Р.Оюун
“Цогц хөгжлийн үндэсний төв”-өөс “Мэдэх эрхтэй-2” аян зарлан парламентын ил тод байдлыг сайжруулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлсэн талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын даргад хүргүүлсэн 15 шаардлагыг биелүүлснээр Монгол Улсад парламентын нээлттэй байдлыг мэдэгдэхүйц сайжруулж, иргэдийн оролцоог хангах боломжтой болно. Парламент бол төлөөлөх үүргээрээ дамжуулан төрийн эрх барих дээд байгууллага. Парламент нь хаалттай улс оронд авлига, хээл хахууль, шударга бус байдал газар авч иргэдийн төрдөө итгэх итгэл доод цэгтээ хүрсэн.
Чуулган, байнгын хорооны хуралдааныг олон нийтэд шууд дамжуулан үзүүлж байна. Мөн чуулганы ирцийн мэдээллийг шууд дамжуулдаг болсон. Гэвч ил тод, нээлттэй байдал гэдэг нь харагдах байдал биш. Парламент ил тод боллоо хэмээн пиар хийдэг гоёл чимэглэл биш. Харин иргэдийн оролцоо болон парламентын үйл ажиллагааг хооронд нь нягт холбосон гүүр болж ажиллах ёстой. Тухайлбал, парламентын үйл ажиллагааны бүх үйл явц нь иргэдэд нээлттэй, мэдээллийг хүлээж авахад хялбар, ойлгомжтой байх нь чухал. Мэдээлэлтэй болсон иргэн хуулийн төсөлд санал хүсэлтээ илэрхийлж, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох, эргээд хяналт тавих суурь боломжийг нь бүрдүүлж өгсний дараа л парламентын ил тод байдлын тухай ярих боломжтой болно.
Гэтэл манай парламент шилэн, нээлттэй, цахим гэсэн сүртэй нэртэй хөтөлбөр, төлөвлөгөө хэрэгжүүлдэг ч бодит байдал дээр иргэдийн оролцоог хязгаарласан, нүд хуурсан, дүр эсгэсэн ажлууд хийж байгаа тул “Цогц хөгжлийн үндэсний төв”-өөс УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байна. Нэгдсэн чуулганы хуралдааны тэмдэглэл парламентын цахим хуудаст цагтаа ордоггүй. Өнгөрсөн хаврын чуулганы нэгдсэн хуралдааны зарим тэмдэглэл өнөөдрийг хүртэл ороогүй байна. УИХ-аас d.parliament.mn цахимаар дамжуулан иргэдээс хуулийн төсөлд санал авдаг. Гэвч тухайн саналыг нь хуульд хэрхэн тусгасан талаар хариуг иргэдэд өгдөггүй.
Үүнээс гадна УИХ аливаа хуулийн төслийн анхны өргөн барьсан хувилбарыг d.parliament.mn-д байршуулдаг ч хэлэлцүүлгийн явцад гарч буй өөрчлөлтийг тухай бүрд нь мэдээлдэггүй. Монголд хуулийн төсөл нь иргэдээсээ нуугдаж тоглодог гэсэн юм.
Эх сурвалж www.zms.mn