биеэ савандаж нуурын усанд угаадаг, ил бие засдаг зэрэг үйлдэл гаргадаг аж. Жилд нуурын эргэн тойрноос 250-300 тн хог гардаг байна. Наадмын өдрүүдэд бол хог хаягдал маш их хэмжээгээр нэмэгддэг гэнэ. Эдгээр хүний буруутай үйлдлээс үүссэн хаягдал нь нуурын усыг бохирдуулж буй гол шалтгааны нэг болдог аж.
Өнгөрсөн хугацаанд нуурын гүн дэх бохирдлыг нэг ч удаа цэвэрлэж байгаагүй аж. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ЕТГ-аас энэ онд Өгий нуурын ёроолд дахь хог хаягдлыг цэвэрлэхээр төлөвлөжээ.
Өгий нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулахад тусгасан дөрвөн тэрбум төгрөг “салхинд хийсжээ”


Өгий нуурын бохирдол ширгэлтийн асуудал олон жил яригдаж буй. Өнгөрсөн хугацаанд санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд тэгвэл хэр үр дүнтэй байв. 2019-2020 оны улсын төсөвт Өгий нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төсөлд дөрвөн тэрбум төгрөг зарцуулсан байна. Уг төслийн хүрээнд нуурын усны түвшнийг нэмэгдүүлэхийн тулд залуу Орхон голоос Хөгшин гол руу 8.9 км газар суваг шуудуу татаж тухайн гол дээр тохируулга хийхээр төлөвлөжээ. Мөн нуур орчимд хамгаалалтын хашаа барих, хамгаалалтын хашаанаас дотогш машинаа оруулахгүй байх ажлыг тусгаж. Түүнчлэн аялагчдад тулгамддаг гол асуудал болох ариун цэврийн байгууламжийг шийдэхийн тулд Өгий нуурын орчимд хүн ихээр төвлөрдөг хоёр цэгт отоглох цэг байгуулахаар төлөвлөсөн байна. Залуу Орхон голоос Хөгшин гол руу 8.9 км газар суваг шуудуу татах газрыг ухсан боловч гол дээр тохируулга хийгдээгүй. Нуурын эрэг дагуух шон газартаа бүрэн суугаагүй тул хүмүүс авч хаяад машинтайгаа явдаг. Бие засах газар, дүүш бүхий байр нь ашиглалтад орохоосоо өмнө дээвэр нь хуулран, хаалга үүд нь эвдэрчихсэн байдалтай улсын төсвийн гарсан дөрвөн тэрбум төгрөг Өгий нуурын эрэгт ийм л дүр дүр зурагтай байна. Ажил дуусаагүй гол шалтгаан нь цар тахалтай давхацсан учир гацаж, мөн үүний дараа бараа материалын үнэ нэмэгдэж төсөв хүрээгүй гэнэ. Хэрэв энэ бүхэн хэрэгжээд эхэлсэн бол Өгий нуураа бохирдлоос хамгаалах жишиг ажил болох байсан гэдгийг нутгийн иргэд ч хэлж байлаа.
“Аялал жуулчлалын бүсийг хадгалж, малын бэлчээрийг холдуулмаар санагддаг”
Өгий нуурын эрэг дээр 2001 оноос жуулчны баазууд үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Одоогоор таван жуулчны бааз, нутгийн иргэдийн 40 гаруй эко гэр үйл ажиллагаа явуулж байна. Анхны “Өгий” жуулчны баазын захирал Р.Энхбаярын хувьд бизнесээ эрхлээд 20 гаруй жил болж байгаа гэлээ. Тэрээр “Манайхыг энд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойш байтугай түүхэндээ нуурыг цэвэрлэж байсан удаагүй. Өөрөөр хэлбэл, Өгий нуур бохирдол маш ихтэй. Тор, дэгээ гээд янз бүрийн зүйлээр загас барих гэж байгаад алдах, бог бод мал хөл алдан живэх, завь тэр тусмаа завины сэлүүр нуурын ёроолд ихээр байгаа. Үүгээр зогсохгүй нэг хэсэг их замагшиж, жил ирэх тусам нэмэгдсээр байсан. Харин сүүлийн үед тогтоод байна.

