Х.ХАТАН

 

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санаачилгаар “Малчдын зөвлөгөөн-2025” арга хэмжээг зургаадугаар сарын 7-ны өдөр зохион байгуулсан юм. Энэ арга хэмжээний үеэр Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг дарга Ж.Оюунгэрэлтэй ярилцлаа.

 

-Хужирт сумын “Малчдын зөвлөгөөн-2025”-д танхим дүүрэн малчид цуглаад асуудлаа ярьж, гарц гаргалгаа эрж байна. Энэ зөвлөгөөний зорилго юу байв?

-Бид 2025 онд сумынхаа малчдын зөвлөгөөнийг зохион байгуулахаар ЗДТГ шийдвэрлээд 400 урилга тараасан. Харин 450 гаруй малчин цуглаад байна. Зөвлөгөөнөөр малчдадаа үнэн бодит мэдээлэл хүргэх, тэдний мэдэх ёстой хууль эрх зүйн болон төр засгийн бодлого шийдвэрийг таниулах, санал бодлыг нь  сонсох, цаашдаа асуудлаа шийдвэрлэхийн төлөө баг болж ажиллах талаар шийдэл гаргах юм. Мөн төрийн албан хаагчид мэдээлэл өгөхийн зэрэгцээ сумандаа ажиллаж амьдарч байгаа улсын аварга малчид маань сайн туршлагаасаа хуваалцана. Мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа энэ хүмүүс маань малаа маллахаас гадна өөрөөр яаж өрхийн орлогоо нэмэгдүүлж болох вэ гэдэг сайн туршлагуудыг танилцуулах зорилготой. Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр гар урлал эрхэлж буй үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнг гаргаж байна. 

Мөн “Бор Аварга” сантай хамтраад Монгол Улсын 20 дахь аварга С.Мөнхбатыг урьж “Сайн аав байх нь” гэсэн хүний хөгжилд чиглэсэн лекц, Боловсролын сайдын эрүүл мэнд хариуцсан зөвлөх О.Цэцэгбал маань “Эрүүл аж төрөхийн үндэс” лекц уншлаа.

Эдгээр лекц нь малчдын сэтгэлд нийцсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо. Сумынхаа нийт иргэдийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.

-Танай суманд өвөлжилт ямар байсан бэ. Малчид орон нутгийн удирдлагууддаа ямар асуудал тавьдаг вэ?

-Манай суманд харьцангуй өнтэй сайхан өвөл болсон. Харин хавартаа нэлээн зүтгүүллээ. Гэхдээ өмнөх жилүүдийг бодвол өвөл, хаврыг харьцангуй өнтэй сайхан давлаа.

Малчдын маань өмнө тулгамдаад байгаа асуудал гэвэл малын гаралтай түүхий эд үнэд хүрэхгүй байна, худалдаж авдаг болооч, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлтийг их тавьдаг. Мэдээж ченжийн гар дамжуулалгүй мах, сүүг нь зах зээлийн үнэлгээгээр худалдан борлуулдаг байх  нөхцөл боломжийг төрөөс дэмжих хэрэгтэй байна.

Хөдөө орон нутагт залуу малчдын залгамж халаа харьцангуй багасаж байна. Энэ бол ганцхан манай суманд төдийгүй улс орны хэмжээнд тулгамдсан асуудал боллоо. Тиймээс залуу малчдынхаа залгамж халааг бэлдэх тал дээр онцгойлон анхаарах шаардлагатайг, энэ чиглэлд ач холбогдол өгч дээд шатны хүмүүст уламжилж өгөх санал их тавьдаг.

-Хужирт сумын тухайд онцлогтой. Олон рашаан сувилалтай, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. хоттой ойрхон, засмал замтай, байгаль цаг уурын хувьд ч тариалан эрхлэх боломжтой гээд олон давуу талтай. Орон нутгийн энэ онцлог байдлыг чиглэсэн ямар ажлууд хийж байна?

-Манай сум халуун рашаан шавраараа алдартай, аялал жуулчлалын бүс нутаг. Нэг талдаа аялал жуулчлал, рашаан сувилал чиглэлээр хөгжиж байна. Халуун рашаан зорин ирж буй амрагчдын хөл тасардаггүй. Тиймээс рашаан сувиллуудаа түшиглэн амрагчид, аялагчдад зориулан малчдын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Нөгөө талдаа яалт ч үгүй мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт анхаарах ёстой. Сүүлийн жилүүдэд манай суманд байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор иргэд маань ногоон тэжээлээ тариалах зэргээр газар тариалан эрхлэх нь нэмэгдэж байна.

Аялал жуулчлалын бүс нутаг учраас зундаа Улаанбаатараас болон бусад аймаг сумдаас мөн гадаадаас аялагчдыг хүлээн авч адал явдалд суурилсан аялал жуулчлалын чиглэлээр орлогоо нэмэгдүүлэх боломж малчдад байна.

-Хужирт сум өөрсдийн онцлог брэнд бүтээгдэхүүнүүдтэй. Брэндээ хөгжүүлэх дээр ямар бодлого барьж байна?

