П.АМГАЛАН
Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх болон ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамруулах замаар орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд эхний ээлжид БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын “Ногоон нуур” хороолол, мөн Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хэрэгжиж буй “Солонго-1, 2” төслийн 2042 айлын орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.
Тодруулбал, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон залуу гэр бүлүүдийг орон сууцжуулах юм. Мөн гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн долоон байршилд газраа чөлөөлсөн айл өрхүүдийг дээрх ашиглалтад орсон орон сууцанд нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна.
Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд орон сууцыг түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлээр авах хүсэлтэй иргэдийг ирэх сарын 10-наас цахимаар бүртгэхээр бэлтгэл хангаж байгаа бөгөөд бүртгүүлсэн иргэдийг 100 онооны системээр үнэлж, хамгийн өндөр оноо авсан иргэдийг эхний ээлжид шалгаруулах аж.
Эх сурвалж:www.zms.mn