Нуурыг бохирдуулдаг гурван хүчин зүйл байна. Үүний хамгийн нөлөөтэй нь мал. Ингэхээр нутгийнхан гаднаас ирж нууран дээр бизнес явуулж байж биднийг ад үзлээ. Хэдэн зуун жил энэ нуураасаа ус уугаад болоод ирсэн юм гэдэг. Гэхдээ хонь, ямаа суурь сууриараа нуур луу орж, унгас ноосоо хаядаг. Адуу, үхэр сүргээрээ явж ороод ялаархаад зогсчихдог. Угтаа малчид нуураас зайдуу улсаас гаргаж өгч буй худагт малаа услах нь зөв. Мөн хар галуу байна. Манай нуурт 2-3 сүрэг хар галуу байхад тохиромжтой гэж мэргэжлийн судлаачид үздэг. Үүнээс хэтэрвэл экологийн тэнцвэрт байдал алдагдана. Хар галуу их ховдог амьтан. Өдөрт бараг хоёр кг загасаар хооллоод түүнийгээ шингээж чадахгүй бөөлжөөд гаргачихдаг.
Гуравт мэдээж хүний үйл ажиллагаа. Өгий нуурыг нутгийнхан эм савдагтай гэж үздэг тул хувцас хэрэглэлээ угаах нь байтугай ордоггүй. Харин мэдэхгүй аялагчид их ордог. Наадмын үеэр хэдэн машин хог гарна. Дийлдэхгүй. Жуулчны баазууд боловсон нойлтой. Түүнийгээ соруулж, сумаас заасан цэгт хаядаг. Харин гэр амралтууд хүрэлцээгүй нүхэн жорлонгийн асуудалтай байсаар байна” гэсэн юм.
Харин “Өгий далай” жуулчны баазын захирал Ц.Долгорсүрэн “Манайх 18 жил нуурын эрэг дээрээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд харж байхад аялагчид хогоо ил задгай их хаядаг. Өвлийн цагт мөсөө цоолж, загас барьж байгаа нэрийдлээр мөсөө их бохирдуулдаг. Тиймээс үүнийг хамгаалах эзэнтэй байлгаж, мод зүлэг сайн тарих хэрэгтэй болов уу. Бас мал аж ахуйтай хүмүүс ойрхон байдаг болохоор нуурын усыг бензин шатахуунаас гадна мал их бохирдуулж байна. Тиймээс аялал жуулчлалын бүсийг хадгалж, малын бэлчээрийг холдуулмаар санагддаг.

Нэлээн хэдэн жилийн өмнө гэхэд олны танил залуусыг УИХ-ын гишүүд нь авчраад нуурын хажуугаар мод тарьсан. Гэвч хараа хяналт, арчилгаа байхгүй болохоор ургаагүй. Энэ мэт хийсэн юмаа үр бүтээлтэйгээр цааш үргэлжлүүлж чадахгүй байна” гэдгийг хэлж байв.
Өгий нуурын уугуул, суугуул иргэд хэн нуурыг бохирдуулж буйгаар зөрчилдөж, эх орондоо элэггүй аялагчид нь хэнэггүй гэгч нь хогоо хаясаар, энэ бүх асуудлыг шийдэх нэрийдэлтэй улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөг нь салхинд намирсан байдалтай байна. Эх дэлхийгээ хайрлаж, хамгаалах нь хүн бүрийн үүрэг. Тиймээс Монгол орныхоо төв хэсэгт байрладаг үзэсгэлэнт Өгий нуураа цэнгэг уст нуураар нь авч үлдэхийн тулд бид аялж зугаалахдаа хогоо хаяхгүй байх зэрэг энгийн зүйлээс эхлэн хандлагаа өөрчилж, байгаль дэлхийгээ хайрлая. Нөгөөтэйгүүр, Өгий нуураа гүнээс нь цэвэрлэх цаг иржээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 113 (7610)