Б.НЯМСҮРЭН

 

Долоогийн бүлэгийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Канадын Альберта мужид эхэллээ.

51 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад АНУ, Их Британи, Канад, Герман, Итали, Франц, Япон улсын удирдагчдаас гадна Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Ли Жэ Мён, Индонезын Ерөнхийлөгч Субианто Прабово нар оролцож байна. Энэ удаагийн чуулган олон улсын худалдаа, дэлхийн аюулгүй байдал, “COVID-19” цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, уур амьсгалын өөрчлөлт, кибер аюулгүй байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

Мөн Орос, Украины асуудлыг хэлэлцэх бололтой, Канадын зүгээс Украины ерөнхийлөгч В.Зеленскийг мөн урьжээ.

 

Ойрхи Дорнодын асуудалд нэгдмэл байр суурьтай байна гэв

 

Ойрхи Дорнодод байдал хурцдаж байгаа олон улсын нэн ээдрээтэй цаг үед энэ удаагийн дээд хэмжээний уулзалт эхэллээ.

Канадын шинэ ерөнхий сайд Марк Карнигийн хувьд үүрэгт ажлаа эхэлснээс нь хойшхи анхны томоохон гадаадын удирдагчдыг хүлээн авч байгаа нь энэ. Үндсэндээ дээд хэмжээний уулзалтын эхний өдөр “Долоогийн бүлэг”-ийн удирдагчид цаг үеийн гол асуудал болсон Иран, Израилын мөргөлдөөнийг энхийн замаар шийдэх асуудлыг голлон хөндсөн байна. “Долоогийн бүлэг”-ийн зүгээс сөргөлдөөнийг даамжруулахгүй байхад санал нэгджээ.

Израил, Ираны харилцаа хурцадмал байдалд болж харилцан гал нээсэн хэвээр байгаа нь олон улсын анхаарлын төвд байна. Израил Ираны нийслэл Тегераныг дахин бөмбөгдсөн бол Иран Израиль руу баллистик пуужингаар довтлох шинэ давалгаа эхлүүлээд байна. Израилийн Иранд хийсэн халдлагын улмаас 220 гаруй хүн амь үрэгдсэний 70 нь эмэгтэйчүүд, хүүхдүүд юм. Харин Ираны пуужингийн цохилтод 24 хүн амь үрэгдэж, 600 орчим хүн шархаджээ.

Сүүлийн өдрүүдэд эрчийг авсан энэхүү зэвсэгт мөргөлдөөн улам хурцдаж цөмийн аюулыг бий болгох вий гэсэн болгоомжлолыг бий болгож байна. Учир нь Израилын зүгээс Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч эхэлсэн. Тиймээс ч АНУ-ын зүгээс цөмийн байгууламж руу довтолж байгаа Израилын довтолгоог дэмжихгүй хэмээн ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдсэн байна. Тэрээр “Truth” сошиал хуудсаараа дамжуулан хүмүүсийг Тегераныг орхиж явахыг зөвлөжээ.  АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп эхний өдрийн уулзалтад оролцоод төлөвлөсөн хугацаанаас эрт Вашингтоныг зорьсон байна. Харин Францын ерөнхийлөгч Э.Макрон Трампыг Израил болон Ираны мөргөлдөөнийг зогсооход энхийн хэлэлцээрийн санал тавихаар “Долоогийн бүлэг”-ийн чуулганыг эрт орхиж байна хэмээн хэлсэн бол Трамп “Макрон дандаа илүү зүйл ярих юм. Би Иран, Израилын шалтгаанаас болж эрт явах гэсэнгүй. Энхийн хэлэлцээрээс ч илүү том зүйлийн төлөө явж байна” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

 

Трамп хоёр талын уулзалтууд хийв

 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп улс орнуудад харилцан татвар ногдуулах шийдвэрээ дөрөвдүгээр сард мэдэгдсэн. Зарим улс орны хувьд 90 хоног хойшлуулаад байгаа энэ татварын асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч “Долоогийн бүлэг”-ийн чуулганд оролцохдоо зарим удирдагчидтай хоёр талын уулзалтуудыг амжуулжээ. Тухайлбал, зохион байгуулагч Канадын Ерөнхий сайд Марк Карнитэй уулзаж хоёр орны харицлааны асуудлаар нухацтай ярьсан байна.

Канадын Ерөнхий сайд Марк Карни АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр улсын хооронд эдийн засаг, аюулгүй байдлын шинэ хэлэлцээрийг 30 хоногийн дотор байгуулах чиглэлд ажиллах асуудлаар тохиролцоонд хүрсэн тухайгаа даваа гарагт мэдэгдсэн.

Д.Трампын татварын эсрэг тэмцэнэ гэсэн амлалт өгч сонгуульд ялсан М.Карни АНУ-тай эдийн засаг, аюулгүй байдлын шинэ харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаа ажээ.

Мөн АНУ-ын ерөнхийлөгч  Их Британийн Ерөнхий сайд Кир Стармертай худалдааны томоохон хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Ингэснээр Трампын тарифын дагуу өмнө нь автомашины импортын татвар 25 хувь ногдуулж байсныг бууруулж, 10 хувийн татвартайгаар 100 мянган автомашиныг АНУ-д оруулах хэлэлцээг амжилттай хийжээ. Мөн Трамп Японы Ерөнхий сайд Шигэрү Ишибатай уулзсан ч хараахан тохиролцоонд хүрч чадаагүй байна. Японы Ерөнхий сайд энэ асуудлаар хэлэлцээг сайд нарын түвшинд дахин хэлэлцэж нягтлах нь зүйтэй байгаа гэж байр сууриа илэрхийлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 113 (7610)