-Өвөрхангай аймагтаа төдийгүй Монгол орон даяар брэнд болсон “Хужирт” цэвэр усны үйлдвэр манай суманд үйл ажиллагаа явуулдаг. Мөн “Сүүн цагаан” нэртэй сүүн чихрийн үйлдвэртэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд аль хэдийн ард иргэддээ танигдаад, өөрсдийн гэсэн хэрэглэгчидтэй болжээ.

Харин эсгий урлал, суран эдлэл, модны урыг ашиглаж бүтээгдэхүүн хийж буй урчууддаа анхаарч байна. Малчдаа аль болох дэмжээд брэнд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх тал дээр иргэдтэйгээ хамтарч ажиллахыг зорьж байна

-Залуу малчдыг дэмжих, тэдний амьдралын чанарыг сайжруулах асуудал орхигдоод байгааг ярьдаг. Танай сумын тухайд энэ асуудалд ямар бодлого барьж байна вэ?

-Залуу малчдад тулгамдаж буй асуудал бол хань ижилтэй болох. Ганц бие малчин залуус олон байна. Эдгээр залуусаа яаж гэр бүлтэй болгох вэ, яаж тогтвор суурьшилтай малчнаар ажиллуулах вэ гэдэг дээр зайлшгүй анхаарч байна. Энэ чиглэлээр уулзалт сургалтууд хийнэ гэж төлөвлөсөн байгаа.

-Төр засгийн явуулж буй бодлого шийдвэрийн хэрэгжилт ялангуяа малчид руу чиглэсэн арга хэмжээнүүд нэлээд байна. Тухайлбал, хоршоо байгуулах ажлыг малчид хэрхэн хүлээж авч байна?

-Төр засгаас малчдадаа чиглэсэн олон арга хэмжээг авч байгаад малчид сайшаалтай байгаа. Гэвч зарим зүйл хөрсөн дээр бууж өгөхгүй байна. Жишээ нь,  малчдын хамгийн хүлээлттэй байгаа малчдын тэтгэврийн нөхөн тооцолтын тухай асуудал.

Монгол Улсын хэмжээнд хоршоог дэмжиж байгаа, малчид маань ч нийлээд хоршоо байгуулж байна. Гэхдээ яг утгаар нь хоршиж хөдөлмөр эрхлэх гэхээсээ илүү хоршооны бага хувийн хүүтэй зээлээр амьдрал ахуйн асуудлаа шийдээд байна. Гэхдээ бас бага ч болов ахиц дэвшил гарч байгаа нь бий. Манай суманд үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодоос тодорхой хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээлд борлуулаад, өргөжүүлэх гээд хичээж байгаа малчид байна.

-Аварга малчдаасаа сайн туршлага судална гэж байсан. Танай сум хэдээн аварга малчинтай вэ?

-Манай суманд Монгол Улсын аварга долоон малчин амьдардаг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хоньчин Гончиг гэж бахархалт хүн бий. Ийм ажилч хөдөлмөрч малчдын залгамж халаа болж яваа улс, аймаг, сумын аварга малчид, тариаланчид олонтой. Бид гаднаас хүн авчраад туршлага судлуулна гэхээсээ илүү нэг суманд хамт амьдарч үлгэр дуурайлал болж яваа аварга малчдаасаа туршлага судлах нь илүү өгөөжтэй гэж үзсэн. Малчид маань сум орон нутгийнхаа цаг уурын онцлогийг анхаарч мал аж ахуйгаа хөгжүүлэх туршлагаа бусдадаа хуваалцаж байна.

-Одоо үед мал маллаад сайхан амьдрах боломж бий юу. Малчдын амьдрал ахуй ямар түвшинд байна вэ?

-Нутаг орондоо малаа маллаад сайхан амьдрах боломж бүрэн байна. Малчдыгаа харж байхад ер нь хэн илүү хөдөлмөрлөж байна, тэр хүн сайхан амьдарч байна. Хариулж байгаа мал сүргийнхээ зөв бүтцийг авч явж байгаа, малаа эргэлтэд оруулж байгаа малчид харьцангуй боломжтой байна. Гэхдээ малчдад түүхий эд бүтээгдэхүүнийг нь тодорхой хэмжээнд үнэтэй болгож өгөх, мах, сүү сүүн, бүтээгдэхүүнээ гадагш нь борлуулах, үнэ хүргэх тал дээр төр засгийн бодлого хэрэгтэй байна.

Мэдээж хувь хүний хөгжил, боловсролд илүү сайн анхаарах ёстой. 

-Байгаль, экологийн тухайд танай сумын нутаг ямар байдалтай байна вэ. Мал өсөж үржихийн хэрээр бэлчээрийн даац муудна?

-Цаг уурын өөрчлөлтөөс үүдэн манай суманд бэлчээрийн даац байх ёстой түвшнээсээ гурав дахин хэтэрсэн. Тийм учраас малчид маань тооноос илүү чанарт шилжиж, малаа эргэлтэд оруулах, малынхаа бүтээгдэхүүнээр яаж нэмүү өртөг шингээж бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орлогоо өсгөх вэ гэдэг дээр анхаарахгүй бол болохгүй нь. Малчид өвлийг давах бэлтгэлээ хийж чаддаг болсон. Өвс тэжээлийн нөөц боломж, цаг агаарын байдлаа тооцоолж малаа зоригтой борлуулж сурч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 112 (7609)